Categories
мэдээ цаг-үе

Лхагвын Отгонцэцэг: Найрал дууны “Ундарга” хамтлагийнхан маань Улаан-Үдээс гранпри хүртэж ирсэн

“Нийслэлийн багш-бидний бахархал” хүндэтгэл ёслолын ажиллагаа өчигдөр Монголын хүүхдийн ордонд болж нийслэлийн боловсролын салбарын түүчээ манлайлал болсон 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч оролцож, “Багшийн эрхэмлэх зүйл”-тэй болсноо зарлан төрийн алтан соёмбот далбаандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр нийслэлийн боловсролын шилдэг ажилтан цол, тэмдгийн эзнээр тодорсон Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хөгжмийн багш Лхагвын Отгонцэцэгтэй уулзаж ярилцлаа.


-Та хөгжмийн багшийн мэргэжил хаана суралцаж эзэмшив?

-Би 1992 онд Багшийн сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Боловсролын салбарт ажиллаад арван зургаан жилийн нүүр үзэж байна. БСШУСЯ-ны лаборатори сургууль “Эрдмийн өргөө” цогцолборт хөгжмийн багшаар тав дахь жилдээ ажиллаж байгаа. Манай сургууль чинь аравдугаар хорооллын 43, 56 дугаар сургуулиас бүрдсэн цогцолбор шүү дээ.

-Хөгжмийн ангид хэн хэнтэй хамт суралцаж байв?

-Продюсер Н.Халиун, Арзаак хэмээх С.Төрбат, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Байзада, Батболд нарын Монголын хөгжмийн урлагийн нэгэн үеийн төлөөлөлтэй хамт суралцаж төгссөндөө баяртай байдаг. Манай доод ангид урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч П.Ганбат, ая зохиогч, дуучин Норовын Баасандорж нар суралцаж байсан.

-Дунд сургуульд дуу-хөгжмийн хичээлийг хэддүгээр ангийнханд зааж байна?

-Хөгжмийн боловсролын хичээлийг нэгээс есдүгээр ангид ордог болсон. Миний хувьд зургаагаас есдүгээр ангийнханд хичээл зааж байгаа. Бага ангийнханд долоо хоногт хоёр цаг, дунд ангийнханд нэг цаг ордог.

-Арваад жил багшлахдаа олон сайхан шавиа урлагийн харгуйд замчилсан биз?

-Би нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд байдаг Төмөрбаатар захиралтай 36 дугаар сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Бүжигчин шавь нар олон байгаа. Тэр сургуулийг “Guys 666” хамтлагийн гишүүн Төгсөө маань төгссөн. Анх эстрадын бяцхан дуулаачдын уралдаанд оролцоод явж байсан жаахан хүү одоо Монголын рок, попын ертөнцөд од болоод гялалзаж явна.

-Багшлах хугацаандаа хэд орчим хүүхдэд дуу хөгжмийн боловсрол олгосон байх юм?

-Ангиар нь тоолбол олон анги бий. Манай “Эрдмийн өргөө” чинь цогцолбор сургууль болохоор одоо би 976 хүүхдэд хичээл зааж байна. Манай сургуулийн онцлог гэвэл найрал дууны дугуйлан хичээллүүлдэг. Найрал дууны сурагчид маань сүүлийн таван жилд олон сайхан амжилтын эзэд болсон. Найрал дуугаараа дүүргийн дөрвөн удаагийн аварга, Улаанбаатар хотын найрал дууны уралдааны тусгай, нэг, хоёр, гуравдугаар байрын шагналыг жил дараалан авлаа. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Поющее детство” олон улсын найрал дууны уралдаанд энэ оны дөрөвдүгээр сард очин оролцож гран при шагналыг авчирсан. Энэ амжилт бол Байгальмаа захиралтай “Эрдмийн өргөө” сургуулийнхны чин сэтгэл, зүтгэлийн ач юм даа. Хичээл зүтгэлийг минь үнэлж анхны “Нийслэлийн боловсролын шилдэг ажилтан” шагналаар шагнасанд баярлаж байна.

-Та ингэхэд яг ямар хөгжмөөр дагнан суралцсан хүн билээ?

-Биднийг суралцаж байх үед хөгжмийн багш хүн юу чадах ёстой байдаг юм, тэр бүх хичээлийг заадаг байлаа. Бүжиг, бүх хөгжмийг заалгасан. Ямар ч үед аль ч хөгжмийг тоглох чадвартай багш нар байх ёстой гэсэн бодлого ч байсан байх. Хөгжмийн удирдаач, найрал дуу, бүжиг, төгөлдөр хуур, баян хуур, ардын хөгжим гээд бүгдийг бидэнд заасан. Агуу их багш нарынхаа зааж сургасны хүчинд л бид өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч явна даа.

-Та багш нарынхаа тухай яриач?

-Миний дунд сургуулийн багш бол Архангай аймгийн Цэнхэр сумын дуу хөгжмийн багш Д.Дашцэдэн маань байна. Анги удирдсан энэ багш маань бидэнд маш их өгөөжөө өгсөн. Багшийн сургуульд элсэн ороход ангийн багш Баярсайхан биднийг хүлээж авсан. Монголын урлагийн алтан үеийн од гэмээр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сангидорж, дуучин Галхүү, Бүдхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбабаяр, хөгжмийн зохиолч Мөнхбат, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг нараар хичээл заалгасан бид яагаад ч муу байхын аргагүй шавь нар нь юм. Тиймээс бид энэ сайхан багш нараа үеийн үед шүтэн биширч явна.

-Та өөрийн гэсэн бүтээлтэй юу?

-Яг тухайлсан бүтээлгүй ч найрал дууны олон хөг аялгууг түмний хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлчих юмсан гэж зааж сурган хичээн ажиллаж байна.

-Манай боловсролын салбар бол их савлагаатай бодлоготой болчихсон нь нууц биш. Хөгжмийн боловсролын хичээлд энэ аль хэр нөлөөлж байна?

-Ерөнхийдөө бодлого өөрчлөгдөж л байдаг. Орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахын тулд сургалтын чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг зүйл их өгөөжөө өгч байгаа. Урьд нь урлагийн үзлэг боллоо гэхэд ганцхан хүүхэд л дуулж, бүжиглэн, хөгжимддөг байсан бол одоо хүүхэд нэг бүрийн оролцоог чухалчлах болсон. Манай сургууль “Багш аа, надад авьяас бий” уралдааныг гурван жил дараалан зохион байгуулсан. Бүх сурагч энэ тэмцээнд оролцдог. Ноднин жил “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 3754 хүүхдийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ийм тоглолт хийсэн дээ.

-Өнгөрөгч зууны наяад оны сурагчид урлагийн үзлэг болохоор “Дуулуулчих вий, тайзан дээр дуудаад гаргачих вий” гэж их эмээцгээдэг байлаа. Одооны хүүхдүүдийн хандлага ямаршуухан байна?

-Тэр үеийн сурагчид, одооны хүүхдүүд хоёрын хандлага их ялгаатай. Өнөөгийн хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх талаар маш их хөгжсөн. Тайзан дээр гарч биеэ авч явж сурсан байна. Бидний үед хэчнээн зөв зүйтэй зүйл байсан ч багшаас айдаг байсан бол одоо “Багш аа, энэ чинь ийм, тэр чинь тийм” гэж хэлэх чадвартай болсон.

-Таны шавь нар дотор найрал дуунаас гадна ямар авьяастнууд байгаа бол?

-Манай сургуулийг энэ хавар төгссөн Мэндсайхан гэж мундаг хүү байгаа. “Чонын алтан шагай” уран сайхны кинонд тоглосон. Энэ хүү сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан хөдөө сурч, аж төрж байлаа. Мэндсайхан миний удирддаг найрал дууны дугуйланд долоон жил сурсан. Наранцогтын Мөнхшүр гэдэг охин гэхэд “UBS” телевизээс зохион байгуулдаг “Universе best songs” тэмцээний шилдэг арван зургаан оролцогчийн нэг болсон. Манай сургуулийн “Гоо үжин” бүжгийн клубт долоон жил хичээллэсэн хүү бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд одоо явах гээд бэлтгэлээ базааж байна. Дэлгэрнасан багшийн удирдлаганд морин хуурын наян хүүхдийн чуулга хичээллэж байна. Дэлгэрнасан багшийг Завхан аймгаас олон морин хуурч хүүхэд төрүүлсэн мундаг хүн гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Манай сургуулийн морин хуурын хүүхдийн чуулгынхан гурав дахь жилдээ хичээллэж байгаа гэхэд маш гайхамшигтай тоглолт хийж байсан.

Таны хүүхдүүд урлагийн авьяастай юу?

-Ууган хүү Чулуунтулга маань ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Бага хүү Мөнхтулга маань арванхоёрдугаар ангийн сурагч. “Загасчны морь усгүй” гэдэг шиг хоёр хүүгээ урлагийн ямар нэгэн төрөлд ойртуулж чадаагүй. Түмний хүүхдийг болохоор загнаад л сургадаг байтлаа өөрийнхөө хүүхдүүдийг “Хариад хичээлээ давт” гэсээр байгаад хүүхдүүддээ урлагийн боловсрол олгож чадаагүй хүн шүү (инээв. сур)

-Архангайн Цэнхэр сумаас урлагийн одод олон төрсөн үү?

-Цэнхэр сум маань маш сайхан байгальтай нутаг. Төрийн тахилгат Суварга хайрхан байдаг. Арын сайхан хангай нутгийг бөхчүүдийн өлгий нутаг гэж Монгол даяараа мэднэ. Манай сумаас харин ардын жүжигчин Самбуу гуай төрөн гарсан. Эгч нь Дэнсмаа гэж мундаг хөгжмийн зохиолч байдаг. Эднийхэн удмаараа урлагийн гайхамшигтай хүмүүс. Манай аав, ээжтэй бараг л хамаатан садан шахуу тийм ойр нэг нутгийнхан.

-Таны аав, ээж юу хийдэг хүмүүс байв?

-Миний аавыг “Доголон” Лхагва гэхээр нутгийнхан андахгүй байх. Хөл нь тааруухан байсан ч цээж их бяртай хүн байсан. Ямар ч бүдүүн эмнэг адууг чихдэж аваад толгойг нь газарт хүртэл дардаг эрэмгий хүн байсан гэж хөгшчүүл гайхдаг юм билээ.

-Ингэхэд цалин цуух аль хэр авч байна гээд асуучихвал хэтэвч рүү чинь өнгийчихсөн хэрэг болохгүй байх. Амьдралд хүрэлцэх юм уу?

-Багш нар ямаршуухан цалинтай хүмүүс гэдгийг та мэдэх байлгүй. Таван зуун мянган төгрөгийн л цалинтай улс. Амьдрал ахуйд хүрэлцээтэй юү, үгүй юү гэдэг асуудалтай шүү дээ. Зэргийн нэмэгдэл, илүү цагийн хөлс гээд жаахан юм авна. Багш нарын цалин амьдралд яагаад ч хүрэлцэхгүй. Гэхдээ үнэн сэтгэлээсээ, түмний хүүхдийн төлөө л ажиллаж байна. Сайхан хамт олонтой байна гэдэг л багш нарын хамгийн том шагнал. Хамт олонгүйгээр ажил, амьдралаа яагаад ч төсөөлж чадахгүй шүү дээ. Өнөөдөр би шагнал гардлаа гэхэд цэцэг аваад зогсож байна гэдэг чинь хамт олны маань л сайхан сэтгэлийн илрэл биз дээ. Жаргал, зовлон, уралдаан тэмцээн алив бүхэнд тусалж дэмждэг ийм хамт олонтойдоо баярлаж явдаг. Найрал дууны “Ундарга” хамтлагийн тоглолтыг “Корпорайт”-д хийхэд чин сэтгэлээсээ тусалсан сурагчдынхаа эцэг эхчүүдэд маш их талархсанаа хэлье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *