Өнгөрсөн мягмар гаригт “Лалын улс” алан хядагчдын бүлэглэлийнхэн Сирийн зүүн хойд нутаг, Дейр-эз-Зор хотын сургуульд халдлага үйлджээ. Энэ талаар тус хотын захиргааны албаны эх сурвалжийн мэдээлснийг “РИА Новости” уламжлав. Алан хядагчид минометоор галласны улмаас есөн сурагч амиа алдаж, 15 сурагч гэмтэж бэртсэн байна.
Сирийн Дотоод хэргийн яамны албаны мэдээллээс иш татан САНА-гийн мэдээлснээр халдлага болсон газар Харабеш дэх охидын сургууль аж. Тус улсын засгийн газар энэхүү халдлагыг буруушаасан байна. Сирийн ерөнхий сайд Ваэля аль-Халки хэлэхдээ “Их дээд сургууль, дунд сургуулиуд руу халдаж байгаа ч улс орны ирээдүй хойч үеийн боловсрол олж авахад саад учруулж чадахгүй” гэжээ. Одоо Дейр-эз-Зор хот Засгийн газрын хүчний хяналтад байгаа аж.