Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Парламентын засаглалаас татгалзвал шууд дарангуйлагч төрнө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын дарга хариугаа хэлсэн. Энэхүү нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Сөрөг хүчингүй парламент гэдэг ийм аюултай байдаг гэдгийг харж байна л даа. Анх 2000-2004 онд сөрөг хүчингүй байхдаа гишүүдэд тойргийн мөнгө хуваарилж эхэлсэн байдаг. Сөрөг хүчний байр суурь ямар хэрэгтэй болохыг одоогийн үйл явдал ч гэрчилж байна. Мэдээж Засаг нь тогтвортой, олонхыг нэг нам бүрдүүлэх тухай их олон жил ярьсан. Харамсалтай нь нэг нам олонх болсон ч хүссэн амжилтаа гаргасан уу гэвэл тун хэцүү. Засгийн газрыг ажлаар шахаж шаарддаг нь сөрөг хүчний үүрэг юм байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газар маш том сөрөг хүчинтэй ажилласан. Тухайн үед хагас сайн өдөр Засгийн газрын хуралдаанаа хийдэг, бүтэн сайнд нь салбарууддаа очиж ажилладаг, сайд нарыг жилд хоёроос дээш удаа томилолтоор явуулдаггүй байлаа. Олон нийтийг сонсох, мэдээллийг ил тод болгох “1111” төвийг ажиллуулж иргэдийн санал бодлыг сонсдог байх, Засгийн газрыг нээлттэй, ажилсаг, шуурхай, зорьсон зүйлийнхээ ард гардаг байсны гол шалтгаан нь том сөрөг хүчний нөлөө шүү дээ. Сөрөг хүчнээс ирэх шүүмжлэл, дарамтыг дааж гарахын тулд асар өндөр потенциал шаардсан ажлуудыг хийх ёстой юм байна гэдэг нь Н.Алтанхуягийн Засгийн газраас харагдаж байгаа юм. АН, МАН хоёр эвсээд ажиллахад өмнөх зүйлс нь бүдгэрч эхэлсэн байдаг.МАН 65-уулаа болонгуутаа “1111” төвийг татан буулгах жишээтэй, Сайд нартай тооцох хариуцлага нь илт суларсан. Сөрөг хүчний шүүмжлэл байхгүй учир 65 гишүүнийхээ арга эвийг олчиход л болдог болсон. Дотооддоо арга эвээ олсон байдал нь ЖДҮ-ийн асуудлаар илэрч байх жишээтэй. Гишүүн бүрийн тойрогт таван тэрбум төгрөг өгч байна. Тэр нь найман тэрбум болсон сурагтай байгаа. Ер нь ямар нэгэн байдлаар нэг гарт асуудал төвлөрөх юм бол хог новш их цугларч, буруу үйлдлүүд гаарах юм байна. Тиймдээ ч Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг гаргахаас өөр аргагүй л байдалд хүрсэн байна. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг арай л өөр байх болов уу гэж дэмжиж харагддаг. Харамсалтай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх санасанд нь хүрсэнгүй. Хуучнаараа л төсвөө оруулж ирж, гишүүдийг аргалах байдлаар асуудалд хандаж байна.

-Ерөнхийлөгчийг аж үйлдвэрийн комбинат байгуулах, Майдар хот-ын бүтээн байгуулалтад шаардлагатай төсөв хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаагүй учир УИХ-ыг тараах саналыг гаргалаа гэх хүмүүс байна л даа…

-Ерөнхийлөгчийн дагуул хот байгуулъя гэдэг нь буруу биш шүү дээ. Улаанбаатар хот тэлэх хэрэгтэй. Монгол хүн өөр хотод ажил хийхэд өгөөжтэй, ашигтай байхуйц боломжууд байна. Нэгэнт хот байгаа газар дахин хүссэн хотоо байгуулахад түвэгтэй учир цоо шинээр байгуулъя гэдэг Ерөнхийлөгчийн концепцийг буруу гэж хэлэхэд хэцүү. Хотыг яаж байгуулах вэ гэдгийг Засгийн газар, Их хурал бодох хэрэгтэй. Х.Баттулга санаачилсан эсэх нь хамаагүй шүү дээ. Аялал жуулчлал бидэнд хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Аялал жуулчлалаар мөнгө олно, олсон мөнгө нь бүх хүнд хүрнэ. Шашин соёл, боловсрол, шинжлэх ухааны арай өөр зочид ирдэг, орлого нь ч илүү дээр хот байгуулъя гэдгийг олон нийт дэмжиж байна шүү дээ. Аж үйлдвэр лүүгээ мөнгө оруулаач ээ гэдэг нь ч зөв. Нөгөөтэйгүүр судалгааны ажлыг маш өндөр түвшинд хийх хэрэгтэй. Яаж, хэрхэн, хэнтэй хамтарч, ямар зах зээлд бараагаа борлуулах, ямар технологи ашиглах гээд олон зүйлд шийдэл гаргах ёстой. Үүнийг Засгийн газар ажил хэрэг болгох бүрэн боломжтой.

-Ер нь УИХ тараалаа гээд өөрчлөгдөх зүйл байгаа юм уу?

-Дахиад сонгууль болоход том сөрөг хүчинтэй болно. Хэн ялах нь хамаагүй. Парламентын ганц давуу тал нь мэтгэлцэх, хяналт тавих. Мэтгэлцэж, хяналт тавихын тулд эрх баригчдаас дутахгүй, чадалтай сөрөг хүчин хэрэгтэй.Том сөрөг хүчин ажил хийлгэдэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж эрх баригчдад ташуур болдог. Тиймээс парламентын дараагийн сонгуулиас айх хэрэггүй. Ядаж 20 гаруй цөөнхтэй парламент яваад байх юм бол Монгол урагшаагаа л явна. Манайхны хөгжлийн гацаа том сөрөг хүчин гэдэг бол шал худлаа. Эрүүл саруулаар мэтгэлцээд ойлголцож чадах юм бол сөрөг хүчин хамгийн хэрэгтэй зүйл юм шүү. Бүгдээрээ хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-УИХ дахь АН-ыг бүлэг чадахаараа л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм биш үү?

-Есхөн гишүүн ямар сөрөг хүчин байх билээ дээ. Тэгээд бүгд ардаа тойрогтой. Зарим нь намын дарга, Их хурлын дэд даргын албатай. Нөгөө талд нь бүтэн Үндсэн хууль өөрчлөх баг сууж байна. Энэ тохиолдолд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ямар ч боломж байхгүй. Сөрөг хүчин байхгүйгээс төрийн тухай ойлголт нурж унаж байгааг бид харж байна. Гишүүн бүрийн тойрогт таван тэрбум төгрөг өгнө гэдэг монголчууд бидний санаанд багтамгүй юм. Эдийн засаг маш эмзэг байна.

Ирэх жилүүдэд илүү хүндэрнэ. ОУВС-тай сүүлийн хөтөлбөртөө орчихсон. Дараа нь хэнд хандах юм. Ядаж хамтарч байгаа санхүүгийн байгууллагуудаасаа ичдэггүй юм уу. Санхүүгийн сахилга баттай улс болно гэдгээ нотолдоггүй юм уу. Монгол дэлхийд ганцаардлаа шүү дээ. Дандаа л хулгайч шиг аашилдагаа болимоор юм даа.

-ЖДҮДС-гаас зээл авсан төрийн түшээдийн асуудал Б.Батзориг сайдаар туг тахиснаар намжчих юм биш байгаа гэх хүмүүс байна. Энэ тухайд?

-Хуулиа л харах хэрэгтэй. Энэ бол ёс суртахууны хувьд доголдолтой асуудал л даа. Гуравхан хувийн хүүтэй зээлийг тусгайлан зөвхөн гишүүддээ зориулж тарааж болдог юм уу. Хуулиар бол ямар ч боломжгүй. Жижиг, дунд үйлдвэрийн хуулинд маш нарийн заалтууд бий. Хуулиа мөрдөхгүй байгаад л учир байгаа юм. Монголчуудыг Японд аваачаад тэдний хуулиар амьдруулъя гэж бодоход Токиог хэдхэн жилийн дотор л нураана. Харин япончууд Монголд ирээд манай хуулиар амьдрахад таван жилийн дотор л босгоно. Хуулийг нь огт өөрчлөхгүйгээр л ийм үр дүн гарна. Монголууд бид хөгжихгүй байгаа үндсэн шалтгаан нь хууль муутайдаа биш ээ, хуулиа мөрдөхгүй байгаатай холбоотой шүү дээ. Одоо бол зээл авсан гишүүд хариуцлага хүлээхгүй ээ. Сайд сольсон болоод л өнгөрнө. Энэ байдлыг залуу үе нь битгий дуурайгаасай л гэж бодох юм.

-МАН-ын дотроо хагаралтай байгаа. Энэ нь эцэстээ юунд хүргэх бол?

-Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийг хүсч байгаа тодорхой хүмүүс байна л даа. Нам дотор яригдаж байгаа нууц мэдээллийг сонсчихоод эгдүүцдэг байх. Нэг сайд концессоор хэдэн тэрбумыг авлаа, Таван толгойн нүүрс зарж төдий хэмжээний ам.доллартай боллоо, өөрийнхөө барьсан орон сууцанд өчнөөн тэрбумыг авчихлаа ч гэдэг юм уу иймэрхүү яриаг сонсож л байгаа. Сөрөг хүчин байхгүй учир Засгийнхаа эсрэг дуугардаг хүмүүс олширч, эрх баригчид хуваагдах нь жам ёсны л асуудал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэг нам олонх болсон дээрээ шийдэх нь зөв, өөрчлөх цаг нь болсон гэж яриад байна л даа. Таны хувьд юу гэж бодож байгаа вэ?

-Хүмүүсээс гарсан алдааг механизмын аргаар засах гэж залхуурч байна гэдэг маш хортой. Чаддаг юм бол улс төрийн намуудыг эхлээд тараачих. Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгочих. Улс төрийн намуудын сонгуулийг төрийн мэдэлд аваатах. Чаддаг юм бол шүү. Улс төрийн нам гэж төрийн бус байгууллагыг шилэн, шударга болгоод өг л дөө. Үүнийгээ эхлээд хий л дээ. Муу бүхэн намаас л болж байгаа. Эрх барьж байгаа нам нь ч хэдэн ченжүүдийн гарт орсон. Тэднийгээ удирдлагууд нь аргалж дийлдэггүй. Дүр эсгэж, зангиа зүүсэн, ном үзээгүй нөхдийн гарт л байж байгаа шүү дээ. Үнэхээр сайн сайхан зүйл хүсч байгаа бол улс төрийн намуудынхаа л учрыг ол. Чадахгүй байгаа бол улсаа худалдчихгүй байж байгаад дараа үедээ хүлээлгэж өг. Залуу үед эрх чөлөө, парламентын засаглал, нэгнийгээ хянадаг төр, хянах боломжийг үлдээх хэрэгтэй. Миний үеийн болон надаас дээшээ улс төрчид улс төрийн намыг мөнгөнөөс хамааралгүй, итгэлцэж болдог, үзэл бодол дээрээ зогсдог талбар болгож ирээдүй хойч залуусдаа үлдээгээсэй. Тэгвэл аль намд байснаасаа үл хамаараад улс төрд 20, 30 жил зүтгэсэн хүмүүсийн гавьяа бол тэр. Ийм боломж байгаа гэдэгт надад багахан ч гэсэн итгэл байдаг шүү. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчлөхөөс өмнө шийдэж болохуйц асуудлаа шийдчих хэрэгтэй. Үндсэн хуулиар хамаагүй оролдож болохгүй ээ. Үндсэн хууль бол монголчууд бидний язгуур эрх ашгийг хамгаалах хамгийн үнэтэй зүйл. Монгол төрийн хар хайрцагны бодлого гэдэг нь монгол хүний эрх чөлөө, бидний тусгаар тогтнол байдаг аа. Хууль хүмүүсийг бүтээх үү, хүмүүс хуулийг бүтээх үү гэдгийг л сайн бод. Монголчуудын эрх чөлөөнд халдахгүйгээр юу хийж чадах вэ гэдгээ хаана, хаанаа сайн бодох хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжсэн хүмүүс байх шиг байна. Манай улсын хувьд хэр боломжтой хувилбар юм бэ?

-Ерөнхийлөгчийн засаглал Монголыг хөгжүүлнэ гэж байгаа хүмүүс бүгд худлаа ярьж байгаа. Маш өндөр сэтгэлийн хөөрөлтэй хүмүүсийн яриа. Тэд хоёр том гүрний дэргэд байгаагаа ойлгохгүй байна. Асар их баялагтай улс гэдгээ мэдэхгүй байна. Оюу толгой, Таван толгойгоор л баялагаа төсөөлж байх шиг. Монгол Улс мөнгөтэй хүмүүсийн шуналыг хөдөлгөхүйц асар их баялагтай. Парламентын засаглалаас татгалзвал шууд дарангуйлагч төрнө. Үүнийг баталгаатай хэлэх байна. Төрсөн дарангуйлагч нь гадны гар хөл байх нь тодорхой. Би лав хэнд ч итгэхгүй байна. Сонгогч саналаа маш их мөнгөөр өгдөг болно. Парламентын гишүүдийг маш хурдан хугацаанд мэдэлдээ оруулна. Сонгуулиас өмнө бүх төрийн албыг худалдаж авна. Тэднийг хөдөлгөх хөрөнгө нь гадны мөнгө байх нь мэдээж. Монголчуудад тийм мөнгө байхгүй шүү дээ. Харин тэр их мөнгөтэй тэнцэх баялаг бол Монголд бий. Монгол баялаггүй бол хүн сонирхохгүй л дээ. Нэг зүйлийг онцлоход Монгол төрийн тусгаар тогтнол, монголчуудын эрх чөлөөнд халдахад төлөвлөгдсөн, гадаадын туршуулууд оролцсон гэж болохоор зүйл рүү гүйж ороод байж болохгүй. Гадныхан, гадны хөл гар болсон хүмүүс Монголыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохын тулд тархи угаасан маш их ном бичиж, нэвтрүүлэг ч хийх байх. Оюун ухааныг нь ядууруулахын тулд бүгд дайрна. Хавтгайруулж нийгэмчлэх тухай яриа их явах байх. Энэ нь эхлээд “Эх оронч үзэл”, “Хариуцлага”, “Ядуучуудаа аваръя”, “Баялагаа тэгш хуваая” гэсэн үе шаттай явдаг юм билээ. Эцэст нь “Хариуцлагатай засаглал, нэг удирдагч” гэсэн зүйл явдаг юм байна. Ингээд л дарангуйлагчийн өмнө бүтэн ард түмнийг аваачдаг байх нь. Маш олон оронд энэ технологи хэрэгжиж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Турк байна. Ер нь монголчууд бид байтугай Дундад Азийнхан нэг хүний засаглалыг дааж чадахгүй байгаа. Тэнхээ нь хүрэхгүй учраас тэр. Монголчууд бид АНУ-ыг дуурайх ямар ч боломжгүй. Энэ хоёр улсын тухай харьцуулсан судалгааг бүх төрөлд хийгээд үзэцгээ л дээ. Судлах тусмаа ямарч боломжгүйг бүгдээрээ ойлгоно. Дуурайхыг хүсээд байгаа АНУ-г ч Д.Трамп нь яаж баллаж байгааг харж байгаа биз дээ. Энэ хүн сонгогдоод юу өөрчлөгдөөд байгааг бүгдээрээ л үзлээ, харлаа, сонслоо. Цаашид юу хийх нь ч тодорхой байна. Бүх зүйл нь тогтчихсон АНУ хүртэл ингэж өөрчлөгдөнө гэхээр л аюултай байгаа биз.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *