Categories
мэдээ цаг-үе

​Л.Дамдинсүрэн: Өнөөдөр хаана, хэдэн ч хүн хоолонд хордож амиа алдахгүй гэх баталгаа алга


Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2017 онд хийсэн судалгаагаар монгол хүний хооллолтод буруу жишиг тогтсон, жингийн илүүдэл тахлын хэмжээнд хүрэхэд ойрхон ирээд байна гэх судалгаа гарч байв. Тэгвэл өнөөдөр монгол хүний хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул тулгарч өдөрт л хэдэн арваараа хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгдэж байна. Энэ асуудлаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.


-Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах болжээ. өдөрт л иргэд хэдэн арваараа хоолонд хордож эмнэлгийн байгууллагад хандаж байна. Манайд хүнсний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?

-Хүнсний аюулгүй байдал гэдэг өөрөө том агуулгатай. Хангамж хүртэмж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, хооллолт шим зүй нийлж байж хүнсний аюулгүй байдал гэдэг ойлголт бүрддэг юм. Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүний хүнсний эрх хангагдлаа гэж үздэг. Хүнсний эрх гэдэг хүн өлсөхгүй байхыг хэлэхгүй. Хүн өөрийнхөө бие организмд шаардлагатай, эрүүл мэнддээ эрсдэлгүй хоол тэжээлийг хүрэлцэхүйц хэмжээгээр хангагдах боломжийг л хүнсний эрх гэж хэлдэг. Олон улсын тунхагт иргэн хүнсний эрхийн хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээний орлоготой байх эрхтэй гэж заасан байдаг. Зүгээр төр хүн болгоныг хүнсээр хангаад явна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, төрийн үүрэг бол хоол хүнсэндээ хүрэлцэхүйц хэмжээний орлоготой байх боломжийг иргэндээ бүрдүүлж өгөх учиртай. Энэ бүхнийг үндэслээд 2010 онд манайд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж батлагдсан. Энд анх удаагаа хүний аюулгүй байдал гэдэг хэсэгт хүнсний аюулгүй байдал гэж орсон. Энэ хэсэгт миний дээр дурдсан гурван тулгуурыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль гээд хүнсний эрх зүйн шинэчлэлт эрчимтэй явагдсан. Одоо бол ер нь цэгцрээд байгаа гэж ойлгож болно.

-Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Гол анхаарах зүйл нь хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Хүнсний аюулгүй байдлын хамгийн эхэнд хангамж хүртэмж байдаг. Манайх хуулиндаа хүртээмж гээд бичсэн. Үүнийг нь би эсэргүүцдэг юм. Хүн олж хүртэх тухай ярьж байгаа болохоос биш, хэн нэгэн эрхтэн дархтан бидэнд хоол хүртээх тухай ярьж байгаа асуудал биш. Нэгдүгээр том асуудал нь дотоод нөөцөө ашиглаж чадахгүй байна. Жилд ойролцоогоор 20 орчим сая мал төхөөрч байгаа. Амьдын жингээр нь тооцвол 500 мянган тонн малыг хүнсэнд хэрэглэж байгаа юм. Экспорт, дотоод хэрэгцээ нийлээд тэр шүү дээ. Үүний дөрөвний нэгтэй нь тэнцэх хэмжээний дотор мах дайвар бүтээгдэхүүн, цус, толгой шийр үрэгдэж байна. Бид энэ их нөөцөө үрэгдүүлж байгаа юм. Дээхнэ үед бол экспортод гаргадаг байсан эд л дээ. Одоо л хаягдаад байгаа болохоос биш. Үүнийг бид ашигламаар байна.

Өөр нэг асуудал бол хангамж хүрэлцээний тооцоогоо зөв хийж байгаа эсэхэд би эргэлздэг юм. Судалгаа ч хийж үзсэн л дээ. Статистикийн мэдээнээс харахад хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн махыг нядалгааны жин гээд тавьсан байгаа юм. Нядалгааны жин гэдэг маань зөвхөн арьс ширийг нь л хассан жин. Хүний хэрэглээний жишгийг Эрүүл мэндийн сайд тогтоосон байдаг. Тэр жишгээр бол ясгүй махаар тогтоосон. Хөдөө аж ахуйн яамны статистикт улсын хэмжээнд хэрэглэсэн мах гэхээр ястай махаар тооцсон байдаг.

Ингээд бөөн будлиан үүсч байгаа юм. Энэ бол махны тооцоо будлих том эх үүсвэр. Манайд үйлдвэрийн аргаар төхөөрдөг болбол цусыг асгахгүй шүү дээ. Цус асгаж байгаа нь хөрсийг асар ихээр бохирдуулж байгаа хэрэг. Тэр хөрсөн дээр л гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян бактериуд үрждэг. Цус чинь тэр аюултай нян үржихэд хамгийн таатай орчин. Мөн буудай байна. Буудайг үтрэмийн жингээр яриад байдаг. Уул нь эльватрын жин гэж ойлголт бий. Үтрэм дээрээс тээвэрлээд улсын нөөцийн, гурилын үйлдвэрийн эльватрт өгнө. Энэ хооронд дахиад хоргодол гарна. Чийгтэй бол тухайн байгууллагууд аваад хатаах ажил хийдэг. Тэгж байж буудайн бодитой жин гарч ирнэ. Энэ нь буруу учраас л буудай гэнэт дутах асуудал гарч ирж байгаа юм. Жилийн жилд л буудай илүүдчихлээ, экспортлох боллоо л гэдэг. Хавар болоход үрийн будааны эрэлд гардаг. Эсвэл дутлаа гэдэг.

Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн ганц дутдаг юм биш. Жижиг зах зээлд илүүдвэл хэцүү. Энэ жил 150 мянган тонн төмс хураахаар боллоо гэж байсан. Хэлсэндээ хураах юм бол төмс илүүднэ. Хаашаа яаж нийлүүлэх вэ гэдэг яриа хэлэлцээр хийгдсэн байх ёстой.

-Махны үйлдвэр манайд хангалттай олон байдаг биз дээ?

-Ерөөсөө ажиллахгүй байна. Эхлээд үйлдвэр барих бодлого нь буруу явсан байхгүй юу. Дэд бүтэц байхгүй. Үйлдвэр барьж байгаа эзэн түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний борлуулах ложистикоо тооцолгүй сэтгэлийн хөөрлөөр үйлдвэр бариад л малын арьсыг нь хуулаад Орос руу махыг нь өгдөг замаар л эхэлсэн. Мэргэжлийн хүмүүс ч эхлээгүй.

-Хүнсний аюулгүй байдлын хууль яагаад хэрэгжихгүй байна вэ. Менежмэнт, тогтолцоонд алдаа дутагдал байна уу?

-Хуулиа хэрэгжүүлэхээ дээрээс эхэлмээр байна. Хуулийг унших юм бол миний ярьж байгаа зүйлсийг шийдэх зохицуулалтууд олон байгаа. Жишээ нь, Засгийн газрын дэргэд Ерөний сайдаар толгойлуулсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл ажиллана гэж заачихсан байгаа. Тэр зөвлөл хүнсний аюулгүй байдлын асуудал ямар байгааг жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх ёстой. УИХ-д ч танилцуулна. Энэ ажил хийгдэхгүй байна. Хийгддэг бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГ-ын анхаарал энэ асуудал дээр төвлөрнө. Нэг том дутагдал нь энэ. Үүний гар хөл болсон улс нь Хөдөө аж ахуйн яам дээр байх ёстой. Өнөөдөр Хөдөө аж ахуйн яаманд мэргэшсэн нэгж байхгүй. Энэ асуудлаа Хүнсний үйлдвэрийн газар луугаа заачихаад сууж байгаа ийм асуудал байж таарахгүй.

Аймаг орон нутагт хүнсний аюулгүй байдлын зөвхөн эрүүл ахуйн асуудал гэж ойлгож байна. Үүнийг асуухаар Мэргэжлийн хяналт мэднэ гэж хэлдэг. Тухайн газар нутаг дээрээ захирагч нь Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой. Баян-Өлгийд хоолны хордлого гаргахгүйн тулд Засаг дарга нь аж ахуйн нэгжүүддээ анхаарал хандуулж, эрүүл ахуйг нь сахиулах зохицуулалттай байх нь зөв.

-Хүртээмж гэдэг асуудал ярихад манай хүн амын 30 орчим хувь нь амьжиргааны түвшин доогуур байдаг шүү дээ?

-Энэ хүмүүс юу идэж ууж байгаа тухай хэн ч ярихгүй юм. Сая цар тахалтай холбогдуулаад хүнсний эрхийн бичгийн үнийг 16-аас 32 мянга болгож, хүүхдийнхийг найман мянга байсныг 16 мянга болгож өсгөсөн байна лээ. Гэхдээ бид ингээд тэжээгээд байх юм уу. Тэр хүмүүсийг өөрсдөө хоолоо олж иддэг, орлоготой болгох том арга хэмжээ хэрэгтэй байна. Орлоготой байх эрхтэй гэснээс биш хүн хоол идэх эрхтэй гэж хэлээгүй. Орлогоо олох боломжийг нь бүрдүүлмээр байна. Энэ асуудал дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уншсан. Ерөнхийлсөн зүйл байхаас биш тодорхой зүйл харагдахгүй байна лээ. Энд ажиллах шаардлагатай байна.

-Бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуй манайд алдагдаад байх шиг. Энэ асуудлыг гарц гаргалгааг та яаж харж байна вэ?

-Хордлого их гарч байна. Өнөөдөр энд нэг дор олон хүн хордоход шуугиад л өнгөрдөг. Маргааш Дархан, Эрдэнэт гээд ер нь хаана ч хэдэн хүн хоолонд хордохгүй гэсэн баталгаа алга. Гол асуудал энд л байна. Ноцтой хордлого илрэхэд тухайн газарт нь шуугиулаад л гал унтраах төдий арга хэмжээ авч байгаа болохоос биш, улс даяар дахин гаргахгүйн тулд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Мэргэжлийн хяналт шалгах нэг өөр. Тогтмол аюулгүй байдлыг хангах өөр асуудал. Айл гал тогоондоо хийсэн хоолноосоо нэг их хордоод байдаггүй биз дээ. Муудсан хоол хүнсээ ялгаад хэрэглэдэггүй. Үүнтэй ижил нийтийн хоолонд ч худалдаанд ийм л шаардлага хэрэгжих ёстой. Үүнийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд үйлдвэр дээр үйлдвэрийн зохистой дадал, нийт аж ахуйн нэгж үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлнэ гэж заасан байгаа. Тэр үүрэг өнөөдөр хэрэгжихгүй байгаа юм. Ялангуяа томоохон зах, жижиг худалдаа наймаа эрхлэгчдэд огт хэрэгждэггүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг бол дэмжих хэрэгтэй. Гэхдээ эрүүл ахуйн хувьд ямар ч хөнгөлөлт байж болохгүй. За яахав, жижиг юм гээд хүнд хортой хоол хүнс бэлтгээд сууж болохгүй. Шаардлага ижил тавих ёстой. Ер нь үйлдвэрлэгч өөрөө аюулгүй байдлаа хангаж хариуцлагаа хүлээнэ гэж хуульд заасан байдаг. Тэр хариуцлагаа хүлээхийн тулд тухайн үйлдвэрт дотоод хяналтын алба байх ёстой. Манайд томоохон компаниуд дотооддоо хяналтын лабораторитой байдаг. Дотоо хяналт сайн байж эрүүл, чанартай хүнс гарч ирнэ. Тухайн үйлдвэрлэгч энэ хүнс таны эрүүл мэндэд аюулгүй гэж баталгаа өгдөг. Тэр нь зөрчигдөх л юм бол эрхийг нь хурааж авах нь зөв. Үүнийг таслан зогсоох арга хэмжээ шуугиан тариад хязгаарлагдаад байна. Үүнд олон нийтийн хяналт ч хэрэгтэй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал зохих журмын дагуу мэдээлдэг, шуурхай арга хэмжээ авдаг жишиг тогтох хэрэгтэй байна. Жишээ нь, сүү таргийг хачин муухай бохир саванд хийгээд зараад л байдаг. Сүү нь өдөржин болоод яагаад гашлахгүй байна. Энэ мэтээр нарийн зүйлс энд олон байгаа.

-Өөр нэг том асуудал импорт байх шиг. Импортын хэрэггүй бараагаар дэлгүүрийн лангуу дүүрчихээд байгаа харагдах юм?

-Манайх гурил, будаа, мах сүүгээр өөрсдийгөө хангаад байгаа ч импортоор хэрэгтэй, хэрэггүй хүнсний зүйл их орж ирж байна. Манайд жилд ойролцоогоор 100 сая долларын бараа экспортолдог. Импорт нь үүнээсээ тав дахин их байгаа юм. Ийм байж таарах уу. Жишээ нь, бид өөрсдөө печень хийдэг. Печень зөөж идэж байна. Зайрмаг хүртэл импортолж авах ямар хэрэг байна вэ. Их дэлгүүр ороод харахад л Солонгосын жижиг савлагаатай сүү битүү өрөөстэй байх юм. Ийм бүтээгдэхүүн бидэнд ямар ч хэрэггүй. Эдгээрийг татварын бодлогоор зохицуулах хэрэгтэй.

Нарийн судлаад үзэхэд импортын хүнсний бүтээгдэхүүний баталгаагүйн аюул хойд зүгээс нүүрлээд байна. ОХУ-аар дамжаад чанаргүй бүтээгдэхүүн манайд их хэмжээгээр орж ирж байна. Манайх ч эртнээс л орос бараанд талтай байдгийг хэлэх үү. Манайд зарагдаж байгаа хойноос орж ирсэн бүтээгдэхүүний олонхид нь ОХУ-ын стандарт байдаггүй. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас экспортод гаргах эрхгүй бараануудаар манай дэлгүүрүүдийн лангуу дүүрчихээд байна. Сонгууль дөхөхөд л транс тос гээд хэсэгхэн шуугиад л больдог. Манайх жилд 300 орчим тонн цөцгийн тос хийж байна. Манай хэрэгцээ 10 мянган тонн орчим байгаа. Үүнийгээ рама масло юм уу маргаринаар л нөхөж байна. Энэ чинь олон төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан шүү дээ. Бид сүүний нөөцөө ашиглавал дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад гадагш нь экспортлохоор байгаа. Миний яриад байгаа зүйл шинэ санаа биш ээ. Гэхдээ технологи нь хоцорсон асуудал байхгүй. Санаачилга, менежмэнт алга.Энэ рүү иргэд малчдын санал бодлыг чиглүүлж хөдөлгөхгүй байна. Юм болгоныг л экспортолно гэдэг. Өөр нэг гай болж байгаа асуудал бол манай гаалийн татвар ердөө тавхан хувь. Хоёр хөршийнх маань 30-аас дээш хувь байдаг. Ийм нөхцөлд чанаргүй бараа манайх руу л урсана. Чанаргүй барааны урсгал хяналт муутай орон руу явж байна гэх Дэлхийн худалдааны байгууллагын дүгнэлт гарсан. Үүний амьд жишээ манайх болчихоод байна. Импортын барааг алдаг оног дутагдал илрүүлж устгахаас биш цаад орны стандарт хангасан байна уу гэх мэт зүйлсийг нарийн шалгаж байгаа асуудал манайд алга. Евро Азийн холбоонд өөрийн стандарттай, эрүүл ахуйн нэгдсэн дүрэмтэй ЕАС гэсэн тэмдэгтэй байж улс орнууд хоорондоо экспорт, импорт хийдэг юм билээ. Манайд тэр улсуудтай гэрээ хийгээд тэр журам руу нь шилжих цаг ирээд байна. Тийм бүтээгдэхүүнийг л Монголын хилээр нэвтрүүлэх хэрэгтэй. Түүнээс биш Оросын Техникийн нөхцөл буюу ТӨ гэсэн тэмдэглэгээтэй зүйлсийг авмааргүй байна.

-Манайхаас ер нь Евроазийн холбооны декларацийн баталгаа авсан бүтээгдэхүүн байдаг уу?

-Ганц хоёрхон бүтээгдэхүүн байгаа. Манайхаас “Сама” махны үйлдвэр консервондоо Евро Азийн холбооны декларацийн баталгаа авсан байна лээ. Одоо тэдний бүтээгдэхүүн Евро Азийн холбоонд орсон бүх улс руу экспортлогдох эрхтэй болчихож байгаа юм. Ингэж ажилламаар байна. Хэрэв бид гэрээ хэлэлцээртэй бол хаанаас ч зөвхөн чанар стандартын шаардлага хангасан тэмдэгтэй бүтээгдэхүүн орж ирнэ гэсэн үг. Ингээд л хүнсний аюулгүй байдал хангагдах гээд байна.

-Иргэн идэх хоол хүнсээ өөрөө л сонгоно. Юуг анхаарах вэ?

-Шим зүй хооллолтын тухайн нэгдүгээр рольд тоглох нь иргэн өөрөө гэдгийг онцолъё. Хоол идэх эрх нь хүнд байгаа учраас төр мэдлэг мэргэжил танилцуулга хийж тусална. Чиний өдөр идэх хоолыг Ерөнхий сайд ирж зохицуулж өгөхгүй. Хэдэн жилийн өмнө нэг нөхөр айлын найран дээр очиж хордоод Ерөнхийлөгчөөс амиа нэхсэн хөгтэй явдал гарч байсан. Ерөнхийлөгч яаж хяналт тавих билээ.

Ийм учраас иргэн өөрөө эрүүл хооллолтын мэдлэгтэй байх шаардлагатай. Гэхдээ заавал био химийн түвшинд биш миний эрүүл мэндэд юу хэрэгтэй вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг зохицуулдаг монгол уламжлал байсан шүү дээ.

Жишээ нь, манайд гэдэс цайлгах уламжлал гэж бий. Хөдөө өссөн хүн бол сайн мэдэх байх. Зун зөвхөн цагаан идээгээ түлхүү хэрэглэж, нөөцөлж авдаг. Өвөл мах түлхүү хэрэглээд хажуугаар нь ааруул, хурууд хэрэглэдэг. Ааруул хурууд гэдэсний микрофлорын тэнцвэрийг хангадаг үйлчилгээтэй. Хүүхдэдээ малын гэдэс гүзээ түлхүү хэрэглүүлдэг байсан. Энэ бүхэн манай эрүүл хооллолтын үндэс юм. Хүн ядаж хаягийг нь хараад л анхан шатны ойлголт авдаг байх ёстой. Хэдийд юугаа яаж хэрэглэхээ өөрөө бодож шийднэ. Хятад, Японд бол эрүүл хооллолтын бүтээгдэхүүн нь уламжлалаа л түшсэн байдаг.

Өөрийн организмдаа хэрэгтэй, чихэр, давс багатай организмд шингэдэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөе. Гадуур хооллохоос татгалзах нь зөв. Нэгдүгээрт, эрүүл мэндэд халгүй, хоёрдугаарт, хямд тусна. Гэртээ махаа чанаад идэх нь таны эрүүл мэндэд тустай.

-Гудамжинд хүний гар дээрээс авсан хүнс, ТҮЦ-нээс авсан амархан мууддаг бүтээгдэхүүнээс хордсон жишээ манайд олон байгаа. Үүнд дан ганц мэргэжлийн хяналтын байцаагч нар яваад хүч хүрэлцээ тааруу байгаа нь ажиглагддаг?

-Жижиг доод шатны зүйлсийг дүүргийн засаг захиргаа хянаж шаардлага тавих ёстой. Засаг захиргаанд чинь Мэргэжлийн хяналтын хэлтэс байгаа шүү дээ. Ер нь энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцэх ёстой. Мэргэжлийн хяналтын газар ч жил бүр тайлан гаргаж байгаа. Тэр тайланг ҮАЗ хэлэлцээд асуудлуудаа шийдэх арга замаа тодотгоод ЗГ-т хэлэлцүүлээд явдаг бол хүнсний аюулгүй байдлын асуудал цогцоороо шийдэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *