Кувейтэд бороо бараг ордоггүй. Жилд ганц хоёрхон удаа ордог бороо нь биднийг очиход шивэрч байлаа. Газар нортлоо ч орсонгүй, тэгсгээд намдав. Зундаа хэт халуун, амьдралын өртөг өндөр энэ улсад Элчин сайдын яамны дөрвөн гэр бүлээс өөр монгол хүн суурин амьдардаггүй. Харин энэ өдрүүдэд “Welcome to Mongolia” аяны хүрээнд Монгол Улсаа сурталчлах өдрүүд Кувейтэд үргэлжилж байна. Үндэсний их театрын уран бүтээлчдийн тоглолт, загварын үзүүлбэрүүд, уран зургийн үзэсгэлэн хоёр өдөр дараалан боллоо. Кувейтэд суугаа Монголын Элчин сайдын урилгаар 100 гаруй орны элчин сайдууд, кувейт иргэд Монголын соёлын өдрүүдэд хүрэлцэн ирсэн юм.
Монголын өдрүүдийн хамгийн онцлох нэг арга хэмжээ нь бизнес форум байлаа. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Т.Дүүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй Монголоос ирсэн 20 гаруй бизнесмэнүүд Кувейтын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга, бизнесмэнүүдтэй уулзалт хийж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Кувейт улс дипломат харилцаа тогтоогоод 48 жил болж байна. Кувейт улс манай улсад Түлэнхийн төв, “Өндөрхаан” нисэх буудлыг барьж өгч байгаа. Мөн Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын усан цахилгаан станцыг барьж өгсөн зэргээр хамтын ажиллагааны арвин баялаг түүх бий. Харин энэ удаагийн бизнес форумын зорилго нь Кувейтэд монгол мах,ноолуур, самар, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнээ экспортлох тухайд юм. Мөн аялал жуулчлал, шатахуун газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирсэн байв.Ер нь хоёр улс эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн дүүрэн байгаа бөгөөд хоёр талаас хамтрах сонирхол ч их байгаа нь уулзалтын үеэр тод харагдаж байв. Монголын Элчин сайдын яамны зүгээс Кувейтын махны компаниудтай өмнө нь уулзаж, махны экспортын талаар ярилцсан нь сайн суурь болж өгсөн байна. Ямартаа ч кувейт, монгол бизнесмэнүүд “боломж их байгаа”-г ярьж байлаа.
Онцлоход, уг форум эхлэхийн өмнө Элчин сайд Д.Сэргэлэн монгол бизнесмэнүүддээ нэгдсэн мэдээлэл өгч, юун дээр анхаарах талаар нөхөрсөг зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Манай хоёр улсын хувьд хамгийн эхэнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж байна. Дотор гэдэс, толгой шийр хүртэл авна гэж байгаа. Би энд махны чиглэлийн 20 гаруй компанитай уулзахад ойрын хугацаанд бүгд мах авъя гэсэн. Зарим нь бүр өөрийнхөө онгоцоор очиж авъя гэж байна. Бид махаа булангийн орнууд руу экспортлох гэхээр халал сертификат авах ёстой байдаг. Тэгэхээр Монгол Улс энэ эрхээ өөрөө олгодог болгоё гэж байгаа юм. Ирэх долоон хоногт Катар, Кувейт, Саудын Арабын магадлан итгэмжлэлийн төвөөс Монголд очиж Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газарт ажиллах юм. Малын өвчлөлтэй холбоотойгоор эдгээр орон руу Монголоос мах экспортлох хориотой байсныг ийн нааштайгаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл, манайх халал сертификат олгодог болсноор мах экспортлох боломж бүрдэж байна. Урьдчилсан байдлаар нэг кг махыг дунджаар тээврийн зардал оролгүйгээр 7 ам.доллараар экспортлох боломжтой гэж ярьж байгаа. манай компаниуд энэ үнийг доош нь битгий буулгаарай. Нэг том компанитай гэрээ хийхэд булангийн зургаан оронд сүлжээгээрээ махаа тараадаг байх жишээтэй. Манайхан тав, зургаан доллараар зарах санал тавьсан сурагтай. Ийм том зах зээл нээгдэж байхад бие биетэйгээ өрсөлдөж үнэ битгий унагаарай. Нэг цонхоор, нэг бодлогоор явах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсныхаа хувьд би махны экспортыг урт хугацаанд, өндөр ашигтай байгаасай гэдэг утгаар нь харж, үүний төлөө ажиллаж байна. Энд ирээд найман сар болохдоо зургаан сард нь зөвхөн махны компаниудтай тулж ажилласан. Үйлдвэрүүдтэй нь танилцлаа. Үр дүнд нь өнөөдөр бид мах экспортлох гэрээ хэлэлцээр яриад сууж байна. Энд ирснийх та бүхэн ч махны үйлдвэрүүдтэй танилцаж, компаниудтай нь хамтрах гэрээ хэлэлцээр хийнэ байх. Тэгэхдээ үнийн асуудал дээр нэг байр суурьтай байгаарай” гэв. махны компанийнхан толгой дохин зөвшөөрч харагдсан.Бизнес форумын дараагийн үе шат нь Монголын компаниуд өөрсдийн танилцуулгаа хийж, нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэж үзүүллээ. Кувейтын бизнесийнхэн компани тус бүрийн танилцуулгыг үзэж, бүтээгдэхүүнийг нь сонирхож байсан. Хамгийн эхэнд аялал жуулчлалын “Хөх үүр тур” компанийнхан ааруул, хайлмагаа дэлгэж угтсан бол “Арвис интернэйшл” компанийн хушны самрын амтыг монгол кувейтгүй магтаж байлаа. “Урлахуй” брэнд гоёлын даашинз, “Зосон” брэнд ноолууран хувцсаа дэлгэсэн байснаас нэлээдийг худалдан авах санал тавьсан. За тэгээд компани бүр л уулзалт ярилцлагууд хийж, хагас өдрийн турш бужигналаа. Дараа нь махны үйлдвэрүүдтэй танилцсан юм.
Мэдээж, бизнес форумын үр дүн удахгүй гарч, Монгол Улс мах болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ булангийн улсууд руу экспортлох өдрүүд ойртож байна. Өмнө нь бид зөвхөн зээл тусламж гуйдаг байсан бол харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл ийн тавигдаж байна. Удахгүй Монгол Кувейтын хооронд шууд нислэг эхэлнэ. Мөн визгүй зорчих боломжтой болох учраас харилцаа улам л нээлттэй болох нь дамжиггүй.