Ирэх долоо хоногоос улс төр бужигнаж эхлэх шинжтэй байна. Хэд хэдэн жагсаал цуглаан болох гэнэ. Тодруулбал, багш нар ажил хаяна гэдгээ зарлачихлаа. Дээрээс нь МАН дахь “нүүрснийхэн” Ардчилсан намын улс төрийг дөвийлгөж засаг авахаар зүтгэж магадгүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, 2023 оны намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд монголчуудын ээлжит улстөржилт эхлэх нь. Дээр бичсэнчлэн жагсаалуудаар тавигдах шаардлагуудын нэгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэх бололтой юм. Энэ нь МАН-ын доторх, мөн гаднах олон хүний загатнасан газарт ёстой л нэг маажих нь ойлгомжтой.
Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганцхан сар тэсчихвэл ирэх оны төсвийг хэлэлцээд эхэлнэ. Дээрээс нь цаг агаарын байдал ч өөрчлөгдөж хүйтэрнэ. Үүнийг дагаад улс төр намжих нь мэдээж. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэгхэн сар тэсчихвэл алзахгүй нь. Он гараад сонгуулийн сезон эхэлнэ. Сонгууль болохын хооронд засаг солих нь үр дүн багатай байдаг учраас засаг сольё гэж “сэлэм эргүүлэх” улстөрч байхгүй болов уу гэх хов жив улс төрийн хүрээнд яригдаж байна.