Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СУИС–ийн багш СТА Л.Дэмидбаатар болон түүний гэргий “Улаанбаатар чуулга”-ын гоцлол дуучин СТА М.Анхтуяа нар хамтран уран бүтээлийн цэнгүүн хийхээр болсон байна. Энэхүү цэнгүүний талаар жүжигчин Л.Дэмидбаатартай ярилцсан юм.
–Драм, хошин урлагийн жүжигчин, дуучин гэргийтэйгээ хамтарч уран бүтээлийн тоглолт хийнэ гэхээр үзэгчид их сонирхож байх шиг байна. Уран бүтээлийн тайлан тоглолтоо яагаад заавал гэргийтэйгээ хийхээр болов?
-Монголд орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага буюу УДЭТ байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, “Улаанбаатар чуулга” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд эхнэр Анхтуяатайгаа хамтраад “Оршихуй” нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байна. “Улаанбаатар чуулга” олон дуулалт жүжиг тавьж байсан. Дуулалт жүжиг гэдэг үндсэндээ орчин цагийн мэргэжлийн урлагийн театр үүсч хөгжих үндэс суурь болсон. Энэ утгаараа хоорондоо нарийн холбоотой юм. Хоёулаа л ард түмнийхээ оюуныг гийгүүлэх зорилготой. Бид хоёрын хувьд хамтдаа уран бүтээл хийж байгаагүй юм билээ.
–Тэгвэл та хоёрын уран бүтээлийн цэнгүүн драм, чуулга гээд олон уран бүтээлч сүлэлдсэн тоглолт болж таарах нь ээ?
-Тэгж таарлаа. Энэ сарын 27, 28-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Оршихуй” уран бүтээлийн цэнгүүн маань болно. Тоглолтод Улсын драмын эрдмийн театрын жүжигчид, уран бүтээлчид болон “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид оролцоно. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Ганзориг, гавьяат Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, хийлч Дээгий оролцохоос гадна “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Соёлын тэргүүний ажилтан удирдаач Р.Ганбат, Д.Нямдаш, уран нугараач А.Уранбилэг, Монголын хошин урлагийн “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох /юм. Мөн миний үе үеийн шавь нарын төлөөлөл оролцох болно.
–Таныг ардын дууг чамгүй сайхан дуулдаг гэдэг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн шавь явсан гэдэг байх аа?
-СУИС-д дуулах ур зүйн хичээлийг Гончигдорж, Гэлэгжамц багш нар ордог байлаа. Мөн тэр үед дуу, бүжгийн хичээлийг сонгон суралцах боломжтой байсан юм. Надад гэр бүл, эмэг эхээс минь заяасан дуулах авьяас бий гэж боддог. Н.Норовбанзад гуайн шавь сургалтад ангийнхаа Оюунжаргалтай хамт явж байлаа. Н.Норовбанзад багшаар дуулах ур чадварын хичээл заалгаж, 10 гаруй уртын дуу сурсан. Сүүлдээ 20 гаруй дуутай болсон. Сүүлдээ багш минь намайг “Энэ хүүхэд ч дуулбал дуулчих л юм байна” гэж үнэлсэн. Багштайгаа хамт Япон, Германаар тоглолтод хүртэл оролцож байлаа.
–Өмнө нь хэд хэдэн дууны уран бүтээлээр дагнасан тоглолт хийж байсан санагдана?
-Би 2001 онд “Урлагийн тэнгэртэй залуу нас” гэж анхны уран бүтээлийн тайлан тоглолтыг хэсэг найз нарынхаа тусламжтайгаар хийж байсан. 2005 онд “Сэтгэлээс гарах аялгуу”, 2008 онд “Дөрвөн цагийн аяс буюу миний Монголын аялгуу” хэмээх тоглолтыг хийсэн удаатай. Энэ тоглолтод ардын харилцаа дуу болох “Хулсан ташуур”, “Сумья ноён”, “Сүнжидмаа”, “Эрүү цагаан болжмор” зэрэг дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч, Ш.Даваахүү нартай хамтран дуулж байлаа.
–Тэгэхээр энэ удаагийн тоглолтод ч мөн эхнэртэйгээ хамт олон сайхан дууны уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөөд байна уу?
-Бид хоёр янз янзын гэнэтийн бэлэг барихаар төлөвлөөд байна. Дан драмын жүжиг тоглохоос гадна дуучин эхнэртэйгээ хамтран дуулна (инээв). Эзэнтэй дуу гэж байдаг шүү дээ. Түүн шиг бид хоёрт зориулж “Нандин хайр” дууг Баасанжав зохиож өгсөн байдаг. Соёлын тэргүүний ажилтан Дунгаамаагийн дуулдаг зохиолын дуу шүү дээ. Үүнийг эхнэртэйгээ хамт дуулаад анх удаагаа клипжүүллээ. Клипэнд нь сая “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосон залуу жүжигчин Шинэбаяр болон Намуун гээд миний шавь нар тоглосон. Их аятайхан клип болсон байгаа. Энэ дуугаа дуулна.
–Эхнэрийн тань болоод таны тайлан тоглолт, цэнгүүн гээд байгаа. Та хоёрын хувьд урлагтай амьдралаа холбоод хичнээн жилийг ардаа орхиж вэ?
-Би драмын урлаг, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 орчим жил болсон байна. Сургуулиа төгсөөд л драмын театрт жүжигчнээр орсон. Өнгөрсөн хугацаанд дэлхийн сонгодог арав гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглож. “Дон Жуан” жүжиг тавигдахад Монголын анхны Дон Жуанд тоглолоо. “Отелла” жүжгийн Ягогийн дүрд, К.Гальдоны “Буудлын эзэн авхай” жүжигт гол дүр болох тайжийн дүрд тоглож байлаа. “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Амьгүй албат” зэрэг дэлхийн сонгодог олон жүжигт гол дүрд тоглосон байна. Мөн “Ромео Жульетта” жүжгийг 1996 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавихад Тебальтын дүрд анхлан тоглосон. Энэ дүрд би 10 жил дублёргүйгээр тоглосон юм. Бүхэл бүтэн сонгодог жүжигт 10 жил тоглоно гэдэг жүжигчин бүрт олдох хувь тохиол биш байх л даа. Дэлхийн сонгодог жүжигт тоглох нь тухайн жүжигчний авьяас чадварыг нээх бүхэл бүтэн сургууль байдаг л даа. Мөн Монголын “Далан худалч”, “Хаан түүх” зэрэг жүжигт бас тоглож байлаа. Эдгээр жүжгээс гадна орчин цагийн дэлхийн сонгодог бүтээл болох Нобелийн шагналтнуудын “Тамын дурлал”, “Хүслийн трамвай”, “Оршуулагдаагүй үрэгдэгсэд” зэрэг жүжгүүд миний уран бүтээлийн санд байдаг. Үүнээс гадна хошин урлагийн салбарт 20 гаруй жил ажилласан. “Х-Түц”, “Өнгөт инээд” хамтлагт болон “Батзаяа ба түүний нөхөд” театрт ажиллаж байлаа. Нийтдээ 250 гаруй хошин урлагийн тоглолтод оролцоод байна.
–Эхнэр М.Анхтуяагийн хувьд…?
-Манай эхнэр “Үндэсний дуу бүжгийн чуулга”-д арваад жил ажиллаж байгаад “Улаанбаатар чуулга” байгуулагдахад орсон. Нийтдээ 20 орчим жил уран бүтээл хийсэн. СУИС-ийг Монгол Улсын гавьяат багш Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Завханых. Манай зэргэлдээ сум байхгүй юу. Хүүхэд байхад нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жавзан гуайн нэрэмжит уралдаан Завхан аймагт болж гавьяат Далантай, манай эхнэр хоёр тодорч байсан удаатай. Арван жилийн сурагч байхаасаа нэртэй уран бүтээлчдийн тоглолтод оролцож, хөдөө орон нутгаар явж байсан. Нэрт дуучин Адарсүрэн гуайн хараанд өртөж тоглолтод оролцож байснаараа бас онцлогтой.
–Таны тухай хөрөг нийтлэл бэлтгэхээр гэрт тань очих үед танайх ам бүл нэмэх гэж байсан юм байна. Охинтой болсон уу, хүүтэй болсон уу?
-Өөрийг тань очиход эхнэр давхар биетэй, Дэмидбаатарынх гэдэг айл шинэ хүнтэй болох гээд их л хөл хөдөлгөөнтэй байсан шүү дээ. Хүүтэй болсон. Одоо миний хүү ой долоон сартай.
–Сургууль дээрээ ингээд шавь нартаа хатуухан үг хэлээд сууж байгаа багш аавыг хүү бол гэртээ хайлуулна биз?
-Ёстой хайлж урсана (инээв). Ер нь хүүхдүүддээ хайлна шүү дээ. Хүүхэд гэдэг гэгээхэн ертөнц. Монголын үрс цэлмэг тэнгэр шиг байж, эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэж хүсч явдаг. Аав, ээж ч ийм л зарчмаар биднийг өсгөж, өдий зэрэгтэй хүрсэн шүү дээ.
–Хошин урлагийн тоглолтод оролцож байна уу?
-Хоёр гурван жилийн өмнө хошин урлагийн тоглолтод оролцож байсан. Сүүлийн үед хошин урлаг гэдэг ч юм уу нэг төрөл жанрыг дагнахаасаа илүүтэйгээр мэргэжил олгож байгаа багшийн хувьд драмынхаа жүжигт зонхилон тоглох болсон. Киноны хувьд ганц ангитай кинонд өмнө тоглодог байсан бол одоо “Гурван найз”, “Саятан болох дамжаа” гээд олон ангитай кинонд шилжих жишээний.
–Театрт сүүлийн үед ямар уран бүтээл тавихаар зэхэж байна. Та ямар шинэ бүтээлд тоглохоор байна?
-Энэ жил манай театрын түүхт 85 жилийн ой болох гэж байна. Хүн төрөлхтний үзэх дуртай бурхан багшийн тухай жүжгийг тайзнаа тавихаар төлөвлөөд байна. Энэ жүжиг дээр ажиллах гээд найруулагч Наранбаатар Энэтхэгт судалгааны ажил хийгээд явж байгаа. Улсын драмын эрдмийн театрын Цэрэнсамбуу дарга их ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа. Ер нь театрын найруулагч, удирдлагуудын сайн хамтын ажлын хүчээр эдийн засгийн хямралтай энэ хүнд үеийг театрынхан давж чадаж байна.
–СУИС–д хичнээн жил багшилж байгаа юм бэ?
-Би Улсын багшийн сургуулийн кино драмын анги гэж байхад суралцаад СУИС байгуулагдахад төгссөн. Арваад жил мэргэжлээрээ ажиллаад байтал намайг төгсгөсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багш маань, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ганхуягт багшлах урилгыг тавьж байлаа. 2005 онд магистр хамгаалаад багшаар СУИС-т ирээд өнөөг хүртэл ажиллаж байна.
–Дэмидбаатар багш хичнээн анги төгсгөөд байна вэ?
-Хоёр багштайгаа хамт нэг, нэг анги төгсгөсөн. Өөрөө гурван анги төгсгөсөн. Нийтдээ таван анги төгсгөсөн байна.
–Таны шавь нараас гялалзаж яваа ямар жүжигчид байна?
-“Хувьсал” продакшны жүжигчин Ганчимэг, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Шинэбаяр, найруулагч Ёндоншарав, “Х-Түц”, “Эмоци”, “Мөрөөдлийн театр”, “Шинэ-Үе” зэрэг продакшнуудад байна. Намуун гээд жүжигчин охин байна. СУИС-д хоёр гурван багш байна. Тайзны хөдөлгөөний багш У.Эрдэнэбаяр, тайзны ярианы Оюунжаргал, театр судлалын багшаар төгссөн Дашзэвэг гэж хүү байна. Олон сайхан ирээдүйтэй шавь нар байна. Ер нь багш болно гэдэг сэтгэлээ өгөх хэрэгтэй гэж манай багш нар ярьдаг. Сэтгэлээ өгсний үр дүнд мэргэжил эзэмших гэж ирсэн шавь нар нь тайзан дээр гялалзаж, үүгээрээ багш нар бахархдаг байхгүй юу. Багшийнхаа зааж зөвлөсөн дээр өөрийнхөө хот хөдөөгийн тайз дээр шороо үнэрлэж, хөлстэйгөө холилдож явсан туршлага дээрээ үндэслээд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг ариун үйлс.