“Хүүхэд боловсролтой болсон үед тэднээс хэн ч эзэмшсэн боловсролыг нь булаан авч чадахгүй” хэмээн сангийн үүсгэн байгуулагч Кристина Нобле хэлсэн байдаг.
Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 20 дахь жилдээ Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирч, ирээдүйн манлайлагч болох чин хүсэл, эрмэлзэлтэй зорилтот бүлгийн оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна, манлайлал, харилцааны ур чадварыг нь нэмэгдүүлэх хөгжүүлэлтийн сургалт, хичээлээс гадуурх ажлуудыг мөн зохион байгуулдаг. Өөрсдийн сурсан мэдлэг, мэргэжлээрээ дамжуулан тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ирээдүйн шилдэг манлайлагч нар болоход оюутан залууст туслах нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.
2021/2022 оны хичээлийн жилд нийт 200 оюутнаас өөрсдийн мэдлэг чадвар, хүсэл эрмэлзлэлээрээ шалгарсан 55 оюутан 50-100%-ийн тэтгэлгийн батламжаа гардан авсанаар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт тэтгэлэгт хамрагсдын тоо 830 боллоо. 2021 оны 9-р сарын 10-ны өдөр Өглөөний гудамжид болсон уг баярт ёслолд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хэлтсийн газрын дарга Ц.Чинзориг хүрэлцэн ирж, залуучууддаа баяр хүргэхийн зэрэгцээ урмын үг хэллээ.
Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь ашгийн бус, шашны бус хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 1997 оноос хойш Монгол улсад зорилтот бүлгийн хүүхдүүдийг асран хамгаалахаас гадна боловсрол, эрүүл мэнд, сэтгэлзүйн цогц үйлчилгээг нийт 11 төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан одоогоор 35000 гаруй хүүхдүүдэд үзүүлээд байгаа юм.