Улсын их хурлын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан 268 мянган тонн нүүрсний учир шалтгаан тайлагдаж байна уу. анх энэ асуудлыг та олон нийтэд ил болгож, араас нь хөөцөлдөж байсан. Одоо асуудал ямар байгаа вэ?
-Хамгийн товч хариулт гэвэл энэхүү 268 мянган тонн нүүрсний асуудлын ард нь гарна. Одоогоор учрыг нь олохоор тодорхой ажлууд явагдаж байна, шалгах процесс нь үргэлжилж байгаа. Засгийн газраас Сангийн яамаар ахлуулсан арав орчим агентлаг, газрууд оролцсон ажлын хэсэг гарчихсан. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт ирэх сарын 10-наас өмнө гарчихсан байх юм билээ. Би энэ асуудлаар улс төр огт хийх гээгүй. Яг бодит байдал дээр юу болж байгаа вэ гэдгийг л гаргаж ирсэн. Тэнд асуудал байна уу гэвэл байгаа. Анхнаасаа энэхүү асуудлыг олон нийтэд ил болгосон хүний хувьд эцсийн цэгийг нь үзэх ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Миний хувьд энэ асуудлаарх цуглуулах ёстой баримт, мэдээллүүдийг хангалттай цуглуулчихсан. Гэхдээ үүнийг хэн хийв гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Монголын гурван сая иргэний өмч алга болсонд харамсдаг. Энд өнөөдөр 18 сая ам.долларын асуудал яригдаж байна. Өнөөдөр бид хүүхдийн мөнгөн дээр маргалдаж, дөч, тавин тэрбум төгрөг олох гэж Монголын төр зовж байна. Гэтэл тэрхүү 268 мянган тонн нүүрс алга болсон нь манай улсын хувьд эдийн засгийн том асуудал болж байгаа юм. Өөр нэг харамсалтай зүйл бол хэн нь авсныг тодорхойлоогүй байж орон нутгийн Таван толгой төлнө гээд гэрээ байгуулчихсан. Тэрхүү гэрээ байгуулсан этгээд Өмнөговийн ард түмнийг өрөнд оруулж байна гэсэн үг. Үнэхээр өрөнд оруулаагүй юм бол Таван толгой хувьцаат компаниас энэ нүүрс ийшээ ингээд орчихсон гэсэн баримтаа харуулчих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэрхүү баримтыг харуулж чадахгүй байгаад асуудал байгаа юм. Тийм болохоор тэрхүү олон арван тэрбум төгрөг хаашаа орсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үнэхээр орон нутгийн Таван толгой уг асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа бол шударгаар хэлэх хэрэгтэй. Бид тэдэн онд ингээд авчихсан юм, энэ данс руу тэр мөнгө орсон гэдгээ олон нийтэд ил болгох ёстой. Ингэж олон нийтээр янз бүрээр хэлүүлж, надаар хулгайчаараа дуудуулах шаардлага байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр хариуцлагын асуудал энд яригдана. Яагаад хүний нутаг дэвсгэр дээр ямар ч зөвшөөрөлгүйгээр нөхөр захирал эрх өгч нүүрс авдаг юм бэ.
Тэр хүмүүс өнөөдөр хариуцлагаа хүлээгээд зайлах ёстой. Товчхондоо энэ асуудлын ард хоёр л харамсалтай зүйл үлдэж байна. Нэгд, Өмнөговьчууд өрөнд орох нь тодорхой болчихоод байх шиг байна. Гэхдээ хэн нь төлөх вэ гэдэг асуудал нөгөө Стандарт банкны өрийг Эрдэнэт үү, Батхүү юу гэдэгтэй адилхан асуудал үүсчихээд байгаа юм. Гэхдээ ирэх сарын дундуур гэхэд энэхүү асуудлын учир, зангилаа бүрэн тайлагдана.
-Та ажлын хэсгийнхэнтэй уулзсан уу?
-Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзчихсан. Авлигатай тэмцэх газрынхантай ч уулзсан. Тэдэнд “Би энэ асуудлын хойноос явсаар нэг цэгт хүрчихсэн байгаа шүү” гэж хэлж байгаа. Хэрэв миний хүрсэн цэгт АТГ, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг хүрсэн байвал ажлаа зөв хийжээ гэж үзнэ. Харин миний тэрхүү цуглуулсан баримт, мэдээллийг олж авч чадаагүй бол төр ажлаа хийж чадаагүй юм байна гэж ойлгоно. Хэрэв хүрч чадахгүй бол нөгөө нэг нүүрс дагасан том мафийн сүлжээ төрд ороод ирсэн байна гэж үзнэ. Тэгэхээр ингэж харагдуулахгүйн тулд Төр ажлаа сайн хийх байх аа гэж итгэж байна. Итгэж байгаа учраас тодорхой хугацаанд чимээгүй байгаа юм.
-Энэхүү асуудлаас болж таныг Гашуунсухайт боомтын даргаар өөрийнхөө хүнийг тавих гээд шахаа хийж байна гэсэн яриа гадуур их явсан…
-Ер нь энэ хулгайн нүүрсний асуудлыг би бодитоор харсан. Ерөнхий сайд ч хүртэл харсан. Тийм учраас тэнд байгаа асуудлыг системээр нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд арав гаруй жил тэнд ажилласан хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ийм үйл ажиллагаа явуулъя гэж ярихаар намайг өөрийн хүнээ тийшээ оруулах гэж байна гэж харддаг. Ажлын хэсгийн дүгнэлт гараад олон жил ажилласан хүмүүс ийм хууль бус үйлдэл хийдэг бол Засгийн газар нэн яаралтай тэр хүмүүсийг явуулах ёстой. Ер нь зарчмын хувьд харахад төрийн өмчид хайхрамжгүй хандсан удирдлагын асуудал байгаа. Нэг нь тэрхүү нүүрсийг авч байхад нөгөө нь чимээгүй хараад сууж байдаг асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг харж, хэдэн төгрөгийн цалин аваад сууж байгаа тэр хүмүүс хариуцлагагүй байна гэсэн үг. Харин өнөөдөр энэхүү хариуцлагагүй байдлаасаа зугтаахын төлөө хулгай хийгээгүй, түр авчихсан, одоо төлөх гэж байгаа юм гэсэн тайлбар хийгээд сууж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй.
-Энэхүү асуудал яригдаад таван жил боллоо. Өнгөрсөн хугацаанд яагаад шийдчихэж болоогүй юм бол?
-Ер нь бол аль эрт шийдчихэж болох байсан юм билээ. 2010-2011 онд 379 мянган тонн нүүрс буюу 37508 машин нүүрс мэдүүлэггүй гаалиар гарсан гэдэг нь тогтоогдчихсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор дээр очоод хэрэгсэхгүй болчихсон байдаг. Үүнийг удахгүй олон нийтэд ил болгоно. Тухайн үед нь мэдүүлэггүй гаргасан асуудлыг шийдээгүй болохоор одоо энэхүү гаалиар мэдүүлэггүй гаргадаг процесс үргэлжилж байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл тухайн үед энэхүү хууль бус зүйлийг таслан зогсоох ёстой байсан юм. Нэг жилд 379 мянган тонн нүүрс гаалиар мэдүүлэггүй гардаг гэж бодохоор одоо алга болсон гэж яригдаад байгаа 268 мянган тонн нүүрс хулгай байх магадлал өндөр болчихож байгаа юм.
-Та яриандаа нүүрсний мафийн асуудлыг олон удаа хөндлөө. Нүүрсний мафи гэдэг зүйл Монголд хэзээнээс яригдах болов оо. Үүнийг таслан зогсоохын тулд яах ёстой вэ?
-Нүүрсний мафи гэдэг зүйл манай улсад 2007 оноос эхэлж явагдсан гэж харж болохоор. Үүнийг зогсоох хамгийн гол байгууллага бол төр. Өөрөөр хэлбэл төрөөс томилогдон, татвар төлөгчдийн хөрөнгөөр цалинждаг Гааль, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Хилийн тагнуул зэрэг байгууллагууд ажлаа сайн хийх ёстой. Эдгээр байгууллагууд ажлаа муу хийснээс болж иймэрхүү асуудлууд давтан гараад байгаа юм. Ажлаа хийж чадахгүй бол нэн яаралтай мэргэжлийн хүмүүсээр солих хэрэгтэй. Эсвэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг давхар хянадаг механизмыг сайжруулах шаардлагатай. Нэн түрүүнд алдаа гаргасан, ажлаа тааруу хийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж би харж байгаа. Хатуухан хэлэхэд жилд хилээрээ 400 мянган тонн нүүрс алдчихдаг асуудлаа шийдэж чадахгүй байж, хүүхдэд олгох дөчин тэрбум төгрөг дээр хэрүүл хийдэг УИХ байгаад яах юм. Тийм учраас энэ асуудалд өнөөдөр цэг тавих цаг нь болсон.
-Хүүхдийн мөнгө олгох асуудлаар Засгийн газар болоод Ерөнхийлөгчийн зүгээс хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Нэг нь 80 хувьд, нөгөөх нь 100 хувьд олгох ёстой гэж. Үүнийг нэгтгээд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Таны хувьд хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох ёстой гэж харж байна?
-Миний барьж буй гол байр суурь бол энэхүү асуудлаар улс төр битгий хийгээсэй гэсэн бодолтой байна. Яг бодит амьдрал дээр энэ мөнгийг авдаг нь наян хувь л байгаа. Гэхдээ хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчлахгүй байх ёстой. Зуун хувьд нь олгох ёстой гэсэн саналыг дэмжиж байгаа ч улс орныхоо эдийн засгийн байдлыг харж үзэх ёстой юм. Манай улсын эдийн засаг үнэхээр хүнд байдалд орсон . Энэхүү хүнд байдлаас одоо л нэг амьсгаа авах гэж байхад иймэрхүү хавтгайруулсан хөрөнгө гаргах хэрэггүй юм.
-Том төслүүдээ хөдөлгөх ёстой гэж улс төрийн хоёр том хүчин ээлжилж ярьсаар удлаа. Энэ том төслүүд хөдлөхгүй байгаа цаад шалтгаан юунд байна?
-Том төслүүдээ хөдөлгөхийн тулд зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Хөдлөхгүй байгаа гол шалтгаан бол бид шийдвэр ерөөсөө гаргаж чадахгүйд байгаа юм. Хэрэв эдгээр төслүүд идэвхжиж ирэх юм бол манайх шиг шиг эдийн засагтай, хүн ам багатай улс орон хурдан хугацаанд хөгжих боломжтой. Гэвч хэтэрхий их улстөржилт, талцал, намчирхсан байдал нь эдийн засагт асар их саад болж байна. Хэрэв хэн нэгэн нам, улстөрч ямар ч хувийн эсвэл намын эрх ашиг ярихгүйгээр, улс орон ард түмнийхээ төлөө гэсэн бодолтой байвал энэ том төслүүд хөдөлж эхэлнэ. Ер нь хоног хоногоор бид хугацаа алдаж байна. Гэхдээ оройтсон ч гэсэн том төслүүдээ хурдан эхлүүлэх шаардлагатай.
-Төрийн өндөр алба хашиж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, үргэлжлүүлэн хорьсоор байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө энэхүү асуудал улс төрийн хэлмэгдүүлэлт битгий байгаасай гэж бодож байна. Шүүх, прокурор олон нийтэд ил байгаасай. Эдгээр хүмүүс том төсөл дээр гэрээ хийсэн үү хийсэн. Гэхдээ тэрхүү гэрээг хийхдээ ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн эсэхийг бид одоогоор мэдэхгүй байна. Үүнд хууль, шүүхийн байгууллага шударга ажиллаасай гэж найдаж байна. Үнэндээ олон жил гацчихсан байсан төслүүдийг явуулсан нь том ололт, давуу тал. Гэхдээ энэхүү процессийг хэрхэн яаж явуулсан бэ гэдгийг шударгаар шалгаж, хурдан шийдэх хэрэгтэй. Хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээлгэж, хийгээгүй бол хориод байх хэрэггүй юм.