Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай Таван толгойн гэрээний асуудлаар ярилцлаа.
–Таван толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ–д өргөн барихаар боллоо. Тус гэрээг УИХ дээр хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж нэлээдгүй улстөржиж маргалдсаны эцэст төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. УИХ–ын дарга тус гэрээг Монгол Улсын олон хууль тогтоомж зөрчсөн, заавал УИХ–аар хэлэлцэж сайжруулах ёстой гэрээ гэж дүгнэсэн?
-Би хууль зөрчсөн гэж бодохгүй байгаа. Монгол Улс ганцхан А.Гансүх гэдэг хуульчтай биш. А.Гансүх хэлэхээр ч юм уу эсвэл мэдэгдэл хийчихээр бүх зүйл үнэн болчихдог юм биш. Сумитомо, Шинхуа зэрэг компаниуд олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэд өмнө нь энэ улсын ийм хуулиудыг зөрчсөн гэдэг мэдээлэл алга.Энержи Ресурсыг Монгол Улсын хуулийг зөрчиж байсан гэж би сонсоогүй. Хууль зөрчсөн гэрээ оруулж ирлээ гэдэг нь олон улсын компаниудын нэр хүндэд халдаж, гүтгэж буй хэрэг гэж бодож байна. Гадаад харилцаанд сэв суулгахаар шахуу мэдэгдэл. Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд бие дааж шийдэх бүрэн бололцоотой байсан байх. Гэхдээ одоо Таван толгой урагшлахааргүй болчих шиг боллоо.
–Яагаад урагшлахгүй гэж, урагшлуулахыг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. УИХ дээрээ хэлэлцээд дэмжчих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байгаа. Уул уурхайн төслүүдийн гацаанаас болж олон зуун ханган нийлүүлэгч компани зогсонги байдалд орж, олон мянган хүн ажлын байргүй байхад энэ төслийг арай гацаахгүй байлгүй дээ?
-Би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ төсөл явахгүй байх магадлал байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж эрчим хүч, төмөр замын томоохон төслүүдийг Засгийн газар зээл авч шийдсэн тохиолдолд улсын өрөнд тооцохгүй гэдэг хуулийн төслийг дэмжчихлээ. Энэ өр бишээ гээд төмөр замаа өрөөр санхүүжүүлэх ньл дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Таван толгойгоос урагшаа татах төмөр замыг дахиад ард түмнээ өрөнд оруулж байгаад, гүйцэтгэлийн ажил дээр нь нам дамжсан бүлэглэлүүд “найрлах” гэсэн л арга. Энэ өрийг цаасан дээр өр биш гэж мянга бичсэн ч бид л төлнө. Бидний үр хүүхэд төлнө. Тэгэхээр Таван толгойн гэрээний төслийг явуулахгүй гэдэг нь аль эрт тодорхой байсан юм биш үү гэх хардлага бий болж байна. Улстөрчид төмөр зам төрийн мэдэлд байх ёстой гэдэг популизмаар ашиг сонирхлоо халхалж байгаа юм биш биз? Үнэн бол энэ жүжигтээ зөвхөн ард түмнээ биш бүр Хятад, Япончуудыг итгүүлээд хошгоруулсан болно.Би Таван толгой төслийн гэрээг Монголчууд хөрөнгө оруулагчдад итгэлээ алдахгүй байх сүүлчийн шахуу боломж гэж харж байгаа. Бид төмөр зам төрийн мэдэлд байна, ингэхдээ концессийн гэрээгээр, хувийн хэвшлийн мөнгөөр төмөр замаа барьж байгуулаад төрдөө шилжүүлэн авах хууль эрхзүйн орчинтой. Би бол тэр эрх зүйн хүрээнд асуудал явж байна гэж харж байгаа.
–С.Ганбаатар гишүүн Ард Аюушийн нутаг, Ховдоос мэдээлж байна гээд хэвлэлийн хурал хийж өөрийн фэйсбүүктээ тавьсан байсан. Гишүүн Оюу толгойгоо ард түмэндээ буцааж авах хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдсэн байна лээ?
-Би тэр бичлэгийг өглөө нь үзсэн. Үнэндээ инээд хүрсэн. С.Ганбаатар гишүүний “маск” хуулагдаж байх шиг санагдсан. Оюу толгойн хамаг мэдээллийг ухаж, төнхөн хамгийн ихээр зууралдаж, нүд чихээ нааж явдаг хүн юу ч мэдээгүй явж байна гэдэгт би итгэхгүй байна. Таван толгойгпопулизмдаж олны анхаарлыг Оюу толгойн гэрээнээс сарниулсан нь С.Ганбаатар. Заримдаа Ганбаа гишүүн маань Таван толгой төслийг нураахаар зүтгээд байгаа бүлэглэлийн даалгаврыг биелүүлдэг хүн болчихоогүй байгаа даа гэж бодоход хүрэх юм.Одоо Оюу толгойг төрдөө буцааж авна гэх дүйвээнийхээ хавчуурганд Таван толгойг нааж, Ухаа Худагаа буцааж авах хөдөлгөөн өрнүүлж магадгүй. Тэгвэл аль эртнээс Таван толгойд эзэн суух хүсэлтэй нам дамжсан бүлэглэлийн зорилго биелэх болно. Өмнө нь үзсэн олон ангит киноны хамгийн өрнөлтэй хэсэг нь одоо л гарах гэж байна. Биднийг кино үзээд баясаад сууна гэж бодож байгаа бол эндүүрч. Ард түмэн чинь бас нүд, чихтэй юм шүү дээ.
–Бүлэглэл гэж та хэнийг хэлээд байна вэ?
-Удахгүй тодорхой болно, Монголын ард түмэн бүгдээрээ харъя. Одоо үйл явдлын өрнөлөөс эргээд харахад стратегийн ордуудыг дээрэмдэх ажлыг эртнээс зохион байгуулалттайгаар хийж байсныг бид мэдээгүй байж. Тэрбум шахуу долларын үнэлгээтэй байсан Саусгоби компанийн Овоотын коксжих нүүрсний ордыг улстөрчид яаж 2012 оны сонгуулийн өмнө популизм хийж, үнэ цэнэгүй болгосон билээ? Тэгээд саяхан 40 хүрэхгүй сая долларын үнээр Хятадын компанид зарагдаж, Рио Тинто тус ордоос өөрсдийн хувьцаагаа гаргасан шүү дээ. Үүнийг ярьж, анхаарч байгаа популист улс төрч одоо байна уу? Монголын ард түмний баялаг, төмөр замгүй Таван толгойн ордын үнэлгээ цаашид унасаар л байх болно.
–Хувьцаа гэснээс Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг Монголын 3 сая иргэн эзэмшдэг. Хувьцаагаа хэнд ч хэрэггүй хог цаас болгоё гэвэл Таван толгойн гэрээний төслийг энэ чигээр нь явуулъя гэж УИХ–ын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн. Үнэхээр Таван толгойн хувьцаа энэ гэрээгээр хэнд ч хэрэггүй цаас болох уу?
-Иргэдэд өгсөн хувьцаа нь ногдол ашиг өгөх нь битгий хэл өрийн бичиг болчихсон байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд нэг сая төгрөг авах эсвэл 1072 хувьцаа үнэгүй авах гэсэн хугацаатай сонголт өгсөн. Шинэчилсэн бүртгэлд 2,858,465 иргэн бүртгүүлсэн байдаг.Үүнээс 971,217 иргэн хувьцаа эзэмших сонирхлоо илэрхийлж бүртгүүлсэн. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан нийт 766,863 иргэн хишиг хувь хүртсэн. Үлдсэн 1,120,285 иргэн хувьцаа эзэмшихгүй, бэлэн мөнгө авъя гэж бүртгүүлсэн ч өнөөг хүртэл Засгийн газраас мөнгөө авч чадаагүй хүлээж байна. Тэгэхээр 3 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болж байна. Амласан мөнгөө ард түмэнд өгөх эх үүсвэр дутагдаж байгааг яахав ойлгож байна.Уг нь энэ хүнд байдлаа зөвөөр ойлгуулаад, мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлээд АН, МАНард түмнээсээ уучлал гуйчихвал зүгээр л байгаа юм.
–Хувьцаа эзэмшиж буй иргэд яг хэдий хэмжээний өрөнд орчихоод байгаа юм бэ? Ноогдол ашиг авахын тулд өр зээлээ төлж дуусаж байж иргэд хувьцааныхаа өгөөжийг хүртэнэ биз дээ?
-Баримттай хэлье! Эрдэнэс Таван толгой эзэмшигчийн өмчгүй болчихсон компани. 2014 оны эцсийн санхүүгийн тайлангаар 903 тэрбум 205.3 сая төгрөгийн өртэй,эзэмшигчийн өмчийн хэсэгтээ “хасах”, дахин хэлэхэд “хасах” 107 тэрбум 114 сая төгрөгтэй байна. Энэ компани эзэмшигчийн өмчгүй болтлоо ингэж дампуурчээ. Баланслаад ядаж “тэг” утгатай байж болоогүй юм байх даа? Нийт өрийг нь хувьцаа эзэмшигч иргэддээ хувааж үзэхэд нэг хүнд 929 мянга 972,7 төгрөгийн өр ногдож байна.Энэ тэгээд үнэ цэнэтэй хувьцаа юу? Харамсалтай нь иргэд хувьцаанаасаа татгалзаж, сая төгрөгөө авах эрх нь 2012 онд хаагдсан. Бандан тас болсон. Харин амжаад хувьцааны оронд сая төгрөг авах хүсэлт өгсөн 1,120,285 иргэн төрөөс мөнгөө нэхэж болох юм.
–Гэхдээ энэ өр чинь цаг хугацааны л асуудал шүү дээ. Таван толгойн баруун, зүүн Цанхид асар их нүүрсний нөөц байгаа. Эрдэнэс Таван толгой IPO хийгээд ч юм уу эсвэл банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд баяжуулах үйлдвэр барьж болно шүү дээ. Та өр гэсэн өнцгөөс нь хэтэрхий яриад бусад боломжуудыг нь ярихгүй байх шиг?
-903 тэрбумын өртэй, 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй компанид банк зээл өгөхгүй. Дотоодын банкууд зээл өгөөд дээд “тааз”-андаа тулчихсан. Нүүрсний үнэ төсөөлснөөс ч доогуур орно, зах зээлийн муу нөхцөл 2020 он хүртэл үргэлжилнэ гэж сая болсон Coal Mongolia-2015 чуулганд илтгэл тавьсан олон улсын судлаачид дүгнэж хэлнэ лээ. Ийм нөхцөлд дахиж зээл өгөх юм бол Эрдэнэс Таван толгой дотоодын банкуудаа татаж унагаах эрсдэлтэй. Гадаадын банкнаас зээл авъя гэвэл үндсэн хөрөнгөнөөсөө 46 дахин их өртэй, эзэмшигчийн өмч нь “хасах” утгатай болчихсон компанид зээл өгөхгүй. Авъя гэсэн ч өгөхгүй байна. Өр болон хөрөнгийн зохистой харьцаа алдагдсан учраас боломжгүй. IPO хийж хөрөнгө босгоно гэдэг нь Таван толгойн ордоо барьцаалж, Эрдэнэс Таван толгойн хувьцааг зарж мөнгө олно гэсэн үг. Тэгээд ч зах зээл муу, төмөр замгүй учраас Саусгоби компанийн Овоотын уурхай шиг хэдхэн сая ам.долларын үнэ хүрнэ. Ёстой нөгөө баялгаа үнэгүй өгнө гэгч нь болно. Тэгэхээр энэ бол бүтэхгүй санаа. Ямар ч эдийн засагч, санхүүч Эрдэнэс Таван толгой компанийн санхүүгийн тайлан балансыг уншаад миний энэ хэлж байгааг л хэлнэ.
–Эрдэнэс Таван толгой компани 2014 оны эцсийн тайлангаар 30 орчим тэрбум төгрөгийн нийт ашигтай ажиллалаа гээд байсан. Худлаа мэдээлэл өгсөн болж байна уу? Эрдэнэс Таван толгойд дотоодын гэрээт компани харьцангуй өртөг багатай олборлолт хийж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна гэж компанийн захирлууд нь мэдэгдэл хийсэн байсан?
-Би тайланг нь www.erdenestt.mn гээд өөрийнх нь сайтаас харсан. Орлогоос үйлдвэрлэлийн зардлыг хасвал тийм ашиг харагдаж байгаа, үнэн. Харин зээлийн хүү, удирдлагын зардал, валютын ханшийн алдагдал зэргийг хасаад харвал 64.4 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байна билээ. Өртгийн тухайд нэг тонн нүүрсний олборлолтын зардал зохистой хэмжээнд байж чадаж байгаа юу гэдэг нь анхаарах асуудал.
Эрдэнэс Таван толгой их “тансаг” зардлаар олборлолт хийж, нүүрсээ “түүхий нүүрсний дундын ченжүүдэд” л нийлүүлж байгаа. Нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 26.2 ам.доллар, Ганц мод боомт хүргэх тээвэрлэлтийн нийт өртөг нь 17.5 ам.доллар байна. Энержи Ресурс нэмүү өртөг шингээж, баяжуулсан нүүрс экспортолдог бөгөөд жишээд харьцуулахад нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 19.7 ам.доллар, нэг тонн баяжуулсан нүүрс Ганц модны боомт хүргэх тээвэрлэлтийн өртөг нь 14.1 ам.доллар байгаа юм. Эрдэнэс Таван толгой тонн нүүрс тутамдаа олборлолтын зардал нь 33%-иар, тээвэрлэлтийн зардал нь 24%-иар илүү зардалтай байгаа биз? Эндээс Эрдэнэс Таван толгой компани ямар их үргүй зардлаар олборлолт, тээвэрлэлт хийж байгааг дүгнэж болно. Өмнөх жилүүдийн алдагдлыг нь харьцуулж ярихаа больё. Гэхдээ ард түмний баялаг гээд үргүй зардлаар мөнгө урсгаад сууж болохгүй биз дээ?
–Нэг тонн нүүрсний зардалд харьцуулахад төрийн компани ийм өндөр зардлаар үйлдвэрлэл явуулж байгаа юм байна. Гэхдээ Чалкогийн өрийг төлөх зээлийн хүүгийн зардал ороод өртөг нь ийм өндөр болсон байлгүй дээ?
-Үгүй. Чалкогийн өр үүнд ороогүй. Цэвэр олборлолт, тээвэрлэлтийн процессын зардлын харьцуулалт. Нэг зүйл хэлэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засагт хөрс хуулалтын итгэлцүүр гэж маш чухал ойлголт байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг тонн нүүрс олборлоход хэдэн м3 хөрс хуулж, зайлуулав гэдэг үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр бол их хөрс хуулж, нүүрсний олборлолтын зардал өсдөг жамтай.
Ухаа Худаг болон Цанхийн уурхайн энэ үзүүлэлтийг харахаар Ухаа Худаг бараг хоёр дахин илүү хөрс хуулж байж нэг тонн нүүрс гаргаж авч байна. Ухаа Худагийн ашиглалтын нөхцөл илүү хүнд байна гэсэн үг л дээ. Хоёр компанийн 2014 оны тайлангаас харж харьцуулалт хийхэд хөрс хуулалтын итгэлцүүр Ухаа Худагт 5.7 м3/тн байхад Эрдэнэс Таван толгойн баруун, зүүн Цанхийн уурхайд дунджаар 3.1 м3/тн байж. Эндээс харвал Цанхийн уурхайд нэг тонн нүүрсэнд ногдох олборлолтын зардал хоёр дахин шахуу бага баймаар. Гэтэл эсрэгээрээ бүр 33%-иар өндөр байгаад байдаг. Мэргэжлийн инженерүүд, эрдэмтэд, уул уурхайн сургуулийн багш нар бодит дүгнэлтийг хийж жирийн иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй. Манай улстөрчид мэдэхгүй зүйлээ ичиж зоволгүй ийм хүмүүсээс нэг асуучихвал зүгээр.
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой компанийн 2014 оны эцсийн санхүүгийн тайлан баланс www.erdenestt.mn
-Coal Mongolia-2015 чуулганд Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн захирал нүүрсээ түүхийгээр нь уурхайн ам нөхцлөөр зарж байгаа гэж байна лээ?
-Яахав, түүхий нүүрсийг өндөр үнээр авдаг бол заавал баяжуулах шаардлагагүй байж болно. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Эдийн засгийн талаасаа асар их хохиролтой. Боловсруулалт хийхгүйгээр баялгаа их хэмжээгээр түүхийгээр нь зарна гэдэг Монголчуудын өрсөлдөөний стратеги биш, баялгаа үрэн таран хийж буй хэрэг. Бодит ашгийг Хятадын нүүрсний ченжүүд хүртсээр байх болно. Нүүрсийг угааж баяжуулахаар илүүдэл шороо, чулуунаасаа салж чанар, илчлэг нь сайжирдаг. Түүхий нүүрстэй харьцуулахад овор хэмжээ нь 20-30% буурна. Энэ хэмжээгээр тээвэрлэлтийн зардлаа хэмнэдэг. Чанар дагаж үнэ гэдэг дээ. Угаасaн нүүрсийг түүхий нүүрснээс илүү өндөр үнээр зарж болно. Ингэж Таван толгойн ордын нүүрсийг дэлхийн зах зээлд буюу Хятадаас гадна Япон, Солонгос гэх мэт гуравдагч зах зээлд гаргах нь Монголчуудын зорилго байх учиртай. Харамсалтай нь бид юун далайн боомтод хүрэх нь битгий хэл уурхайн аман дээрээ хүртэл “шахуулаад”, Орос ах нартаа коксжих нүүрсний зах зээлээ булаалгах дээрээ тулчихаад сууж байгаа. Ийм арчаагүй байдлаас хурдан гарах хэрэгтэй. Ер нь нүүрсийг түүхийгээр зарвал үнэ багатай зарах учраас ордыг сорчлон олборлохоос аргагүй байдалд хүргэдэг. Уурхайн ашиглалтын нөөц хомсдох хохиролтой.
Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn
–Эрдэнэс Таван толгойн уурхайд сорчлон ашиглах байдал ажиглагдаж байгаа юу? Сорчилно гэхээр өндөр чанартай нүүрсийг аваад, бусдыг нь хаяна гэсэн үг үү?
-Тийм. Уурхайг урт хугацааны төлөвлөлтийн дагуу, хөрс хуулалтын зохистой горимоор өртгийг нь удирдаж авч явах ёстой юм. Нүүрсээ түүхийгээр олборлож байгаа учраас үнэ багатай борлуулдаг. Үнэ бага учраас яах вэ? Хөрсөө аль болох бага хуулж, ахиухан нүүрс авахыг хичээхээс аргагүй. Ингэж тонн нүүрсэнд ноогдох өртөг зардлыг хүчээрбууруулах гэж технологийн горимыг эвдэж эхэлдэг. Ийм түүхийг Багануур, Шивээ овоогийн уурхайгаас харж болно. Үнийг нь хэт доогуур урт удаан хугацаанд барьснаас болж хөрс хуулалт нь хоцроод, нүүрс нь ханандаа тулчихсан байгаа. Хөрс нурвал уурхай таг зогсож төвийн эрчим хүчний систем аюултай байдалд орно. Одоо эдгээр уурхайг хөрс хуулалтын зохистой горимд шилжүүлж ажиллуулахын тулд нүүрсний үнийг нь бага ч гэлээ нэмсэн байна лээ. Баруун, зүүн Цанхийн уурхайг ийм байдалд оруулж болохгүй. Коксжих нүүрсний хувьд зах зээлийн өрсөлдөөнөөр үнэ тогтоно. Үнийг бид удирдаж чадахгүй. Харин удирдаж болох зүйл гэвэл өртөг. Таван толгой ордыг баруун, зүүн Цанхи, Ухаа Худаг гэж ялгалгүй цогцолбороор нь бассейны хэмжээнд төлөвлөлт гаргаж сайн, муу нүүрс гэж хаялгүй хамтад нь хольж ашиглах нь байгалийн нөхөгдөшгүй баялгийг иж бүрэн олборлож, ордын үнэ цэнийг өсгөх нөхцлийг бүрдүүлнэ. Олон улсын практик ч энийг харуулна. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ ажил хэрэг болж чадвал уурхайн өртөг ихээхэн буурч, Монголчууд гуравдагч зах зээлд нүүрсээ борлуулах боломж нээгдэнэ. Гэлээ гээд бүх зүйл сайхан болчихгүйг бас ойлгох хэрэгтэй. Цаана нь жинхэнэ өрсөлдөөн угтана. Австрали, ОХУ, Индонези гээд “аварга тамирчид” биднийг “ринг”-эн дээр хүлээж байгаа.
Таван толгойн ашиглалтын тусгай зөвшөөрөл 100% Эрдэнэс Таван толгой ТӨХК-ийнөмч хэвээрээ үлдэнэ. Нөгөө талдаа Таван толгой ордын зөвхөн баруун, зүүн Цанхийн хэсэгт хамаарах гэрээ хийхээр байгаа. Энэ нь Эрдэнэс Таван толгой компанийн мэдэлд байгаа нийт 7.4 тэрбум тонн нөөцийн 40 орчим хувь. Үлдсэн хэсэг болох Бор тээг, Оорцог, Бор толгой, Онч хараат талбай дээрЭрдэнэс Таван толгой компани 4.4 тэрбум тонн нөөцийг ашиглах, нэмэлт үйл ажиллагаа эрхлэх, зах зээлийн байдлаас хамаарч бусад хөрөнгө оруулалт татах боломж бүрэн нээлттэй үлдэж байгаа.
Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn
–Таван толгой төслийг гацаахгүй явуулах ямар арга байж болох вэ?
-Тэр 280 сая ам.доллараар гүйцэтгэсэн гээд байгаа төмөр замын далангийн шороо овоолсон ажлын гүйцэтгэлд аудит хийхээ больчих. Энержи Ресурс ч гэсэн үндэсний том компани байна даа. Юм үзсэн юм шиг тэрийг нь нүдэн балай чихэн дүлий өнгөрөөгөөд, хүлээгээд авчих л даа. Ажил нь дутуу бол нөхөөд л хийчихнэ биз. Гэрээнээсээ тэр заалтыг хасчих. Тэгвэл Таван толгой гацалгүй урагшилж магад.
–Ярилцсанд баярлалаа.
М.БААСАНСҮРЭН