Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гүндалай: “Ард түмний хүч” намаасаа нэр дэвшинэ DNN.mn

“Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд юу хийж байна вэ?

-Хийсэн зүйлгүй л байна даа. Сонгуульд бэлдээд, хэдэн залуус нэр дэвшүүлэх гээд сууж байна.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Миний бие “Ард түмний хүч” намаасаа энэ сонгуульд оролцоно. Намынхаа дарга нь буцаад би болсон. Улсын дээд шүүхэд бичгээ өгчихсөн. Энэ долоо хоногт бүх гишүүдийнх нь хурал болно гэсэн. Энэ хурлаараа миний нэрийг бүртгээд авчих байх гэж бодож байна.

-Бүртгэхгүй бол яах вэ?

-Хамаагүй шүү дээ. Бүртгэх гүй ч гэсэн дүрмийнхээ дагуу хурлаа хийгээд би намын дарга нь болсон. Тэгэ хээр даргаараа л явна. Дээд шүүх бүртгээгүй л юм байгаа биз. Гэхдээ бүртгэх байлгүй дээ гэж бодож байна. Бүх материал, баримт нотолгоогоо бүрэн өгсөн байгаа.

-Таныг энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ гэж яриад байсан. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр тийм уулзалт, яриа болсон уу?

-Болсоон болсон. Би чинь Ардчилсан намд С.Эрдэнэ намын дарга гэж байх үед эргээд орсон. Тэгээд намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан. С.Эрдэнэ чинь цахим сонгууль гэдэг зүйлээрээ намайг ялчихсан.

-Саяхан бас Н.Номтойбаярын тэргүүлж байгаа үндэсний эвсэлд орсон гээд л байсан?

-Юу гэж дээ. Би тэдэнтэй нэгэнтэй нь ч уулзаагүй. Би чинь өөрийн гэсэн намтай хүн. Худлаа яриа байна. Бусдын намд орж явах хүн мөн үү, би. Хэрэв уулзаж, ярилцсан бол эвсэх тухай л ярих байсан биз.

-Нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хугацаа энэ долоо хоногт дууссан. Танай намын мөрийн хөтөлбөр цэгцэрч байна уу?

-Энэ долоо хоногийн пүрэв гаригт манай намын хурал болно. Түүгээрээ мөрийн хөтөлбөрөө батална.

-Та тойрогт хүч үзэх бодолтой байна уу. Аль эсвэл намынхаа жагсаалтад орох юм уу?

-Одоогийн байдлаар дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад өрсөлдөнө гэсэн бодолтой, яриа хөөрөөтэй л явна.

-Өнгөрсөн сонгуульд таныг хамгийн бага зардлаар оролцож, ялалт байгуулах дөхсөн гээд л ярьдаг. Тэгэхээр танай нутгийн ард түмэн танд их хайр, хүндэтгэлтэй ханддаг шиг санагдах юм. Энэ чухам юундаа байна вэ?

-Манай Хөвсгөлийнхөн ер нь надад гайгүй шүү дээ. Би чинь бас тийм ч муу улстөрч биш. Дээрээс нь Хүүхдийн мөнгийг анх санаачилж байлаа. Одоо Монголын маань хүүхдүүд 100 мянган төгрөг аваад явж байгаа чинь миний санаачилга. Үүнийг хүмүүс мартдаггүй, мэдэх нь мэддэг юм билээ.

-Та нэлээд эрчимтэй л айвчин болсон. Мартагдахгүй байх гэсэн нэг арга уу?

-Одоогоос таван жил буюу сонгуулийн өмнө лайв хийж эхэлсэн. Сонгуулийн үеэр онгоцны суудал өгөлгүйгээр Тайландад зориуд үлдээсэн. Тэгэхээр гадаадаас лайв хийж, сонгуулийн сурталчилгаагаа хийхээс өөр арга байгаагүй. Ингээд сонгуулийн өмнөх өдөр Монголдоо ирэхэд 21 хоногийн карантинд нөхдүүд хийж авсан. Түүнээс хойш зав чөлөөгөөрөө лайв хийж байна. Миний ард чинь бусад шиг баг, студи, туслах байхгүй. Ганц гар утастайгаа л үзсээр байгаад Монголын хамгийн олон дагагчтай нөлөөлөгч болсон.

-Хэд хоногийн өмнө Д.Мөнх-Эрдэнэтэй сошиалд асуудал үүсгээд авсан. Чухам юунаас үүдсэн хэрэг вэ?

-Би уг нь огт мэдээгүй юм. Тэгсэн нэг дүү маань “Нөгөө Д.Мөнх-Эрдэнэ чинь таны дайснуудтай нийлчихсэн байна” гэсэн. Тэгээд үзсэн чинь намайг гүтгэдэг нөхдүүдтэй яг адилхан зүйл яриад байсан.

-Зайсангийн газрын асуудал байсан уу?

-Зайсангийн газрыг би л зараад, баяжаад байгаа юм байх аа.

-Таныг яагаад энэ Зайсангийн газартай холбоод байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, Зайсанд манай дүүгийн дулааны нэг шугам, хоёр га газар байдаг юм. Газар нь одоо ч бүр багасчихсан байна лээ. Дулааны шугамаас нь баахан хүн хулгайлаад бөөн хэрүүл болсон. Тэр хэрүүлдээ л намайг хавчуулж, дайрдаг. Би үүнийг нь тоодог ч үгүй. Намайг унагаах зүйлгүй болохоороо л энэ асуудлыг сөхдөг. Энэ бол цэвэр дайралт, гүтгэлэг. Үнэхээр зарж үрсэн гээд байгаа газрыг нь олоод ирэх хэрэгтэй. Тэр бас олддоггүй юм шиг байна лээ, хөөрхий.

-Та чинь уг нь шоронд хоригдож байхад нь эргэж очоод л, хуурай ах, дүү гээд байсан биз дээ?

-Шоронгоос гарч ирээд нэг л өдөр над руу дайрсан. Тэр өглөө нь би өөр рүү нь хэд, хэд залгасан. Утсаа аваагүй. Дараа нь яасан олон залгадаг юм гэж загнаад салгасан. Итгэж, тусалж, хамгаалж явсан дүү маань дайснуудтай минь нийлж араас хутгалах гэж дээ гэж бодоод л өнгөрсөн. Бодвол шоронгоос гарахдаа амлалт өгөө биз. Нэг ёсондоо МАН-ын захиалгаар л яваад байна уу гэж бодсон.

-Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Дээрээс нь шинэ тогтолцоо, системээр явагдана. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Үүнийг би зөв л гэж бодож байгаа. Гишүүдийн тоо нэмэгдсэн нь сайн болон муу талтай. Тойрог томорсны сайн нь их. Яагаад гэхээр жижиг тойргийг мөнгөтэй олигархууд мөнгөөр зодоод гарчихдаг. Харин энэ сонгуулийн үр дүнгээр нэлээн алаг эрээн парламент болох болов уу гэж харж байгаа. Тэр нь ч дээр.

-Эрх баригчдад ашигтай тогтолцоо гээд байгаа дээр юу хэлэх вэ?

-Эрх баригч нам чинь мөнгөтэй, олон гишүүнтэй. Мөнгөөр худалдаж авдаг ядуу хэсэг нь их. Угаасаа л эрх баригчид бүх л сонгуульд давуу талтай оролцдог. Тэгж л ирсэн. Энэ удаад тойрог нь том болохоор хувь нэр дэвшигчийн мөнгө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй байх. Гэхдээ л илүү санал авах боломжийг олгоно. Том болсон нь харин ч жижиг намуудад ашигтай. Хоёрдугаарт, МАН найман жил төр барьсан. Энэ хугацаанд авлига, хулгай, утаа, түгжрэл огт буурсангүй. Улам нэмэгдлээ. Илүү системтэй хулгайлж, луйвардлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ маш их өслөө. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт хэцүү болж байна. Тиймээс эрх баригчид энэ сонгуульд орох үнэхээр хэцүү. Ардчилсан нам ч гэсэн олигтой сөрөг хүчин хийж чадсангүй. Толгойгоо олохгүй баахан будилсан. Тэгэхээр гуравдагч хүчний намуудад их боломж бий. Ард түмэн ойлговол ойлгохоор л хугацаа өнгөрлөө.

-Гэхдээ л хоёр том нам нь яаж ийгээд л гараад ирэх юм байна шүү дээ?

– Герман улсад “Эсэргүүцлийн сонголт” гэж хэллэг, ойлголт байдаг. Аль нэг улс төрийн хүчин гарч ирээд ажлаа хийж чадахгүй бол ард түмэн ийм сонголт хийж, гуравдагч хүчний намуудыг дэмждэг. Тэгэхээр энэ жил монголчуудын маань хувьд эсэргүүцлийн сонгууль хийх тохироо нэгэнт бүрдсэн. Энэ хоёр нам 34 жил төр барьлаа. Бүхий л болохгүй байгаа зүйлтэй энэ хоёр нам холбоотой. Хэн нь ч үүнийг засаж, сайжруулъя гэсэнгүй. Тиймээс ард түмэн маань ухаантай учраас энэ хоёр намд шанаа өгөх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *