Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар хэрэгжих гэж буй “Хариуцлагатай аялагч” ажлын нээлт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигчдын танхимд боллоо. 2017.10.13
АНУ-д ажиллах хүч гаргах асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
-АНУ-д ажиллах хүч гаргах талаар яригдаж эхэллээ. Хоёр улсын яриа хэлэлцээ ямар шатандаа явна вэ?
-Гадаад харилцааны яам АНУ-ын Дотоодын аюулгүй явдлын яаманд түр хугацааны ажилтан авдаг “H2” хөтөлбөртөө Монгол Улсыг оролцуулах хүсэлт тавьсан. Энэ хөтөлбөрт 84 улс хамрагдсан байдаг юм билээ. Үүний нэгд нь Монгол Улс нэрээ дэвшүүлчихээд байгаа. Яриа, хэлэлцээний түвшинд явж байгаа уг асуудалд АНУ-ын талаас албан ёсны хариу хараахан өгөөгүй байна.
-Ирэх арваннэгдүгээр сараас ану руу ажиллах хүчин гаргана гэж мэдээлээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Уг асуудлыг Америкийн тал нааштайгаар судалж байгаа. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард хариугаа өгчих болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Хэрэв манай улс H2 ангиллын виз авах боломжтой орны тоонд хамрагдчих юм бол Америк руу богино хугацаанд ажиллах хүч гаргах үүд хаалга нээгдэх юм.
-“H2” ангиллын визний тухай дэлгэрүүлэхгүй юу. Ямар салбарт ажиллах хүчин авдаг юм бэ?
-АНУ-д хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч гаргах виз байгаа. Ер нь бол энэ ангиллын виз нь урт хугацааных биш, улирлын чанартай байдаг. Дээд тал нь нэг жилийн хугацаанд ажиллах виз олгодог. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Америкийн компаниуд ажиллах хүч шаардлагатай болбол АНУ-ын Засгийн газартай тохирсон гадаадын 84 улсаасаа авдаг.
-Мэргэжил харгалздаг уу?
-Энэ ангиллын виз нь мэргэжилтэй болон мэргэжилгүй гэсэн хоёр янз л даа. “H2 A”, “H2B” ангилал гэж байдаг. Үүнд нарийн мэргэжил шаардахгүй. ХАА-н буюу ХАА-н бус гэж хоёр хуваагдаж байгаа юм. Ер нь бол өргөн хүрээнд ойлгож болно.
-АНУ жилдээ “H2” ангиллын визээрээ хичнээн ажиллах хүчин авдаг юм бэ. Тухайлбал, нас, хүйсний тал дээр ямар бодлого баримталдаг юм бол?
-Ажиллах хүч захиалагч АНУ-ын компани ямар ажлын байран дээр хэдий насны хичнээн хүн авах сонирхолтой байгаагаа санал болгодог. Мэдээж хөдөлмөрийн насны залуучууд руу чиглэх болов уу. Харин нас, хүйсний тухайд хийх ажлаасаа шалтгаалаад ялгаатай. Өнгөрсөн оны статистик мэдээллээс харахад “H2B” ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авсан байна лээ. Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна гэсэн үг. Америкийн компани тухайн улсын иргэнийг АНУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна, ийм, ийм нөхцөлөөр хангана гэсэн баталгаагаа Хөдөлмөрийн яамандаа гаргаснаар ерөнхийдөө зөвшөөрөл нь олгогддог. Үндсэндээ хөдөлмөрийн мөлжлөгөөс зайлсхийж байгаа асуудал юм. Тодруулбал, гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч Америкийн компани нь Хөдөлмөрийн яамандаа баталгаа гаргаж байгаа хэрэг. Үүнд олон шалгуур байдаг. Гадаадаас ажиллах хүч авчихаар дотоодын ажиллах хүчинд сөргөөр нөлөөлөх үү үгүй юу гэдгийг батлах ёстой байдаг юм билээ. Нэг ёсондоо тухайн компани ажлын байрны зараа тавиад байхад америк иргэд тэдэнд хандахгүй байгаа тохиолдолд гаднаас ажиллах хүч авах эрх нь нээгдэж байгаа юм билээ.
-Ер нь АНУ руу “H2” ангиллын визэнд хамрагдаж хөдөлмөрийн гэрээгээр явахаар болбол тухайн иргэнээс хэдий хэмжээний зардал гарах вэ?
-Хэрэв манай хоёр улсын яриа хэлэлцээ батлагдсан тохиолдолд мэдээж ажиллах хүч авч байгаа компани өөрөө бүх асуудлыг хариуцна. “Та замынхаа зардлыг даагаад ир, бид цалинг чинь олгоё” гэсэн асуудал байхгүй. Тухайн компани хэрэгцээ шаардлагынхаа үүднээс ажиллах хүч гадаадаас авч байгаа учраас тэр хүний бүхий л нийгмийн даатгал, гарах замын зардал зэргийг хариуцах учиртай.
-АНУ-ын тал албан ёсоор зөвшөөрвөл ажиллах хүч гаргах асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцах уу?
-Солонгос руу 2004 оноос ажиллах хүч гаргаж эхлэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцох асуудлыг манай яам гүйцэтгэж байгаад хэрэгжүүлэхийг нь Хөдөлмөрийн яам хариуцаж байсан. Үүнтэй адил чиг үүргийнхээ дагуу уг яам хариуцаад явна. Тэр хүртэлх процессыг Гадаад харилцааны яам хариуцаад ажиллаж байгаа.
-АНУ-д хичнээн монгол иргэн ажиллаж, амьдарч байна вэ. АНУ-ын Элчин сайдын яамтай хамтраад “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүлсэн. Тэгэхээр виз мэдүүлэгчид юуг анхаарах ёстой вэ?
-Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлээд байгаа. Иргэд визээ хариуцлагатайгаар мэдүүлээч ээ. Очоод хугацаагаа битгий хэтрүүлээч ээ. Энэ нь эргээд виз мэдүүлж байгаа бусад монгол иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс болж гадаадын улс орнууд визний нөхцөлөө улам хатууруулдаг. Өнөөдрийн байдлаар Америкийн 200 орчим хотод 25 мянга гаруй монгол иргэн амьдарч байгаа. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлж байгаагаар өнгөрсөн 2016 онд 10 мянган монгол иргэн виз авсан. Эдгээрээс аялал жуулчлалын болон бизнесийн зорилгоор виз авсан хүмүүсийн найман хувь нь визний хугацаа хэтрүүлсэн. Оюутны ангиллын виз авсан залуучуудын 20 хувь сургуулиа хаяж, хууль бусаар ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээлэл байгаа. Ер нь ямар нэгэн байдлаар виз авсан монгол гурван хүний нэг нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, визний хугацаа хэтрүүлэх зөрчил гараад байна.
АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөр гэж байдаг. Өнөөдрийн байдлаар 38 орны иргэд АНУ-д 90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчиж байна. Үүнд ороход хамгийн чухал нь виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаа хүмүүсийн гурваас илүүгүй хувь байх ёстой байдаг. Энэ шаардлагад хүрсэн улсуудад дээрх 38 улсын иргэд визгүй зорчиж байгаа юм. Тэгэхээр манай улсын хувьд хоёр хүний нэг нь татгалзсан хариу авчихаад байгаа. Энд хувь хүний хариуцлагын асуудал гээд олон хүчин зүйл байна. Нөгөө талаар төр иргэдийн оролцоо хамтын ажиллагаа чухал. Иргэд ухамсаргүй, хувиа хичээсэн байдлаар хандах юм бол өөрөө болон хамаатан садангийнх нь хүмүүсийн виз гарах боломж нь буурна. Жишээлбэл, виз мэдүүлэгч “Танай хамаатан садан АНУ-д байгаа юу” гэхэд байсаар атал “Байхгүй” гээд мэдүүлчихлээ гэж бодъё. Энэ тохиолдолд тэр хүнд итгэх итгэл байхгүй болж байгаа юм. Цаашлаад түүний үр хүүхэд, хамаатан саданд нь хүртэл “Итгэл хүлээлгэхэд хүндрэлтэй” гээд татгалзах үндэслэл болчихдог. Харин үнэнээр нь хариулбал тэр хүнд илүү нааштай боломж байдаг. Хамгийн гол нь визний мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлэх нь чухал. Үүн дээр манай монголчууд хариуцлагатай баймаар байгаа юм.