Өнөөдөр Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа “Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгоно. Ер нь эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, эерэг нөхцөл байдал үүснэ” гэв.
Асуулт, хариулт:
-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензины үнийг нэмсэн байна. Үнийн бодлого цаашид ямар байх вэ?
-АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан.Компаниудын татварыг хөнгөлөөд үнийг нэмүүлэхгүй байвал төсвийн халамжийн зардлууд дутагдах магадлалтай.
-УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. Нөөц, хангамж таслалдахгүй.
-Роснефтьтэй хийж буй уулзалтын үр дүн гарсан уу?
Д.Сумъяабазар: Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно.
-“Оюу толгой” компанид татварын акт тавьсан асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?
Д.Сумъяабазар: Татварын акт тавигдах нөхцөлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна.