Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Ээлжит сонгуультай хамтатгаж Ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа


-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Одоо Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал хаашаа эргэх вэ?

-Хоёр л бололцоо үлдсэн. Үндсэн хуульд одоо гурван гол оролцогч байна. Олонхын бүлэг болох МАН, Ерөнхийлөгч болон Улсын хурал дахь бусад намууд болох АН, ШИНЭ нам. Энэ гурван оролцогч тодорхой зөвшилцөлд хүрвэл хоёрдугаар хэлэлцүүлгээрээ баталсан баялгийн заалт гэх мэт чухал заалтуудаа хөндөхгүйгээр тодорхой зөвшилцөлд хүрч гуравдугаар хэлэлцүүлгээ хийх бололцоо улс төрийн намуудад байгаа. Гэтэл энэ асуудал өнөөдрийг хүртэл мухардчихаад ахиж өгөхгүй байгаад байна. Үүнд бодит бололцоо бий. ШИНЭ намын зөвлөлөөс албан ёсоор зөвлөлийн шийдвэр гаргаж, мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч тогтоолын хэлбэрээр өөрчлөлтийг баталсан нь хууль зөрчсөн байна гэдэг утгаар хоригийг хүлээж авсан шүү дээ. Тиймээс төслөө хуулийн хэлбэрээр баталж, зургадугаар сард болох ээлжит сонгуулиар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталчихсан тэр хүрээндээ хуулиа гаргаад ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой. Өдгөө зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнг л хүлээнэ дээ.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн төсөл задарна гэж яриад байгаа. Ийм нөхцөл байдал үүсэх боломжтой юу?

-Энэ бол зөвшилцлийн л асуудал. Гол нь энэ Үндсэн хуулийн шинэчлэлийг УИХ батлах бүрэн бололцоотой байгаа. Ингээд батлаад явах юм бол Ерөнхийлөгч эсэргүүцнэ. УИХ дахь бусад намууд эсэргүүцнэ. Ийм нөхцөлд энэ шинчлэл Үндсэн хууль биш болчихоод байгаа юм. Яг дордуулсан долоо шиг л зүйл болно. Үндсэн хууль хэзээ Үндсэн хууль байдаг юм. Бүгд л хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Үндсэн хууль болно шүү дээ. Түүнд оролцох эрхтэй субьектүүд болох парламентын намууд, Ерөнхийлөгч шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дордуулсан долоон өөрчлөлтийг Цэц, Ерөнхийлөгч эсэргүүцсээр байтал хийсэн. Тэгэхээр энэ өөрчлөлт өөрөө маш ёс суртахуунгүй зүйл болсон байхгүй юу. 1992 оны Үндсэн хууль нэгээс бусад 429 депутат баталсан шүү дээ. Гарын үсгээ зурсан. Гараа өргөж дэмжсэн. Нийтээрээ хүлээн зөвшөөрч байж тэр Үндсэн хууль Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ дэмжсэн Үндсэн хууль болдог байхгүй юу. Тийм өөрчлөлт болгохын төлөө л би явж байна. Тэрнээс олонхын бүлэг цээжээ дэлдээд л өөрчлөлтөө батлаад явж болно шүү дээ.

-Танай намын зөвлөл одоогийн нөхцөл байдалд ямар байр суурьтай оролцох вэ?

-Хоёрдугаар хэлэлцүүлгээр хийсэн өөрчлөлтүүдээ хамгаалж, бүхлээр нь авч үлдэх, мөн Их хурлын ээлжит сонгуультай Ард нийтийн санал асуулгыг явуулах гэсэн бодлоготой байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар өөрчлөлтөд байгаа тоо заасан заалт нам байгуулж, эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна гэж зарим хүн үзэж байгаа. Үнэн үү?

-Харин тийм. Энэ бол байж болох заалт. Гэхдээ ардчилсан бус заалт. Ер нь жижиг намуудыг зөвшөөрч, дээрээс нь төрийн бус байгууллагуудад улс төрийн эрх өгөх ёстой. Тэрийг төр биш, хууль биш тухайн байгууллага өөрөө шийддэг байх ёстой. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх хамгаалах холбоо гэж бий. Тэд нар улс төрийн зорилгоор явж байна гээд сонгуульд оролцож, цааш явах эрх нь нээлттэй байх ёстой.

-Стратегийн орд газрын үр өгөөжийн дийлэнх хувийг ард иргэдэд өгнө гэж байгаа. Энэ заалтын ач холбогдол юу юм бэ?

-Өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн зарим заалтыг бүрхэг гэж мушгин гуйвуулж, хуулиараа дандаа Монгол Улс хохирсон хууль хэрэгжүүлээд явж ирсэн. Энэ заалтаар ухагдахууны хувьд ойлгомжтой л болгож байгаа юм. Тэр талаасаа энэ заалт ач холбогдолтой. Өнөөдөр баялаг гэхээр самар, жимс гээд утгагүй зүйлсийг нэрлээд байна. Баялаг гэдэг эцсийн эцэст Стратегийн орд юм. Тиймээс үүнийхээ үр өгөөжийн дийлэнхийг ард иргэд шууд хүртэх ёстой байхгүй юу. Энд тохирсон хууль гаргах нөхцөлийг Үндсэн хуулиар гаргаж өгч байгаа хэлбэр нь энэ заалт.

-2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Ер нь өнгөрсөн төсвийг ярих ямар шаардлага байгаа юм бэ?

-Хоёрын хооронд өнгөрсөн төсвийг ярих нь их муу практик. Үүнийг ярилаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин төсвийн явцыг ярьдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хагас жилээр нь ярих ёстой. Энэ жил гэхэд одоо л дөнгөж тендерүүд зарлагдаж эхэлж байна шүү дээ. Бод доо. Хэрвээ бид хагас жилээр төсвийн гүйцэтгэл ярьсан бол сүүлийн хагастаа болохгүй хүмүүстээ арга хэмжээ аваад болохгүй төсвийн заалтуудыг нь өөрчлөөд парламент ажлаа засаад сайжруулаад явах бүрэн бололцоотой байдаг. Тэгэхээр цаашдаа гүйцэтгэлийг хагас жилээр ярьдаг байх бололцооны төлөө дуугарна.

-Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын хэрэг юу болж байна. Олон улсын парламентын холбооны дүгнэлт гарсан уу?

-Олон улсын парламентын холбооны дүгнэлтийг өнгөрсөн даваа гаригт олон нийтэд танилцууллаа. Энэ дүгнэлт есдүгээр сарын зургаанд ирсэн байна шүү дээ. Сарын өмнө ирсэн энэ дүгнэлтийг УИХ-ын тамгын газар нуусан байна. Маргааш(өнөөдөр) түр хороогоор энэ дүгнэлтийг бид ил болгож олон түмэн болоод сэтгүүлчдэд тараана. Хоёр том мэдээлэл энд бий. Нэгдүгээрт, Т.Чимгээ, Ц.Содномдаржаа хоёртой холбогдох бүх зүйлсийг сайн судалсан олон улсын экспертийн дүгнэлт гарсан. Үүнийг Олон улсын парламентын холбоо хүлээн зөвшөөрч, ирэх долоо хоногт их хурал нь болно. Гэтэл энэ ажлын хэсгийн дүгнэлтэд Монгол парламент тайлбараа өгөөгүй. Яагаад гэвэл тэр тайлбарыг өгүүлээгүй. Бүтэн сар нуусан байна. Би ирэх нэг дэх өдөр тус парламентын байнгын хороо дээр орж байцаалт өгнө. Тэгэхдээ тэдэнд Монголын парламентыг юу гэж тайлбарлах вэ гэдгээ мэдэхгүй байна. Маш эвгүй байдалд орно байх. Аравдугаар сарын 4-ний дотор байр сууриа илэрхийлэх ёстой байсан ч байр сууриа илэрхийлэхгүй орох гэж байна шүү дээ.

-Олон улсын парламентын холбооны дүгнэлтэд юу гэсэн бэ?

-Т.Чимгээ, Ц.Содном-даржаа хоёр бол шударга хараат бус шүүхээр ороогүй байна гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл захиалгатай хэрэг байсан гэдгийг нотолсон байна. Хоёр дахь нь Т.Чимгээ, Ц.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн нь тодорхой болсон. Шүүхийн процесс нь шударга бус болсон нь тодорхой болсон учраас ямар нэгэн нөхцөлгүйгээр суллах ёстой. Энэ хоёр хүнийг яаралтай суллах ёстой гэсэн.

-Гэм буруугүй гэсэн үг үү?

-Гэм буруу тогтоох эрх нь нээлттэй байгаа. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хуулийн дагуу яаралтай суллах ёстой гэсэн. Энэ хэргээс улбаалаад холбогдох албан тушаалын хүмүүс өөрсдөө бараг ял сонсох юм билээ.

Эд нар Нюрнбергийн процесс гэж дэлхийн гэмт хэрэгтнүүдийг цаазаар авахыг нь аваад шоронд хийхийг нь хийсэн шиг зохион байгуулалттайгаар хүний эрхийг зөрчсөн том хэрэг нээгдэж энд оролцсон бүх хүн хариуцлага хүлээх юм билээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *