Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: БНСУ-тай транзит нислэгийн хоригийг цуцлах талаар ярилцаж байна

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаад улсаас нийт 26192 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Тодруулбал, агаарын замаар 91 улсаас 19611 иргэн ирсэн бол авто замаар 6581 иргэн эх орондоо ирээд байгаа.

Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 200 орчим иргэн эх орондоо ирнэ. Мөн хилийн хязгаарлалт тогтоосноос хойших тусгай үүргийн 100 дахь нислэг болж байна.

УОК-ын даргын шийдвэрээр арваннэгдүгээр сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарь батлагдсан. Ирэх сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Үүнээс БНСУ-руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр болсон. Токио хот руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Энэ нислэгийн үндсэн зорилго нь япон улсад оршин суух зөвшөөрлөө авсан иргэдийг япон улсад хүргэж өгөх мөн япон улсад байгаа болон гуравдагч улсаас дамжин ирэх хүсэлтэй иргэдийг эх оронд нь авч ирэх юм.

Европын чиглэлд ирэх сарын 19-нд Франкфурт руу нислэг үйлдэнэ. Энэ нислэгээр европын улс оронд байгаа иргэд эх орондоо ирэх боломжтой.

Арваннэгдүгээр сарын 06-нд Казахстанд байгаа иргэдийг эх оронд нь авч ирэх нислэг байгаа. Турк улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд бий. Тухайн иргэдийг арваннэгдүгээр сард татан авах боломжтой эсэхийг судална.

Мөн зургадугаар сарын 02-ноос хойш БНСУ-ын Хууль зүйн яамнаас гуравдагч улсаас Монгол Улс руу үйлдэгдэж байгаа болон манай улсаас эхлэлтэй гуравдагч улс руу зорчих иргэдэд транзит хориг тавьсан. Энэ асуудлыг БНСУ-тай ярилцаж, цуцлуулах асуудлыг хэлэлцэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *