Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Latte” кофены эрэлт өссөнөөр “Starbucks”-ийн борлуулалт шинжээчдийн таамгийг давав DNN.mn

“Starbucks”-ийн борлуулалт энэ онд 9 хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байна

АНУ-д инфляц өндөр байгаа ч хэрэглэгчдийн дунд “Latte” кофены эрэлт нэмэгдсэнээр “Starbucks” компанийн борлуулалт шинжээчдийн таамгаас давлаа.

Тус компанийн борлуулалт аравдугаар сарын хоёрны өдөр хүртэлх санхүүгийн улиралд өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан 4.1 хувиас давсан үзүүлэлт болжээ. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан ч шинжээчдийн таамаглаж байсанчлан тийм ч тааруу байгаагүй аж. Үүнтэй холбоотойгоор тус компани ирэх 12 сарын төсөөллөө илүү өөдрөг гаргасан гэдгээ мэдэгдээд байна. “Starbucks”-ийн борлуулалт энэ онд есөн хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг мөн мэдээлжээ.

“Starbucks” компанийн нэрийн хуудас болсон “Latte” болон “Frappuccino”-ийн үнэ нэмэгдсэн ч хэрэглэгчдийн дунд эрэлт өндөртэй хэвээр байсан бөгөөд Хойд Америк дахь борлуулалтын орлогынх нь 11 хувийг эдгээр бүтээгдэхүүний захиалгын нэмэгдсэн үнэ бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна тайлант хугацаанд хийгдсэн гүйлгээний тоо бага зэрэг нэмэгдсэн нь кофе шопын хэрэглэгчдийн тоо тогтвортой, харин хэрэглэгчид бүтээгдэхүүнд илүү үнэ төлж байгаа гэдгийг илтгэжээ.

Хэдий тийм боловч “Бид цаашид бүтээдэгдэхүүний үнийг дахин нэмэгдүүлэхгүй” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ховард Шульц мэргэжилтнүүдэд хандан онцоллоо. Мөн үнэ нэмэгдсэн ч байнгын хэрэглэгчид болон захиалгын тоонд ноцтой өөрчлөлт гараагүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ.

Түүнчлэн хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа бөгөөд залуу хэрэглэгчид кофенд зарцуулах нэмэлт орлого харьцангуй өндөртэй байдаг гэдгийг “Starbucks” тодотгосон байна.

Он гарсаар нийтдээ 28 хувиар өсөөд байгаа “Starbucks”-ийн хувьцааны ханш дээрх мэдээллийн дараа 1.3 хувиар өсөж, 85.81 ам.доллар хүрчээ.

Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагааны алдагдал өмнөх жилийн мөн үеэс буурсан байна. Энэ нь баристануудын цалин болон сургалтыг дэмжиж, тэдний ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмжүүдээ сайжруулсантай холбоотой аж.

Эх сурвалж: bloombergtv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *