Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гантөмөр: Хувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардлын мөнгө олгодог хэвээрээ байгаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Орон нутагт шилжүүлж буй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотойгоор шүүмж өрнөсөөр байсан бөгөөд нэгдсэн төсвийн бодлогыг задлаж байна гэсэн. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нэгдсэн төсвийг задлаагүй. 800 тэрбумийн 200 тэрбумыг л орон нутагт шилжүүлж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан юм.

Хуралдааны үеэр Д.Сумъяабазар гишүүн “Улс орны нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Ард иргэдтэй уулзаж, барааны зах, нийтийн тээврээр явж байхад эдийн засгийн байдал уруудан доройтож буй тухай л ярьцгааж байна. Борлуулагч нар дор хаяж тав дахин буурчихаад байгаа тухай хэлж байна. Гэтэл энд бид төсвийг нь хамгаалсан аргацаасан байдлаар л батлах гэж байна” гэсэн бол Ё.Отгонбаяр гишүүн “Төсвийн орлого чинь босоо, зарлага чинь хэвтээ байна гэдгийг хүмүүс хэлээд байна шүү дээ. Салбарын нэгдсэн бодлого алдагдана шүү. Зарим нь боловсролдоо анхаарна, зарим нь эрүүл мэнддээ анхаарна. Улсын нэгдсэн бодлого алдагдаж болзошгүй шүү. Ямар заяа муутай нь сайдын багцад багтаад, ямар заяагүй нь тэр орон нутгийн багцад нь ордог юм” гэв.

Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлэн “эрх мэдлийг орон нутагт өгнө гэдэг нь хариуцлагагүйгээр үлдээнэ гэсэн үг биш. Мэдээж шинэ зүйлээс болгоомжлох сэтгэлгээ байгааг ойлгож байна. Би тал еэвэнгийн тухай яриагүй. Тэр чинь кинон дээр л гардаг байх. Жишээ нь өмнө Боловсролын яам чинь барилгын боловсролын яам болсныг бид засч барилга барих асуудлыг барилгынх нь яам нь хариуцаг гэсэн шүү дээ. Байшин савтайгаа бодлогоо холиод байна. Та бид хоёр хамтдаа сууж хийсэн нэг буруу зүйлийг урхаг нь одоо ч гараагүй байна. Цэцэрлэгт гарч буй зардал дээр гэхэд 100 хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эх нь даадаг байсан. Гэтэл одоо бүгдэнгийнх нь 100 хувийг төр даадаг. Ингэхээр мөнгө алга болохгүй яадаг юм. Булган аймгийн нэг сургуулийн зардлыг энд УИХ дээр шийдэх хэрэг байхгүй, тэндээ өөрсдөө шийдэж яагаад болохгүй байгаа юм” гэсэн юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хувийн сургууль цэцэрлэгт урсгал зардлын мөнгө өгдөггүй болсон юм уу. Үндсэн хуулинд суурь боловсролыг үнэгүй олгоно гээд заачихсан байгаа. Цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байгаа үед энэ бол буруу шийдвэр шүү” гэв. Хариуд нь Л.Гантөмөр сайд “Хувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардал олгохгүй гэсэн ойлголт огт байхгүй шүү. Хүмүүс буруу мэдээлэл авах вий. Ирэх жил 82 цэцэрлэг ашиглалтад орно. Тэдний урсгал зардлыг тооцож төсөвт оруулсан. Энэ дунд хэд хэдэн хувийн цэцэрлэг байгаа” гэсэн юм.

БШУЯ-аас сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Боловсролын салбарт өнгөрсөн нэг жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг, спорт заалны 102 барилга шинээр ашиглалтад оруулсан байна. Мөн дан ганц байшин барихаас гадна хувийн цэцэрлэгүүдийн сул орыг гүйцэд ашиглах талаар тодорхой ажил эхлүүлээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэггүй үлдээд байгаа хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт бага зардлаар сургах боломжийг судалж байгаа аж..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *