Categories
мэдээ нийгэм

Л.Төмөрбаатар: Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийсэн ажлууд үр дүнтэй байна

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр 31 үйл ажиллагааг төлөвлөгөө боловсруулан хийж хэрэгжүүллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг боловсруулан гаргаж, дүүргүүдэд хэрэгжүүлсэн. Сарын аяны хугацаанд жирэмсний хяналт 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. “Иргэдийн санал хүсэлтийг сонсох өдөр”-ийг эрүүл мэндийн байгууллага бүр зохион байгуулж, тусламж, үйлчилгээг сайжруулахад тусган ажиллав. Мөн “Өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр хэрэгжүүллээ. Сонгогдсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар 600 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгснөөс гадна өрхийн эмч нарт ажлын байрны сургалт хийсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авлаа. Түүнчлэн “Хамтдаа суралцъя” хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өрнүүлэх ажлын хүрээнд найман дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч нарыг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх арга барилд сургах” дадлага сургалтад хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн В,С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд гадаад хяналтыг 122 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн. Эхний хагас жилийн байдлаар 58 260 хүн илрүүлэг шинжилгээнд, 21 548 хүн вирусийн идэвхжил тоолох шинжилгээнд ороод байна” гэв. Мөн нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна гэдгээ хэлсэн юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, Сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдэгүүдийг байрлуулах ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, үр дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахын зэрэгцээ “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажиллах, Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх шатандаа хэрэгжүүлж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *