Ардчилсан Намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Намын дарга Л.Гантөмөр “АН сонгуульд ороход бэлэн байгаа. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хийж, тавдугаар сарын 20-ны орой зарласан.
2016, 2020 оны сонгуульд АН ялагдсан. Энэ удаагийн сонгууль Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийднэ. Орон даяар “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” хөтөлбөр хийхээр бэлтгэж, улсаа бүрэн тойрсон. Үүгээр асуудлыг ойлгосон. Монголын хамгийн том асуудал бол авлига. Тэгэхээр авлигыг шийдэж чадах хүнийг сонгох ёстой. Үүний дараа үнийн өсөлт, ажилгүйдэл яригдана. Мөн монголчуудын хамгийн том асуудал бол өр болжээ. Өрийн эргүүлэгт орсон байна. Монголын ард түмнийг өрнөөс гаргаж чадах хүнийг сонгох ёстой.
Хоёр зүйл бий. Нэгт, тойрогт бол тойрогт өрсөлдөж чадах хүмүүсийг илгээсэн. Ингэхдээ дөрвөн удаагийн судалгаа явуулсан. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлж байна. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүлж байгаа. Хуучин хүмүүсийн ихэнхийг хойш нь суулгасан. Шинэ залуу нэр дэвшигчдэд боломж олгосон гэдгийг хэлмээр байна.
Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс.
Ингээд манай нам тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Одоо СЕХ АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байгаа.
АН-ын нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс нэг л байгаа” гэв.