Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Одсэр: Аварга малчин гэж байхаар малаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлсэнд нь мөнгөн шагнал өгдөг тогтолцоотой болох хэрэгтэй DNN.mn

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, “Чинээлэг малчин” төслийн санаачлагч Л.Одсэртэй мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.


-Манай улс 70 орчим сая малтай. Гэтэл тус салбар тэр бүр хөгжихгүй, орхигдоод байна гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Орхигдох гэхээсээ илүүтэй энэ талын бодлого буруу байна. Түүнээс биш үеийн үед л бодлогын яам нь байж ирсэн. Жил бүр чамгүй мөнгө тавигддаг. Гэтэл олигтой үр дүн гарахгүй байгаа нь бодлого нь үндсээрээ буруу байгааг харуулж байгаа хэрэг. Бид 1990 онд ардчилсан нийгмийг байгуулаад малыг хувьчилснаас хойш өнөөдөр 70 орчим сая толгой малтай болсон. Харин үүнээс өмнө манайх чинь 25 сая малтай болох гэж өчнөөн жил оролдоод бараагүй. Тэгэхээр зорилго нь тодорхой байвал боломж байдаг гэдгийг энэ тооноос харж болно. Даанч төрийн маш буруу бодлоготой явсаар ирлээ. Эрх баригчид үүнийг засаж, залруулахыг хүсэхгүй байна уу. Эсвэл үнэхээр мулгуу учраас энэ чигээрээ яваад байна уу гэдэгт л гол учир байна.

-Яг ямар бодлого нь буруу яваад байгааг хэлэхгүй юу?

-Монголчууд түүхэндээ мал аж ахуйдаа тохирсон менежментийг хэрэгжүүлж ирсэн. Бэлчээрээ дөрөв хувааж ангилаад малыг амьдаар нь хадгалдаг байсан. Нэг үгээр амьжиргааныхаа эх үүсвэр болгож ашигладаг. Худалдан авагч байхгүй. Харин өнөө цагт мал, махаа худалдан борлуулж байгаа учраас үйлдвэрлэл явуулж байгаа хэрэг. Тиймээс энэ бизнесийнхээ менежментийг өөрчилж байж ашигтай ажиллана. Харамсалтай нь улсын, аймгийн, сумын аварга малчин шалгаруулсаар өдийг хүрлээ. Үүний үндсэн шалгуур нь тоо толгой. Малчид маань ч төрийн бодлого буруу яваад байгааг сайн ойлгохгүй байна. Тиймээс тоог нь өсгөх гээд уралдаад байдаг болчихсон

ярилаа. Сонгууль дөхөхөөр улстөрчид бөөн бөөнөөр нь аваачиж шагнаад байдаг нь энэ салбарын бодлого буруу яваад байгааг өөгшүүлж байгаа хэлбэр биш үү?

-Улстөрчид гэдэг чинь ард түмэнд таалагдаж, оноо л авч байвал улсаа хорлож байна уу гэдэг нь огт хамаагүй улс. Өнгөрсөн 2021 онд 3.2 сая мал хорогдсон бол ноднин жил 3.9 сая хорогдсон. Тэгэхээр энгийн үед малын зүй бус хорогдол гарах нь хэвийн зүйл гээд бараг ойлгочихсон байна. Гэтэл 3.1 сая малыг мөнгөн дүнгээр тооцоход дунджаар нэг их наяд төгрөг болж байгаа юм. Ингээд бодохоор улстөрчид төрийн буруу бодлогыг өөгшүүлж байгаа нь үнэн. Ганцхан сонгуультай жил ч биш. Жил бүрийн цагаан сарын өмнө очоод, өөрөө малыг нь өсгөөд өгчихсөн юм шиг хойморт нь сууж байгаад л өнөөх шагналуудаа гардуулдаг. Дараа нь хавар болж мал хорогдохоор хэдэн боодол өвс аваачиж өгч, бараг л уйлж байгаад ирдэг. Ерөнхийдөө манай өнөөгийн дүр төрх, эмгэнэлт драм ийм л байна.

-Энэ жил ихэнх нутгаар зудтай байсан учраас малын хорогдол өмнөх жилүүдээсээ нэлээд өндөр гарч байна. Гэтэл УОК-оос гаргаж байгаа тоог худлаа гэх хүмүүс байна. Учир нь айл бүрээс тоог нь аваагүй байж таамгаар гаргаад байна гэдэг яриа гарсан. Энэ тал дээр танд хийсэн судалгаа, тооцоолол байна уу?

-Эд нар бол ер нь багцаа тоо тавьчихаад байгаа шүү дээ. Харин мэргэжилтнүүд 20-иод сая мал хорогдоно гэж үзээд байгаа. Угаасаа одоо чинь цаг болоогүй байна. Хавар дуустал л муудсан малууд хорогдоно. Тиймээс ард нь нэгмөсөн тооцож байж нэгдсэн дүн гарах байх. Энэ 20 сая малыг зах зээлийн ханшаар тооцож үзвэл хэдий хэр хэмжээний мөнгө алдах гээд байгаа вэ гэдэг нь гараад ирнэ. Гэхдээ энэ жил бол яалт ч үгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн боловч бэлтгэлээ сайтар хангаад эрсдэл багатай даван туулах арга замууд маш олон бий.

-Таны хувьд “Чинээлэг малчин” төслийг санаачилсан хүн. Энэ хөтөлбөр таны яриад байгаа төрийн буруу бодлогыг засаж сайжруулж чадах уу?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид нэгдүгээрт төрийн бодлогоо зөв болгож чадна. Хоёрдугаарт, манай 300 мянган малчин өрх бүгдээрээ үйлдвэрлэл явуулж байгаа юм. Ер нь манайх чинь хөдөө аж ахуйн маш том үйлдвэрлэг орон шүү дээ. Энэ үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортод гардаг. Тиймээс энэ үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулахын тулд л би тооцоолол гаргасан. Нийт 70 сая малыг мөнгөн дүнгээр дундажлахаар 30 их наяд төгрөг. Тэгэхээр энэ хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй, өөрсдийн эзэмшлийн газартай гэсэн үг. Нэг малчин өрх жилдээ 500 сая төгрөг олдог болох боломжтой. Манай улс жилдээ 15.3 тэрбум ам.долларын орлого олдог. Гэтэл үүнийх нь 90 хувийг зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлдэг. Харин малчин өрх бүрээ үйлдвэрлэгч гэж үзээд, тэдний орлогыг нэмэгдүүлж чадах юм бол энэ хувийн зөрүү арилна. Дээрээс нь манай улс жилдээ дотооддоо 15 орчим сая мал хэрэглэдэг. Манай хөтөлбөрийн дагуу явах юм бол жилдээ 30-40 сая мал зарж эхэлнэ. Тэгэхээр илүү гарсан махаа гадагшаа зарж таарна. Ингэхийн тулд төрөөс бодлогоор аймгуудад махны үйлдвэрүүд барихыг дэмжих хэрэгтэй. Стандартаар нь ажиллаж байж гадаадад махаа санал болгоно.

-Гадагшаа мал, махаа их хэмжээгээр гаргах гэхээр малын гоц халдварт өвчлөлөөс болоод чаддаггүй гэдэг хүмүүс бий. Энэ хэр үнэний ортой вэ?

-Вакцин дээр асар их мөнгө тавигдаад тэр нь хийгдэж л байна. Малын гоц халдварт өвчин гадагшаа мах гардаггүйн нэг шалтгаан мөн. Үүнийг төрөөс олигтой шийдэхгүй л байна. Харин үүний шийдлийг “Чинээлэг малчин” төсөлд маш энгийнээр шийдэж байгаа. Жишээлбэл, хургыг 7-8 сартайд нь эр хониноос том болгоод зарах тухай яриад байгаа юм. Хэрэв ингэвэл ихэнх асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт, 7-8 сартай үедээ эрдэс уургийнхаа хамгийн дээд түвшинд байдаг. Олон жил болоогүй болохоор хур өөх, тослоггүй. Элдэв шивтэр, үнэргүй. Дээрээс нь амьдаар нь авч ирээд үйлдвэрийн аргаар нядалгаанд оруулахаар элдэв шимэгч хорхойгүй болно. Энэ мэтчилэн дэлхийн стандартын шаардлагыг хангах асуудлын 80 орчим хувь нь шийдэгдэнэ гэсэн үг. Би төслийнхөө хүрээнд Говьсүмбэр аймагт 500 хуцан хурга тарааж, сургалтаа хийсэн. Одоо тэндхийн малчид бүгд хургаа эргэлтэд оруулдаг болчихсон. Говьсүмбэр аймгийн хурганы дундаж жин 20 кг-аасс дээш байдаг. Гэтэл баруун аймгуудын төлөг, эм хонины гулууз 15-18 кг татдаг юм шүү дээ.

-Ингэж хургыг тэжээх нь малчдад зардлын хувьд хэр тусах вэ?

-Тэжээл бол нэг л хүчин зүйл. Харин бид бэлчээрийн аргаар маллаад л ийм хэмжээний том болгоод зарах тухай яриад байгаа юм. Тэгэхээр малчдад илүү зардал огт гарахгүй. Одоо чинь бид тоо толгойн хойноос хөөцөлдөхийн оронд Дэлхийн ногоон хөгжлийн сангаас мөнгө олж ирэх хэрэгтэй. Малынхаа тоо толгойг бууруулснаар хүлэмжийн хийн ялгарал тэр чинээгээр буурна. Хоёрдугаарт, био масс, ногоон ургамал нэмэгдэнэ. Тэр нь хүчилтөрөгч үйлдвэрлэнэ гээд шалгуур үзүүлэлтийг нь хангана. Тэгэхээр аварга малчин гэж байхаар малаа сайжруулж, тоог нь бууруулсан ч орлогоо нэмэгдүүлсэнд нь бэлэн мөнгөний шагнал өгдөг тогтолцоотой болчихвол бүгд дагаад хошуурна. Түүнээс биш нэг тууз, өргөмжлөл авахын тулд малынхаа тоог нэмэгдүүлэхгүй. Дээрээс нь мал аж ахуйн чиглэлээр суралцах оюутнуудыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Мэдлэг боловсролтой малчин гэдэг чинь аль ашигтайг нь л сонгоно.

Р.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *