УИХын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.ЭлдэвОчиртой ярилцлаа.
-Өмч хувьчлалын асуудал анхаарал татаж байна. Засгийн газраас 27 байгууллагын жагсаалтыг оруулж ирсэн. Гэвч манайхан үүн дээр хоёр талцсан байдалтай маргалдаж байна. Өмч хувьчлал яг ямар зарчмаар явах ёстой вэ?
-Өмч хувьчлал ард түмний болон гишүүдийн анхаарлыг татсан сэдвийн нэг болчихлоо. Өмнө нь бид өмчөө хувьчилж байсан туршлагтай. Тэндээсээ сайн, муу аль аль сургамжийг нь авч байлаа шүү дээ. Мууг нь дөвийлгөөд ярих юм бол өмч хувьчлал хэрэггүй. Сайныг нь дөвийлгөн, бусад орнуудын хөгжлийн чиг хандлагаас авч үзвэл өмч хувьчлал гарцаагүй хийх ёстой. Бид ийм л хоёр зааг дээр өмч хувьчлалыг хэлэлцэж байна. Монгол Улс Хөрөнгийн биржээр дамжуулан цэнхэр, ягаан тасалбараар улсын үйлдвэрийн газруудыг хязгаарлагдмал болон нээлттэй, битүүмжилсэн дуудлага худалдаагаар хувьчилсан. Би өмч хувьчлалын муу гэхээсээ илүү сайн үр дүнд нь итгэдэг. Олон улсын чиг хандлага үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн зарим нэг аж ахуйн нэгжийг авч үлдээд бусдыг нь 100 хувь хувьчилдаг. Бид энэ зарчмаар явах нь зөв.
Одоо яригдаж буй 27 компанийн жагсаалтад төр бодлогоор авч үлдэх стратегийн ач холбогдол бүхий компани бараг алга. 2016 онд УИХ 20162020 онд хувьчлах өмч хувьчлалын жагсаалтыг гаргасан. Засгийн газар үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой байгууллагаа авч үлдээд эдгээр объектыг хувьчилж болно гээд оруулаад ирлээ. Их хурал үүнийг нь дэмжээд өмнөх алдаатай өмч хувьчлалаасаа сургамж авч, хатуу хяналт дор хувьчлалаа зөв явуулах нь Засгийн газрын үүрэг. Хувьчлалд хамрагдах компаниудаас АЗЗА буюу аймгуудын зам арчилгааны компаниуд анхаарал татаж байна. АЗЗАг хувьчлахаас өөр аргагүй. Баянхонгор аймгийн АЗЗА компанийг хувьчлаад хэдэн жилийн нүүр үзлээ. Одоо улсын хэмжээнд засвар, үйлчилгээгээрээ тэргүүлж, замын чиглэлийнхээ бизнесийг хөгжүүлээд явж буй сайн жишээний нэг болсон. Тиймээс АЗЗА компаниудыг хувьчилбал илүү үр өгөөжтэй байна.
Харин олон жил тус компанид ажилласан иргэдийн амьдралын баталгаа болсон цалин хөлсийг нь хасахгүй, ажлаас нь халахгүй авч явна гэсэн нөхцөлтэйгөөр хувьчилна гээд гэрээндээ заах хэрэгтэй. Амжилттай хэрэгжсэн ийм туршлага манай өмч хувьчлалын түүхэнд бий.
-МИАТ олны анхаарлыг татаад байна. Гэхдээ л олон улстөрчдийн нүдний хор орсон хэцүү салбар гэлцэх юм?
МИАТыг либералчлах ёстой гээд салбарын сайд нь оруулаад ирлээ. МИАТ-ыг үнэхээр либералчлах цаг болсон. Албан тушаалтнуудын МИАТд шахдаг шахааг нь хар. Хүн шахахаас эхлээд бараа бүтээгдэхүүн шахдаг. Одоо хоёр дахин данхайсан бүтэцтэй ажиллаж байна. Хэрэв хувьд ирчихвэл наанадаж өрсөлдөөн бий болж, зардал танах боломжтой. Үе үеийн улстөрчид МИАТ-д ашиг сонирхлын үүднээс хандаж ирсэн нь асуудлын гол нь юм. Шагнал байдлаар хүн томилохыг зогсоох цаг болсон. Тэгэхгүй сулдаа ганхаад байвал төрийн албаны бүтэц данхайж, шахааны бизнес цэцэглэх боломжтой болдог. Тэр бүү хэл шахааны бизнес байх ёстой гэсэн хүмүүс ч байгаа. Тиймээс эргэлзэлгүйгээр МИАТыг хувьчлах ёстой. МИАТ нь стратегийн гэдэгт хамаарч байгаа учраас 51 хувь нь төрдөө үлдэнэ. Тиймээс 49 хувийг нь хувьчилна гэсэн үг.
-Төрийн банкин дээр та ямар байр суурьтай байна вэ. Монгол Улсын бүх сум, сууринд салбартай гэдэг утгаараа анхаарал татаад байна?
-Монголын төр банктай байх ёстой гээд байх юм. Төр банктай байх шиг хэрэггүй зүйл байдаггүй. Манай улсад банкны салбар хөгжөөд 30 гаруй жил болоод үндсэн голдрилдоо орчихлоо. Хувийн банкууд сайн ажиллаж байгаа. Хувийн банкууд эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ адилхан мөртлөө Төрийн банкнаас хоёр дахин их татвар төвлөрүүлж, гурав дахин их ашиг олдог. Төрийн өмчит компаниуд болохгүй байна гэдгийн нэг жишээ энэ. Сангийн сайд 70 гаруй захирлын орон тоог 40 болголоо гэсэн. Уг нь дөрөвхөн захиралтай байх ёстой. 70 захирлыг дөрөв болгоно гэхээр шагналын томилгоо, ашиг сонирхол байгаа учраас үнэхээр хүндрэлтэй. Гэсэн ч Төрийн банкийг хувьчлахаас айх юм байхгүй.
-Төрийн банкийг хувьчиллаа гэхэд авах эзэн нь нэгэнт тодорхой болчихсон гэх юм. Эзэн нь тодорсон өмч хувьчлалыг явуулах шаардлага байгаа юм уу. Төрийн банкийг хувьчиллаа гэхэд Нямдоржийн Алтан гэдэг хүн 40 тэрбумаар авна гэсэн мэдээлэл гарах жишээтэй?
-Үүн шиг худлаа юм байхгүй. Улстөрчдийг үнэхээр гайхах юм. Зөв юм хийе гэхээр заавал гацаадаг. Тэр гацаалт болгоных нь ард ашиг сонирхол нуугдаж байдаг. Сүүлийн 10 жил том төслүүдээ гацаасан гашуун туршлага бидэнд бий. “Ийм хувилбараар энэ төслийг аваад явж болох юм байна” гэхээр гацаадаг. Гадна дотны хүмүүстэй холбож байгаад улсад ашигтай, ашиггүйн тухай ярьдаг. “Цэрэг, танк орж ирнэ” гэж айлгаж байлаа шүү дээ. “Өөр хувилбар байгаа юм бол гаргаад ир” гэхээр байдаггүй. Тэгээд гаргаж ирээд хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа нь асар их ашиг сонирхлын зөрчилтэй, мөнгө хувааж идэх гэсэн санаа явж байдаг.
Өмч хувьчлал үүнтэй л адилхан. Эзэн нь тодорсон өмч хувьчлал гэж байхгүй. Намын бүлгийн хурал дээр би “Эзэн нь тодорсон юм бол хэлчих. Засгийн газрын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл оруулж ирсэн бол бид шууд зогсооё” гэдгийг нь хэлсэн. Үнэхээр тийм зүйл байгаад бид зогсоохгүй явуулбал гэмт хэрэг хийх гэж байгаа нөхрөө хамгаалж байна гэсэн үг. Нөгөө талдаа Засгийн газрын гишүүн байж ашиг сонирхлын зөрчилтэй асуудал оруулж ирээд, өөрөө хувьчлаад авдаг байж болохгүй. Эхлээд Хөрөнгийн бирж нь хувьчлагдаад дараа нь Хөрөнгийн биржээрээ бусад компаниудаа хувьчлаад явах ёстой. Түүнээс биш тэр, энэ авлаа гэж эзэн оноогоод байх шаардлага байхгүй. Тэр бүү хэл миний нэрийг хүртэл оруулчихсан тууж явна лээ.
-Өмч хувьчлалд уу?
-Харин тийм. “Эм Си Эс компани Сү.Батболдтой нийлж Төрийн банкийг хувьчилж авах гэж байна” гээд намайг сайн мэдэх ойрын хүн маань хүртэл яриад явж байна. Ичих хэрэгтэй. Дэргэд нь сууж байгаа надаас асуу л даа. Би нүд рүү нь харж байгаад хэлье гэж бодоод байгаа юм. “Би авахгүй. Манайх авахгүй” гээд хэлчихье. Хэрэв авбал тэр хүнд баталгаа гаргаж өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна. Ямар нэгэн ашиг сонирхол цухалзуулаад явах шаардлага ч алга. Хамгийн гол нь өмч хувьчлалаа зөв, шударга явуулаад хувийн хэвшил үйл ажиллагааг нь сайжруулах учиртай. Ийм л үр дүнг би хүсч байна.
Хувьчлагдах гэж байгаа компаниудын эзнийг нь тодруулж, хувийн атгаг санаагаар хор найруулж буй хүмүүс болих хэрэгтэй. Тийм байгаа бол хэвлэлээр шууд зарлачих. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээлттэй байна шүү дээ. Сошиалд нэрийг нь тавьчих, хэлэлцүүлэг хий. Тэгэхгүйгээр худлаа бор шувуу нисгээд байх юм. Зарим гишүүд үүнд оролцож байгаа гэж би харддаг. Ялангуяа шинэ гишүүд парламентад орж ирсэн бол сайн зүйлийг нь сурах ёстой. Зөв зүйлээ сураагүй байж буруу зүйлийг нь сурчихдаг. Худлаа сенсаци тараадаг. “Засгийн газрыг огцруулна шүү” гэж хоёр гурваараа гүйдэг. Ард нь хувийнх нь ашиг сонирхол явдаг. Хувийн атаа жөтөө байх шиг байгаа юм. Үүнийг хатуу хэлэх ёстой.
-Өмч хувьчлалын эхэнд Хөрөнгийн биржийг хувьчилж байж цаашаа өмч хувьчлал шударга явагдах боломжтой гээд байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлал ямар байдлаар явах ёстой вэ. Хөрөнгийн биржийн таван хувийг англичууд авах нь гээд байгаа шүү дээ?
-Засгийн газар өмч хувьчлалын жагсаалтаа оруулаад Их хурал батлачих. “Одоо бол эзэн нь тодорчихсон. Хямдхан үнэлүүлээд хуйвалдаж авах гээд байна” гэх юм. Засгийн газар өмч хувьчлал дээр нэг алдаатай зүйл хийсэн. Тэр нь хувьчлах обьектуудынхаа үнийг тавихдаа аль дээр үеийн балансын үнээр нь оруулаад ирсэн. Ингэхээр хэн ч гэсэн гайхна. Нэг сая төгрөгийн зүйлийг 10 мянган төгрөг гээд оруулаад ирэхээр хүн харддаг юм байгаа биз дээ.
Хөрөнгийн биржийнхэн хувилбаруудаа гаргаж байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлал шийдэгдлээ гэнгүүт АН, МАН-ын бүлэг, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дор бүрнээ хувилбараа гаргаад ирж болно. Үүнийг нь бид хэлэлцэх ёстой. Английн Хөрөнгийн биржтэй хамтраад тодорхой хувьцаагаа тэдэнд эзэмшүүлж, менежмэнтийн эрхээ тэдэнд өгөөд Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв юм уу, буруу юм уу. Үүнийг ярих ёстой болохоос хоосон хардлага хэрэггүй. Хөрөнгийн биржийг хамгийн түрүүнд хувьчлах хэрэгтэй.
-Өмч хувьчлал иргэн бүрт хүрч чадвал жинхэнэ утгаараа төгс хувьчлал болох байх. Хэн ч гэсэн Төрийн банк, МИАТ-ын хувьцаа эзэмшигч болох тийм боломжийг ямар байдлаар нээх вэ. Л.Энх-Амгалан гишүүн чуулганы хуралдаан дээр “Өмнө нь бид 2000 гаруй компаниа хувьчилж 300 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Үүний дүнд иргэд ажилгүй болсон гэхчлэн сөрөг үр дагаваруудаа тооцох ёстой” гэж байсан л даа?
-Дээр миний хэлсэн муу хувьчлалын жишээ яах аргагүй мөн. Муу жишээ гэдэг нь өмч хувьчлалаар авсан хүмүүс аж ахуйн үйл ажиллагааг нь өөрчилсөн. Кассанд нь байсан мөнгөнөөс бага үнээр хувьчилсан гэж яригддаг зүйлс бий. Хувьчилж авангуутаа балгас болгочихсон, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилчихсөн, ажилчдыг нь гудамжинд гаргасан тохиолдлууд байдаг. Ялангуяа хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн салбарт ийм хувьчлал их явагдсан. Энэ нь яах аргагүй хувьчлалын том алдаа. Бид үүнийг давтах ёсгүй. Монгол Улс хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн салбараа унагасан. Ноос ноолуур, арьс шир, шевроны үйлдвэрүүд байлаа. Харин хүнсний салбарын хувьчлал харьцангуй боломжийн явагдсан. Тэр хэрээрээ өнөөдөр хүнсний салбар бусад салбараасаа түлхүү хөгжсөн. Аж үйлдвэрийн салбарт бид алдаа гаргасан юм. Үүнийг тухайн үеийн эрх баригчдын алдаа гэхээс өөр аргагүй.
Одоо хувьчлахдаа хязгаарлагдмал нөхцөлтэй гэрээ байгуулах ёстой. Хувьчилж авлаа гээд нэг ч хүнийг гудамжинд гаргаж болохгүй. Нийгмийн халамжийн бодлогыг нь компани дээрээ аваад явах ёстой гэдгийг заавал зааж өг. Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хувьчлалыг буцаах асуудал хөндөгдөх ёстой юм. Хяналтаа сайн тавихгүй бол хувьчилсан нэр зүүгээд хаячихаар ийм болдог.
Хөрөнгийн биржээр дамжуулж Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг хангах нь зөв. Гэсэн ч Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гээд хувьцааг худалдаж авах хичнээн хүн байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс үүнийг бодох ёстой. Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна. Тэр хүмүүс хувьцаа худалдаж авч чадахгүй. Өөр нэг хувилбар нь тухайн компанийг хувьчлахдаа тодорхой хувийг нь хувьцаа худалдаж авч чадахгүй ч тэр компанид ажиллаж байгаа ажиллагсад, гэр бүлийнхэнд нь давуу эрхийн хувьцааг үнэгүй өгөх хэрэгтэй. Ингэснээр мөнгөн хуримтлал багатай иргэд энэ хувьчлалд тодорхой хэмжээнд эрх тэгш оролцох боломжтой. Энэ мэтчилэн аргуудыг хай. Финляндын гэх мэтчилэн сайн жишээнүүдээс авах зүйлсээ авах ёстой. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдсэн, хэл ам дагуулсан энэ асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Өмч хувьчлалыг шийдэж байна гээд дураараа алх цохиод хэн нэгэнд өгч болохгүй.
-Өмч хувьчлал 2020 он хүртэл үргэлжилнэ. Нийт төсөвт төвлөрөх орлого нь хэд вэ?
-Анх 2016-2020 онд хувьчлах гэж байсан бол дараа нь 2017-2020, сүүлд нь 2018-2020 онд хувьчлах гэж орж ирсэн л дээ. Тиймээс энэ 27 компанийн жагсаалтыг батлаад үүний дагуу дараалал гарч явагдана. Хөрөнгийн биржээ эхэлж хувьчлаад явна гэдэг дараалал зөв үү гэвэл зөв. Үүний зэрэгцээ бэлтгэл ажлууд нь зэрэг хангагдаад явна. 2018-2020 оны хооронд үнэлгээ хийгдэнэ, сонгон шалгаруулалт явагдана гээд ажил их бий.
-Өмч хувьчлалын тал дээрх таны байр суурийг сонслоо. Өөр нэг анхаарал татсан сэдэв бол Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан явдал. Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг Захиргааны хяналтын шүүхээс гаргах хууль өргөн барьсан байна. Засгийн газар алдаатай шийдвэр гаргасан бол гомдол гаргалаа гэхэд Захиргааны хэргийн шүүх үүнийг нь авч хэлэлцэхгүй байхаар хуульчилсан байна. Таны байр суурь ямар байна вэ?
-Намын бүлэг дээр энэ асуудал яригдаж хоёр талын маргаан болсон. Бид бүлэг дээр ярихдаа “Нийгэмд асуудал үүсгэхээр хуулиуд дээр намын бүлэг нэгдсэн бодлогоо гаргаад нэг байр суурьтай байя” гэсэн юм. Миний хувьд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Энэ буруу зүйл чинь Захиргааны хэргийн шүүх биш, дараагийн шатны шүүхийн асуудал болоод явна. Намын бүлгээс шийдвэр гаргах байх. Намын бүлгийн шийдвэрээ дагана.
-Засгийн газар бол төр. Төр дураараа дургих боломжоо өөрсдөдөө бий болгох алхам нь энэ хууль болж байна. Ядаж шалтгаангүйгээр ажлаасаа халагдсан хүмүүс шүүхээр яваад ажилдаа эргэн томилогддог байдал үгүй болох нь. Төрийн буруутай үйл ажиллагааг хэн ч хянахгүй дархан эрхтэй болох нь дээ…
-Тийм болохоор би дэмжихгүй байгаа юм. Ноднин Их хурал Төрийн албаны тухай хуулиа чамбайруулан баталж, төрийн албаныхны дархлааг бий болгож өгсөн. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд баталбал төрийн албаны дархлаа байхгүй болно. Томилгдож ирсэн дарга, сайд нь дуртай хүнээ ажлаас нь халдаг, халагдсан хүн нь эргээд шүүхээр заргалдах боломжгүй болгож байгаа юм. Тиймээс уг хуулийн төслийг бид сайтар ярилцах ёстой. Бусад хуулиудтай уялдах талаас нь ч бодох хэрэгтэй. Төрийн албаны тухай хуультай шууд зөрчилдөөд эхэлнэ. Дагалдах хууль гээд өөрчлөлт оруулна гэвэл ноднин батласан хуулиа бид дахинд өөрчилнө. Ингэж болохгүй.
-Засгийн газар яагаад заавал ийм хуулийн төслийг өргөн барьсан юм бол?
-Харин тийм ээ. Үүнээс болоод маргаан бий болчихоод байна.