Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ажиллах сайд нараа УИХ-д танилцуулж байна. Сайд нарын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдож байгаа Л.Энх-Амгалангаас цаашдаа ямар, бодлого чиглэл барьж ажиллах талаар тодрууллаа.
Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газрын анхаарах, хийх ёстой таван шинэчлэлийг эхлүүлнэ гэдгээ бид ярилцлаж, тохиролцож байгаа. Нэгд, ковидыг ялан дийлэх ёстой. Эдийн засгаа хөл дээр нь босгож, ард иргэдийнхээ орлого ажлын байрыг хамгаалах чиглэлд нэлээд үсрэнгүй арга хэмжээг авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Хоёрт, дундаж давхрагын тогтолцоог бий болгох, энэ рүү чиглэсэн реформ бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхрагын тогтолцоонд боловсролын салбарын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, ипотекийн орон байрны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл багтана гэж харж байгаа. Хамгийн гол амин судас болсон боловсролын салбарыг надад итгэж, энэ шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа. Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн болосвролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа. Бусад улсууд ч боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд 10 жил тутам нэг хийдэг. Өнөөдөр боловсрол хамаагүй монгол иргэн, айл өрх гэж байхгүй. Тийм учраас боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж байгаад яаруу, сандруу хийхх ньбас аюултай. Боловсролоор тоглох бүр ч аюултай. Тиймээс тулгамдаж байгаа гол асуудлаа үе шаттай шийдээд явна. Ковидоос болж олон иргэн орлогогүй болохоос гадна шинэ үе бичиг үсэггүй, сургуулийн танхимд орж үзээгүй хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ тулгамдаж байгаа, сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг цаг хугацааны эрэмбэ дарааллаар ангилж, бодлого шийдэл гаргаж, УИХ-даа танилцуулна.
Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын үнэлгээний, үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал байгаа. Монгол Улсад цэцэрлэгийн насны буюу сургуулийн өмнөх насны 247 мянган хүүхэд, 30 мянган багш, ЕБ-ын 839 сургууль 686 мянган хүүхэд суралцаж, 34 мянган багш ажиллаж байгаа гэсэн тоо байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж, 70 мянган багш ажиллаж байна, МСҮТ-д 37 мянган оюутан суралцаж 2000 багш ажиллаж байгаа. Би ажлаа аваад нэг л зүйлийг хийх гэж үзье гэж бодож байна. Боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тогтолцоогоор нь нэг харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг өгсөн. Энэ зардал 10 их наяд төгрөг байгаагаас боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийг зарлагдаж байгаа юм. Энэ тоог харьцуулахаар зардал нь 15.8 хувь гээд дэлхийн дундажтай дүйцэж байгаа юм. Гэтэл нэг хүүхэд, нэг сурагчид ногдож байгаа зардал 517 мянган төгрөг байгаа юм. Энэ дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа зарцуулагдаад байгаа юм. Уг нь урсгал зардалд бус гол нь сургалтын хөтөлбөр, багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудал явах учиртай гэж би ойлгодог. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлтүүд хийнэ. Мөнгө хүүхэддээ, багш нартаа очих ёстой. Ийм бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй хүмүүс ямар бүтээмж, ямар ур чадвар нэхэх вэ. Тогтолцоогоор нь харж өөрчлөх зайлшгүй шаардлага байна ” гэлээ.