Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Оюун: Хөгжлийн банкны асуудлыг харахад манай орон анх зах зээлд шилжихдээ ийм бүдүүлэг байсан DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Хөгжлийн банкны нээлттэй гурван шатны сонсгол Төрийн ордонд болоод дууслаа. Эдийн засагч хүний хувьд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ сонсгол Монгол Улсын банкны тогтолцоо, Хөгжлийн банк хэрхэн ажиллаж ирснийг харууллаа. Засаглал ямар байгааг, улс төрийн албан тушаал хашигч түшмэлүүд хэрхэн ажиллаж байгааг олон түмэн мэдэж авлаа. Хэрэг алга л гэж хэлэхээс дээ. Хэн, хэн энэ банкнаас хэчнээн төгрөгийн зээл авсныг ард түмэн мэдэж авлаа. Төлөлт нь ч ямар байгааг харууллаа. Банкнаас хэн зээл авдаг нь, хэрхэн авдаг нь харагдаж байна шүү дээ. Жирийн хүмүүст тэр хэмжээний зээлийг авч чадахгүй. Танил талтай, дээгүүр албан тушаал хашдаг хүн л ийм зээл авч болох юм байна. Ямар нийгэмд, банк санхүүгийн ямар тогтолцоонд амьдраад байна даа гэж харамсаад сонсож байлаа.

-Хөгжлийн банкнаас тодорхой төслүүдэд арилжааны банкуудаар дамжуулж зээл олгож ирсэн юм байна. Ингэхдээ нэг хувийн хүүтэй авсан зээлээ арилжааны банкууд иргэдэд гурав нугалж хүү тооцохоор олгосон байна. Энэ ер нь зөв үү?

-Харин тийм. Хөгжлийн банк бол ашгийн төлөө бус, бодлого хэрэгжүүлэх санхүүжилтийг гаргадаг банк гэдгээрээ үйл ажиллагааны хувьд бусад арилжааны банкнаас зарчмын ялгаатай. Хөгжлийн банк маш тодорхой төслүүдийг санхүүжүүлэн ажиллах ёстой юм. Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох төслийг санхүүжүүлнэ. Энэ үндсэн дээр улс орон хөгжих ёстой. Олон улсын туршлага ийм байдаг. Дэмжиж байгаа байгаа төслүүддээ маш бага хүүтэй зээл олгодгоороо, тэгснээрээ улсын хөгжлийг урагшлуулдгаараа Хөгжлийн банк ялгардаг. Жишээлбэл, БНХАУ-ын Хөгжлийн банкууд хөдөө аж ахуйн, экспорт, импортын болон дэд бүтцийн барилгын гэх зэргээр төрөлжсөн байдаг. Үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу салбаруудаа дэмжиж улс орныхоо хөгжлийг дэмжиж ирсэн байдаг. Манай орны хувьд Хөгжлийн банк нь тодорхой бүлэг этгээдүүдийн идэж ууж, баяжиж хөлжих суваг болж ирсэн байна. Тун харамсалтай. Эндээс бид сургамж авах ёстой. Ямар сургамж вэ гэхээр Хөгжлийн банк манай улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. Үүний хэрэгжилтийг тогтмол үнэлдэг, шинжилдэг, дүгнэдэг механизм ажиллах ёстой юм. Зээл авсан байгууллага улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулав. Экспортын хэмжээг хэдээр нэмсэн, импортын ямар барааг орлуулах үйлдвэр байгуулав гэх зэргээр үр дүнг нь дүгнэж болно л доо.

-Үүнийг яагаад хэмжихгүй байна вэ. Тийм амаргүй асуудал уу?

-Хэмжье гэвэл хэцүү биш. Зээл авахаас өмнөх санхүүгийн баримт тайлан, авснаас хойших санхүүгийн үзүүлэлтүүд яаж өөрчлөгдсөнийг харахад л болно. Энэ тайлагнал манай оронд тогтчихсон учраас боломжтой. Тэгээд зээл олгохдоо компанид олгож байгаа зээлийн хэвтээ болон босоо шинжилгээ хийж, түүний хөгжиж ирсэн түүх, чиг хандлага, зээл авснаар цаашид ямар үр дүн гарахыг төсөөллийн шинжилгээгээ хийж байж олгох зарчимтай байдаг. Зээл авах нөхцөлийг тухайлбал, авах зээлийн хэмжээ, хугацааг энэ санхүүгийн төсөөллийн тайлан, мөнгөн урсгалын болон орлого үр дүнгийн тайланг тооцоолж тодорхойлдог. Ер нь санхүүгийн шинжилгээг иж бүрэн хийж байж зээлийн эрсдэлээс хамгаалдаг. Энэ хэлэлцүүлгийг сонсоод сууж байхад энэ бүгд хийгдсэн гэхэд эргэлзэж байлаа.

-Таныг банкны Л.Оюун багш гэдгээр тань хүмүүс андахгүй. Өөр ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж харагдаж байв. Засч залруулах ямар боломж байв?

-Маш олон зүйл ажиглагдсан. Тэр бүрийг ярьж барахгүй. Гэхдээ зээлийн зориулалт, түүний хэрэгжилт дээр нэг хоёр зүйл хэлэх хэрэгтэй. Цаашдаа хэрэгтэй юм даа.

Зээлийн зориулалт их чухал байдаг. Зээлийг зориулалт дээр нь шинжилгээ хийгээд ашиглалтыг судлаад ирээдүйд эргээд төлж болох юм байна гэж тооцоолоод олгодог. Гэтэл зориулалтын бусаар хэрэглэдэг юм. Худлаа хэлж авдаг юм байна гэдэг нь харагдлаа. Зээл зориулалтаараа хэрэглэж байна уу гэдгийг зээл олгосон банк байнга хяналт тавьж явах ёстой. Манайд бол зээл олгочихоод хэдэн арван жил зүгээр л хаядаг юм байна. Санхүүжилтийн талаар ямар ч мэдлэггүй юм шиг хандаж ирсэн байна. Бүүр бүдүүлэг, хөгжлийн түвшин талаас нь яривал хамгийн эхний, энгийн шатанд явж байна. 1990-ээд оны эхэн үед манай орон зах зээлд шилжиж байх үед л ийм байдал байсан. Банк санхүүгийн шинжлэх ухааны үүднээс зээл зориулалтаараа хэрэглээгүй үед зээлийг шууд буцаан дууддаг.

-Зээл авсан нөхдүүд нөгөө мөнгөө зарцуулчихсан байдаг байхдаа. Зээл буцаан дуудна гэхээр төлүүлнэ гэсэн үг биз дээ. Тэдэнд мөнгө нь байх уу?

-Зээл буцаан дуудна гэдэг нь зээлийн нөхцөлүүдийг нь өөрчилнө гэсэн үг. Хугацааг нь богиносгоод, хүүний хувийг нь нэмээд, барьцаа хөрөнгийг нь мөрдөөд чанга нөхцөлтэй болгодог. Хариуцлагагүй зээл олгосон банкийг нь мөн эдийн засгийн аргаар шахдаг. Би бодохдоо банкны салбарынхан ийм арга хэмжээнүүдийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гагцхүү хэрэгжүүлэхгүйд учир байна л даа. Ийм жирийн биш, гаж зүйл гараад байна гэдэг нь нөгөө л танил тал, авлига, хээл хахуультай л холбоотой. Жирийн хүмүүст болохоор санхүүгийн дүрэм, журам, зарчим үйлчлээд байдаг, гэтэл зарим хүмүүст үйлчлэхгүй байна гэхээр тэгж бодогдоод байна.

-Ингэхдээ арилжааны банкууд нэг хувийн хүүтэй авсан зээлээ иргэдэд гурав нугалж хүү тооцохоор олгосон байна. Энэ ер нь зөв үү?

-Зээлийн хүүний хувь нь зээлдэгч зээл авснаар ашигтай байх тийм хүүний хувь л байх ёстой. Тэгэхээр зээлдэгч, зээлдүүлэгч хоёр зэрэгцэж суугаад зээлээр хэрэгжүүлэх төслийн үр ашгийг тооцоолж тогтоох ёстой юм. Зээлдүүлэгч нь ганцаараа монопольт байр сууринаас хүүний хувийг тогтоож болохгүй. Онолоороо бол энд хоёр зүйл яригдана. Нэгд, банк харилцагчгүйгээр оршин тогтнохгүй. Тиймээс харилцагчаа дэмжиж байж оршин тогтоно. Банкны харилцагч санхүүгийн хүнд байдалд орвол зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк санхүүгийн хүнд байдалд ордог зүй тогтолтой. Хоёрт, ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшлийн аж ахуйн нэг учраас арилжааны гэж нэр авсан бөгөөд зээлийн бүтээгдэхүүний үнэ болсон зээлийн хүүний хувь дээр харилцаанд орж байгаа талтайгаа тохиролцох ёстой байдаг. Энэ мэдээжийн зүйл ч манайд байхгүй байна.

-Сонсголын үеэр яригдаж байсан бас нэг асуудал бол Хөгжлийн банк өөрөө арилжааны банкнуудад хадгаламж байршуулсан гэж байсан. Бодлогын банк ингэж болдог юм уу?

-Болохгүй гэж бодогдож байна. Хэнээс авсан, юун хадгаламж вэ. Хөгжлийн банкинд мөнгө байдаг юм бол хадгаламжид хийж байхын оронд улс оронд хэрэгтэй төслүүдийг санхүүжүүлэх ёстой шүү дээ. Олон улсын банкны тогтолцоо их сайхан байдаг. Жишээ нь, улс оронд хэрэгтэй төслүүдийг санхүүжүүлэхийн тулд арилжааны банкууд нь хөгжлийн банкнууддаа албан журмаар, харин хадгаламжаасаа тодорхой хувь буюу 14 хувийг нь байршуулж улсын хөгжилд хувь нэмэр оруулж байдаг тогтолцоо байдаг.

-ТЭЗҮ байхгүй төслүүдийн санхүүжилтийг зээлээр босгосон гэж байгаа шүү дээ…

-Харин тийм, тийм зүйл яригдаж байна лээ. Ёстой дампуу юм. Энэ талаар ямар байх ёстойгийн зах зухаас нөгөө шинжилгээ хийж зээл олгодог гээд дээр ярьсан. Мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүс л Хөгжлийн банкнаас зээл авсан байна лээ.

-Хөгжлийн банкны өрийг төлүүлэхдээ боломжийн өртгийг тооцох ёстой биз дээ?

-Юуны өмнө банкны хичээл дээрээ хэлэх ярих арвин кэйстэй боллоо. Нөгөө талаар зээл авсан л бол төлөх ёстой гэдгийг энэ тохиолдлуудаар харуулах нь зүйтэй. Завшуулж болохгүй. Зээлийг төлөхдөө алдагдсан боломж гэж ойлголт байдаг. Түүнийг тооцож улсыг хохиролгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, тэдгээр зээл хугацаандаа эргэн төлөгдсөн бол түүнийг өөр компанид зээлдүүлж орлого бүтээж, бүтээн байгуулалт явах ёстой байсан гэдгийг тооцоолох тухай ярьж байна. Доллараар орлого олдоггүй компанид доллараар зээл өгч болохгүй. Зээлийн нөхцөлийг чангаруулах хэрэгтэй, төлөхгүй байснаас завшилт гарч болохгүй.тэгээд зээлийн шинжилгээг олон улсын банкны практикт хэрэглэдэг тоон болон чанарын шинжилгээний аргачлалаар хийх, ЖДБ -ийн санхүүжилтэд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийх гээд олон зүйлийг хэлэх хэрэгтэй.

-Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилт хийхэд хэрэглэдэг эрсдэлийг тодорхойлдог аргачлалыг асуумаар санагдчихлаа?

-ЖДБ-ийн санхүүжилтэд ашигладаг маш ухаалаг аргачлал байдаг. Тухайн аргачлал нь ЖДБ -д зээл олгохдоо эрсдэлийн зэрэгт нь тохируулан зээлийн нөхцөлийг нь тодорхойлж зээл хүссэн ЖДБ бүрд зээл олгодог. Энэ аргачлалын давуу тал нь их чухал. Юу вэ гэхээр энэхүү аргачлалаар зээл өгөхөд зээл авч байгаа тал юун дээр анхаарах ёстойгоо мэдэж аваад сул талаа арилгах арга хэмжээг зайлшгүй авч явдагт байдаг. Нээрээ энэ аргачлалыг бидний хэдэн судлаачид Монгол Улсад тохирох байдлаар сайжруулсан ба ХХААЯ -д танилцуулах хүсэлт илгээсэн боловч хариу ч байхгүй, нөгөө усанд хаясан чулуу шиг таг болсон. Тэгээд дүгнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын нөхцөлд тохирсон аргачлал сонирхолгүй юм шиг байна лээ.

-Ингэхэд долларын ханш 3500 давчихлаа. Цаашид долларын ханш яахаар байна вэ. Сайн, муу ямар таамаг байгаа бол?

-Манай улс импортлогч орон учраас долларын эрэлт байсаар байх болно. Ханш нь нэмэгдэнэ. Долларын ханш нэмэгдэхэд экспортлогчид маань гаднын зах зээл дээр үнэтэй зарах боломжтой болдог ба эсрэгээрээ импортлогч тал үнэтэй доллараар бүтээсэн бараагаа хямдхан төгрөгөөр борлуулахад хүрдэг. Тиймээс долларын ханш өсвөл экспортлогчдод ашигтай, импортлогчдод алдагдалтай байдаг бол долларын ханш буурвал байдал эсрэгээрээ эргэнэ. Хятад улс юанийн ханшаа зориуд цул байлгадгаас экспортлогчоо дэмждэг, долларын урсгалыг дотогш нь нэмэгдүүлдэг. Тэгээд маш олон жил олон улсын худалдааны байгууллагад АНУ, Хятад улсад гомдол гаргаж ирсэн. Үр дүнд нь яг дээрх зүй тогтлоор Хятадын экспортын бараа очоогүй дэлхийн өнцөг булан үлдээгүй гэж хэлж болно. Манай улс экспортоо нэмэгдүүлэх бодлого барьж байгаа учраас долларын ханшийг нэмэгдэхэд уг нь зорьсон бодлого хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Ийм сайн талууд байхад ард түмэнд таалагдах гээд үүнийг ярьдаггүй юм.

-Долларын ханшийг буулгах ямар аргууд байж болох вэ?

-Долларын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх арга зам байна. Энэ нь экспортыг нэмэгдүүлэх замаар л шийдвэрлэгдэнэ. Долларын ханшийн өөрчлөлт эдийн засагт нэг талын үр дагавар, муу эсвэл сайн нөлөө үзүүлэхгүй. Засгийн газрын бодлого л үүнийг Төв банкаараа дамжуулан шийдвэрлэнэ.

-Ингэхэд долларыг яавал 2000 төгрөг болгох вэ?

-Хол байна даа. Долларын эрэлт буурвал л 2000 төгрөг болно. Өөрсдөө үйлдвэрлэгч орон болж байж л ийм зүйл үзэх байх.

-Бидэнд уул уурхайгаас гадна доллар олох ямар боломжууд байна вэ?

-Уул уурхайн түүхий эд ашигт малтмалаа боловсруулах үйлдвэртэй болох. Хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй дээ.

-Алт, зэс, хүдэр гээд экспортолж байгаа эрдэс баялгийнхаа орлогыг төв банкаар дамжуулдаг болбол долларын нөөц нэмэгдэж, ханш нь буурах юм биш үү. Тухайлбал, Оюутолгойн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо зэрэг төв банкаар дамждаг болбол долларын урсгал сайжирна гэдэг шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ер нь бол аж ахуйн нэгжүүд тэр дотроо Оюутолгой компани аль нэг арилжааны банкны харилцагч байдаг. Тэр банкаараа төлбөр тооцоогоо хийдэг. Нэг компани хэдэн ч арилжааны банкны харилцагч байж болно. Тэгэхээр Төв банкаар шууд төлбөр тооцоо, орлого, зардлаа гүйлгэхгүй. Зарчмын хувьд төв банк байна уу, арилжааны банк байна уу ялгаа байхгүй манайд долларын нөөц нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *