Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Жамбаа: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлж байж айл, ААН-үүд сэргээгдэх эрчим хүч ашиглах сэдэлтэй болно DNN.mn

Эрчим хүчний бодлогын шинжээч Л.Жамбаатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нийтээрээ хэрэглэх боломж, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.


-Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудлыг илүүтэй илэрхийлж байна. Манай улсын хувьд энэ чигийн бодлого, эрх зүйн зохицуулалт ямар байдаг юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний нөөц манай улсын хувьд хаа сайгүй л байна. Тэр дундаа нарны эрчим хүчийг хүн болгон ашиглах бүрэн боломжтой улсын нэг бол Монгол. Гэтэл үүнийг бид яагаад ашиглахгүй байна вэ гэхээр олон зүйлийг хэлж болно. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хууль, эрх зүйн орчин болон тарифын бодлого сул байна. Тухайлбал, айл өрхийн хувьд нарны эрчим хүчийг ашиглая гэж бодъё. Гэтэл өөрсдийнхөө хэрэглээнээс илүү гарсанаа нэгдсэн сүлжээнд өгье гэхээр худалдаж авах үнэ нь манайд асар хямд байна. Жишээлбэл эрчим хүч худалдаж авах нэгж үнэ нь 140 төгрөг байна уу, үгүй. Нэг квт-ыг нь шүү дээ. Гэтэл энэ тарифаар хөрөнгө оруулалтаа буцааж нөхнө гэдэг боломжгүй. Өөрөөр хэлбэл тариф бага байгаа нь энэ чигийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

-Манайд тариф нь бага байдаг юм байж. Бусад улс орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэж байгаа нь ямар учиртай вэ. Манайд тэгвэл тарифыг нь нэмчихэд л айл, өрх энэ төрлийн эрчим хүчийг хэрэглэж эхэлнэ гэсэн үг үү?

-Бас зөвхөн тарифаас шалтгаалахгүй л дээ. Бусад улс орнуудын хувьд яагаад энэ төрлийн эрчим хүчийг хэрэглээд байгаа вэ гэхээр нэгдсэн сүлжээнээс авч байгаа цахилгааны тариф нь өндөр байдаг. Өөрөөр хэлбэл нэг квт эрчим хүчийг сүлжээнээсээ 300-400 төгрөгөөр авдаг.

Тиймээс сүлжээнээс ийм өндөр үнээр авч байхаар нарны станцтай болчихвол нэгжийн үнэ нь хоёр дахин хямд тусна гэсэн үг. Харин Монгол Улсад сүлжээнээс авч байгаа цахилгааны үнэ хямдхан учир нарны станц ашиглах шаардлагагүй гэсэн хандлагатай байдаг. Нөгөөтэйгүүр хувьдаа нарны станцтай болчихлоо гэж бодоход улсаас авч байгаа цахилгаанаас нь илүү өртөг өндөр гэсэн үг. Тиймээс энэ чигийн эрчим хүчийг хөгжлүүлэх, нийтээрээ хэрэглэдэг болохын тулд нэгдүгээрт, сүлжээний тарифыг өсгөх. Хоёрдугаарт төрийн дэмжлэг хэрэгтэй. Тэгж байж айл өрх бүр нарны болон салхины станцтай болно гэсэн үг.

-Төрөөс хэрхэн дэмжих ёстой юм бэ?

-Сүлжээнээс авч байгаа үнээс өндөр өртөгөөр сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа айл өрх бүрд зөрүүг нь төрөөс олгох хэрэгтэй. Нэг ёсондоо төрөөс татаас авна гэсэн үг. Татаас гэдэг нь тухайн айл өрхөд сэргээгдэх эрчим хүчийг анх суурилуулахад гарах зардлын 20-30 хувийг төрөөс хангадаг байх. Яг энэ тогтолцоо бол сэргээгдэх эрчим хүч идэвхтэй ашигладаг бусад улс орнуудын шалгарсан жишиг гэж хэлж болно. Одоо ч гэсэн зарим улс орнуудад 30 биш бүр 50 хувийн хөрөнгө оруулалтын дэмжлэг өгдөг систем хэрэгжиж байна. Манай улсын хувьд энэ системээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн жишээ бий. Тухайлбал 2000-аад оны үед 100 мянган нарны толийг хөдөө, орон нутгийн айлуудад олгох төслийг хэрэгжүүлж байсан. Тэр үед Засгийн газраас тавин хувийг нь өгч байсан санагдаж байна. Энэ төслийн үр нөлөөгөөр манай малчид, хөдөөнийхөн тодорхой хэмжээний эрчим хүчний хэрэглээтэй болсон байдаг. Яг үүнтэй адил айл, өрхүүдэд дэмжлэг үзүүлж байж л энэхүү асуудал цаашид илүү бодитой, үр дүнтэй байна.

-Та сая айл өрхийн түвшинд асуудлыг хэллээ. Тэгвэл том зургаараа буюу улс орны хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх шаардлагатай юм бэ?

-Том түвшинд авч үзье гэвэл техникийн зарим нэг асуудал гарч ирдэг. Тухайлбал, усан цахилгаан станц болон хийн станц эхлээд барьж байж нар, салхины станцуудыг бий болгох шаардлагатай. Энэ нь юу гэхээр нар, салхигүй үед усан болон хийн станцаар хэрэглээгээ нөхөх асуудал. Гэхдээ баттерейн технологи сайн хөгжсөн учир заавал усан болон хийн станц барих шаардлага байхгүй л дээ. Яг энэ технологиор Сонгинохайрханд сая барьж дууссан. Энэ мэт сэргээгдэх эрчим хүчийг хурдтай хөгжүүлж, энэ төрлийн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай.

-Яаж дэмжих вэ?

-Юуны өмнө дэмжих дээ тендер зарлаж буюу өрсөлдөөнт худалдан авалтуудыг шалгаруулах хэрэгтэй. Хуулиар ч ийм. Хэрэв ингэж чадвал манай улсад нарны станц нэг квт нь 5-6 цент, салхиных нь 6-7 цент байх боломжтой. Тиймээс Эрчим хүчний яамнаас энэхүү тендерийг яаралтай зарлаж, хэрэгжүүлэх шаардлагатай. 2019 онд хууль нь батлагдчихсан. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг одоо хангуулах ёстой гэсэн үг.

ӨРХИЙН ТҮВШИНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ БОЛОХОД 15-20 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ 

-2019 онд шинэ хууль батлагдсан гэлээ. Тэгвэл түүнээс хойш таван жил өнгөрөхөд яагаад тариф огт хөдлөхгүй байна вэ?

-Энэ хуулиар тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо дангаараа буюу 100 хувь шийднэ гэж заасан байдаг. Тухайлбал, одоо яг ямар тарифаар явбал болохоор байна гэдгийг энэ хороо дангаараа шийдээд явах боломжтой болсон. Эрчим хүчний сайдаас ч асуухгүйгээр шийднэ гэсэн үг. Гэвч ийм эрх зүйн орчин нь байхад хэрэгжихгүй байна гэхээр цаанаа улс төрийн ямар нэгэн нөлөө байна гэсэн үг шүү дээ. Би бол тэгж л хардаж байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний тарифыг хөдөлгөе гээд шийдвэр гаргах гэтэл улс төрийн нөлөө орж ирчихээд хөдлөхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр тариф өөрчлөгдөхгүйгээр шинэ станц, шинэ хөрөнгө оруулалт ярих ямар ч боломжгүй. Цаашид одоо ажиллаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдийн найдвартай ажиллагаа алдагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа станцууд дээр завсар үйлчилгээ хийх санхүүжилт байхгүй болно гэсэн үг. Зөвхөн тарифын асуудлаас болж.

-Эрчим хүчний эх үүсвэр гэснээс одоо ашиглалтад орох ямар шинэ эх үүсвэр байна вэ. Мэдээж Бөөрөлжүүтийн станцыг та ярих байх…?

-Бөөрөлжүүтийн станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орно гэж ярьж байгаа. Гэтэл энэхүү станц маань өөрөө 28 жилийн хугацаанд нэг квт-ыг нь 8.8 центээр  улсад зарах гэрээтэй. Тэгэхээр ойролцоогоор 1.4 тэрбум квт цаг цахилгааныг улсад нийлүүлнэ гэсэн үг. Тэр утгаараа улс ийм их хэмжээний цахилгааныг тогтвортой буюу 8.8 центээр 28 жилийн турш төлбөрийг нь төлөх үүрэг хүлээж байгаа юм. Гэтэл одоо байгаа тарифын тогтолцоогоор энэ төлбөрийг төлөх ямар ч боломжгүй. Үүнээс болоод хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаа. Жишээлбэл, 10 дугаар сард эхний блокоо ашиглалтад өгөхөд улс надад төлбөрөө төлж чадах уу. Тариф нь ийм бага байхад нэмэхгүйгээр төлбөр өгөх боломжтой юу гэж эргэлзэнэ. Тэгэхээр цаашид төлбөрөө авч чадахгүй учраас хөрөнгө оруулалт нь зогсоно. Тэгвэл дараа дараагийн 150, 150ийг хэрэгжүүлэх боломжгүй болно.

-Тэгвэл тарифаа л зайлшгүй нэмэх шаардлагатай юм биш үү?

-Тийм. Энэ аравдугаар сараас өмнө тарифыг нэмэх шаардлага бидэнд тулгарч байгаа юм. Ингэснээр тус станцыг ашиглалтад оруулж, ирэх өвлийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрээ баталгаажуулах шаардлагатай. Нэг ёсондоо цаашид бид тарифаа нэмж цахилгаантай байх уу эсвэл нэмэхгүйгээр цахилгааны хязгаарлалтад орж амьдрах уу гэдэг сонголтоо хийх цаг. Ирэх жилүүдэд бүр 1990-ээд оны нөхцөл байдал руу ч орж болзошгүй.

-Эрчим хүчний зохицуулах хороо тариф нэмэх эсэх асуудлыг дангаараа шийддэг юм бол түүгээрээ шийдээд явж болохгүй юм уу. Та улс төрийн нөлөө байна гэж хэллээ. Яг ямар нөлөө байдаг юм бэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо таван зохицуулагчтай байдаг. Таван гишүүнтэй гэсэн үг. Энэ тавын гурвыг нь Эрчим хүчний сайдын санал болгосноор Ерөнхий сайд томилдог. Нэгийг нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал болгосноор Ерөнхий сайд. Үлдсэн нэгийг нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Ерөнхий сайдад санал болгосноор томилдог. Хуулиараа энэ таван зохицуулагчийг Ерөнхий сайд томилдог гэсэн үг. Тэгэхээр үнэ тариф тогтоох процесс мэдээж Эрчим хүчний зохицуулах хороо дээр явагдана. Суурь судалгаагаа ч хийчихэж байгаа. Улмаар тариф нэмэх эсэх асуудлыг Эрчим хүчний сайд Ерөнхий сайдтай зөвшилцөнө. Яг энэ процесс дээр л улс төрийн дэмжлэг дутдаг юм болов уу гэж ойлгодог.

-Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчин сул байгаа талаар та ярианыхаа эхэнд хэлсэн. Яг ямар зохицуулалт дутаж байна вэ?

-Юуны өмнө одоо мөрдөгдөж байгаа хуулийг ягштал хэрэгжүүлэх шаардлага бий. Хуулиар хэрэгжүүлээд эхэлбэл ойрын хугацаанд энэ асуудал идэвхтэй өрнөж эхэлнэ. Хууль батлагдаад таван жил болж байхад нэг ч тендер зарлаагүй байна гэдэг бол хууль хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр тендерээ зарлах хэрэгтэй. Жижиг сэргээгдэх эрчим хүчний журмыг сая 2021 онд гаргасан байдаг. Гэхдээ энэхүү журам үнэхээр ерөнхий байдлаар батлагдсан. Төвийн сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний журам. Энэ нь айл өрх гэхээсээ илүү аж ахуйн нэгжүүдэд хамаатай журам гарсан гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд бүгд төвийн сүлжээнд холбогдсон байдаг. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүүд өдрийн цагаар нарны эрчим хүч ашиглаад явах боломжтой байгаа. Гэвч энэхүү журмаар зөвхөн айл өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гээд заачихсан. Өөрөөр хэлбэл хуулиасаа давсан журам гаргачихсан гэсэн үг. Тэгэхээр томоохон худалдааны төв болон аж ахуйн нэгжүүд өдрийн цагаар сэргээгдэх эрчим хүч ашиглая гэхээр журмаа зөрчих болж таардаг. Тиймээ энэ хууль, журмын зөрчлийг арилгах шаардлагатай. Нөгөөтэйгүүр тарифыг нь нэмж өгсөнөөр айл өрхийн сэргээгдэх эрчим хүч хэрэглэх сэдлийг нь бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй сэргээгдэх эрчим хүч ашигласнаас бага тариф төлж байгаа энэ цаг үед айл өрх хэзээ ч нарны болон салхины станцтай болъё гэж бодохгүй.

-Угтаа айл өрх болгон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болоод өөрсдийнхөө хэрэглээнээс давсан эрчим хүчээ улсад зардаг эдийн засгийн тогтолцоо руу оръё гэж байгаа шүү дээ. Ер нь ийм боломж манайд бий юу?

-Юуны өмнө хууль гэхээс илүү хуулиас давсан журмуудыг эхлээд янзлах хэрэгтэй. Таны хэлдэг шиг хэрэглээнээсээ давсан эрчим хүчээ улсад худалдах боломж манайд бүрэн бий. Мөн ийм болгохын тулд тарифын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дараа нь олон улс болон төрийн дэмжлэг орж ирэх шаардлагатай. Тэгэж байж яг таны хэлснээр айл өрх бүр эрчим хүчний бизнес эрхлэх боломж бүрдэнэ. Гэхдээ тэр болтол асуудал олон байгааг би хэллээ шүү дээ. Эдгээр арга хэмжээ бол олон улсад шалгарсан арга технологи. Тиймээс манай улс ч гэсэн энэ чигийн бодлогын өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.

-Нийтээрээ бид сэргээгдэх эрчим хүч ашиглаад хэвшчихвэл ямар ач холбогдол гарах вэ?

-Том зургаараа харвал мэдээж агаарын бохирдол алга болно. Учир нь айл өрх бүрд цэвэр эрчим хүч хэрэглэж байгаа болохоор. Нөгөөтэйгүүр өөр дээрээ эрчим хүчтэй байна гэдэг бол ямар нэгэн цахилгааны тасралт байхгүй болно. Хараат бус эрчим хүчний хэрэглэгч болно гэсэн үг. Цахилгааны чанар сайжирна. Ирэх жилүүдэд Бөөрөлжүүтээс эхлээд томоохон цахилгааны эх үүсвэр нэмэгдэнэ. Тэр утгаараа тариф зайлшгүй өсч таарна. Тэгэхээр тэр үед та өөр дээрээ сэргээгдэх эрчим хүчтэй бол цахилгааны үнийн өсөлтөд өртөхгүй болно гэсэн үг. Ерөнхийд нь хэлбэл ийм байна. Гэвч манайд жижиг түвшинд буюу айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төрийн бодлого эсвэл ямар нэгэн төсөл, хөтөлбөр одоогоор алга байна. Зарим нэг айлууд л хувьдаа энэ төрлийн эрчим хүчийг туршиж үзэх, ашиглах тохиолдол л байна шүү дээ.

-Мэргэжлийн хүний тань хувьд нэг зүйл тодруулъя. Жишээ нь нэг айлд нарны станц суурилуулъя гэвэл нийт төсөв, өртөг нь ямар хэмжээнд гарч ирдэг юм бол оо?

-Их олон янз л даа. 100 хувь хэрэглээгээ хангадаг болно гэвэл баттерейтай болох шаардлагатай. Учир нь орой нар орсны дараа баттерей дахь нөөц эрчим хүчээ ашигладаг болно гэсэн үг. Тэр утгаараа баттерейтай болчихоор төсөв, өртөг нь нэмэгдэнэ. Сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчтэй болъё гэж бодъё. Өөрөөр хэлбэл өдөр нь сэргээгдэхээ ашиглаад, орой нь сүлжээний цахилгаанаа холбочихно. Ийм байдлаар эрчим хүчээ шийдье гэвэл нэг айлд ойролцоогоор 5 квт станц суурилуулахад 15-20 сая төгрөг болно. Харин 100 хувь хэрэглээгээ хангадаг болъё гэвэл 30-40 сая болох жишээтэй. Нэг зүйл хэлэхэд үүнийг бизнес талаас нь харвал маш хэцүү. Учир нь яг өнөөгийн түвшинд гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөх маш хэцүү байна. Тиймээс өөртөө буюу өрх гэртээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаараа харах нь илүү дээр болов уу.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *