Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү

Энэ Засгийн газар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш “Ойчих нь” гэсэн дуулиантай явж байгаа. Анх “Гурван сарын настай Засгийн газар” гэж байв. Хавраас УИХ-ын гишүүд “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулна” гээд давлагаалж эхэлсэн. Зун өнгөрч, намартай золголоо. Засгийн газрыг огцруудах яриа тасраагүй л байна.

Энэ сацуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа авч үлдэхээр, хуульд зааснаар өөрийгөө огцруулахын эсрэг муу, сайн бүх аргыг хэрэглэж хийж байх шиг байна. “Огцруулна” гэж дуугарсан бүгдийг ямар нэг аргаар нам дарж байгаа нь түмний хараанаас мултарсангүй. Түүнийг шүүмжилдэг хүн Төрийн ордонд ч, гудамжинд ч ховордоод эхэллээ.

Ингэж манай Монгол Улс хоёр жилийн өмнө Үндсэн хуулиар олгосон “хязгааргүй” эрх мэдлийг хувь хүнийхээ чанартай нийлүүлээд сөрсөн бүгдийг дардаг Ерөнхий сайдтай болж байх шиг байна.

Огцруулах чимээ холдож эхэлсэн өнгөрсөн долоо хоногийн өдийд буюу 2021 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш. Хэрэв улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул.Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн.Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. Монгол ардын нам яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээж төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” гэсэн юм. Өөрөө огцрохгүй гэдэгтээ итгэчихсэн хүний үг.

Тэгээд маргааш нь намынхантайгаа Тэрэлжийг зорьсон байна. МАН угаасаа л нэг асуудалтай тулах юм бол Тэрэлжид очиж “хуралддаг” уламжлалтай. Л.Оюун-Эрдэнэ үүнээс гажсангүй. Тэрэлжид гишүүдээ хүлээж авчээ. Мэдээж хэрэг, гол асуудал нь засаг огцруулахгүй гэдэг дээр МАН нэг байр суурьтай байх ёстой гэдгийг гишүүддээ ухуулах байсан нь ойлгомжтой. Гэхдээ тус намын эх сурвалжууд “Манай намын гишүүд намын дарга, Ерөнхий сайдтай ирэх оны төсөв, эдийн засгийг сэргээх хуулийн асуудлаар санал солилцож, бүлгийн хурлаа хийсэн” гэсэн “цагаан мэдээ” өглөө. Ингэж мэдээлэх нь ойлгомжтой.

Харин баттай эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэр “хурал” дээр намынхандаа хандаж тун эвгүй үг хэлсэн байгаа юм. Тэрээр “Би бол толины тусгал шүү. Толинд харсан дүрс ойдог. Ойхдоо илүү харагддаг.Яг түүн шиг та бүхэн ямар байдалтай байна, би тийм л байна. Над руу инээвэл инээнэ, ханиавал ханиана. Мод баривал бас адилхан” гэсэн байна. Энэ талаар МАН-ынхан хоорондоо шивнэлдэж, чухам юу гэсэн үг болохыг ойлгохыг оролдоцгоож байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *