Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коридорын цэвэрлэгээ (II)

Коридор гэж ийм юмыг хэлж байгаа юм. Анх үүнийг албан ёсоор хэлсэн хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр огцорсныхоо дараа “Монголд АТГ, ТЕГ, Прокурор, Шүүх, ШШГЕГ-ыг дамнасан коридор бий боллоо. Хууль хүчний эдгээр байгууллагууд улс төрчдийг захиалгаар намнаж, цөөнгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байна. Үүнийг таслан зогсоохгүй бол энэ улс юу болж хувирах вэ…” хэмээн барин тавин баримтаар ярьсан нь хүмүүсийг сэрдхийлгэн нийгэмд хүрсэн юм.

Энэ коридор хаанаас эхэлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Улс төр судлаачдын бичиж байгаагаар АТГ-ын дарга Ч.Сангарагчааг коридорт очсон анхны хүн гэж үздэг. Ч.Сангарагчаа хурандаа шударга ажиллах гэж үзсэн хүн юм шиг байна лээ. АТГ-ыг утгаар нь, хууль ёсны дагуу ажиллуулах гэж зүтгэсний хариуд орлогч дарга Д.Сандуйсүрэнтэйгээ хамт 2,4 жилийн ял авч “Ганц худаг” руу ачигдсанаар хууль хүчний байгууллагуудыг торлон хэрсэн ямар аймшигтай коридор бий болж эхэлснийг ганц нэг айхавтар хүмүүс анзаарч эхэлсэн байдаг юм. Харамсалтай нь тэд амаа хамхиж, “Надаас л холуур байгаасай” хэмээн залбирсан санагддаг. Ч.Сангарагчаа, Д.Сандуйсүрэн хоёрт тулгасан ял нь төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, загасны хэрэгсэл авахад 10 саяыг үрсэн, мөн ажилчдадаа байр авахад нь байгууллагаас тусалсан гэх мэт. Үнэндээ энэ бүхэн бол шалтаг төдий зүйл байлаа. Өнөөдөр төрийн мөнгийг буцалтгүй тусламж нэрээр хэдэн зуун саяар нь үрчихсэн нөхөр гадаадад зугаалаад, зүгээр л явж байна. Учир нь тэр хүн коридорт ажилладаг хүмүүстэй эрх ашиг нэгтэй юм шиг байна. Ер нь бид анхандаа Ч.Сангарагчаа, Д.Сандуйсүрэн нарыг коридор руу оруулж байна гэж мэдээгүй юм. Хууль хүчнийхэн шударга ажиллаж эхлэх нь, хоёр нөхөр эрх мэдлээ хэтрүүлчихсэн юм байна. Ингэлгүй яахав дээ гэх шиг юм бодоцгоож билээ.

Ингээд удалгүй алдарт оймс гозойлгосон хэрэг мандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан нөхрийг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгө мөнгө, гадны тусламж зээлийг ах дүүсээрээ нийлж идсэн гэх ойлголтыг нийгэмд өгсөн. Энэ мэдээлэл системтэй, маш сайн шат дараалалтайгаар чөлөөт хэвлэлүүдэд хүрч, бараг тэр чигээрээ “Авлигалын загалмайлсан эцэг” гэсэн гол сэдэвтэй болцгоосон. Ингээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрээс нь баривчлахын тулд тусгай хүчнийг хөдөлгөж, гэр орныг нь түйвээж, ард түмний нүдэн дээр аймшигтайгаар “Ганц худаг” руу шөнө дөлөөр ачихад ард түмэн “Энэ чинь юу болоод явчихав” хэмээн сэрдхийсэн санагдана. Гэвч хүчний байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийнхныг ашиглаж, нийгмийн сэтгэл зүйг угаасан албан мэдээллүүдийг зогсолтгүй өгч, үнэхээр дийлдэшгүй авлигач байсан мэт ойлгуулсаар байлаа. Үр дүнд нь тэр хүн шоронд үхэх шахсан. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн шоронд яаж амьдаараа тарьчилдгийг, нэр төрөөрөө яаж тоглуулдгийг монголын ард түмний зургаан сая нүд хэдэн сар харсандаа. Эцэстээ энэ хүнд тулгасан хэрэг, хүлээлгэсэн ял юу болж хувирсныг бид санаж байгаа. Өнөө их авлигал, идсэн уусан зүйл нь хоног хоногоор хорогдсоор сүүлдээ бүр тулгах, хүлээлгэх юмгүй шахам болж, төрийн ордны баруун талын дөрвөн давхрын нэг орцыг нийслэлийн өмчөөс луйвардсан болж, дээр нь бичсэн номоо гадаадаас авчрахдаа МИАТ-ыг ашигласан гэх инээдэмтэй хэрэг болж хувирсан билээ. Ном үнэгүй тээвэрлэсэн зардал нь дориун нэг вискины үнэтэй дүйхүүц болсон. Өнөө аймаар том зочид буудал нь орон сууцны нэг муу умгар орцны хоёр өрөө байгаад, тэр менежментийн хувьчлал болж таарсан билээ. Ч.Сангарагчаагаас Н.Энхбаяр хүртэлх коридорын схемийг харвал энэ хоёрын дунд даага шүдлэн төдий нөхдийг бол нэлээн шоглож, зүрхийг нь үхүүлэн, айдаст автуулж, цаашдын зам мөрөө зассан “коридор ажиллагаа” байсныг одоо хүмүүс нэгэнт мэдэх болжээ.

Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу орсондоо. За ёстой түүнийг, эргэн тойрныхныг нь шар махтай нь хатаасандаа. Эхлээд түүний ахлах зөвлөх Л.Гансүхийг барьж хорьсон. Нийслэлд ойрын 10 жилийн түүхэнд байгаагүй хямд нүүрсийг хэрэглэгчдэд түгээсний шанд Л.Гансүх шоронд орлоо. Түүнтэй Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнг холбож шоронд хийв. Энэ хоёртой ханьсуулан Н.Алтанхуягийн төрсөн дүүг нь, эгчийнх нь хүүхдийг, сүүлдээ бүр эхнэрийг нь нисэх буудлын терминалаас хүчнийхэн чирч гаргав. Үргэлжлүүлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулж, АТГ дуудан ял хэлэлцэв. Ийм мөчид, ийм байдалд орсон хүмүүст цор ганц аврагч нь хэвлэл мэдээллийн хэдэн сэтгүүлчид л байдаг хойно, Н.Алтанхуяг дарга АТГ-аас дуудах болгонд нь хэвлэлийнхний хамгаалалтыг авч, тэднийг олноор дагуулж очсоор АТГ-аас арай л ачигдчихгүйхэн шиг өдөр хоногийг өнгөрөөсөн юм. Иймдээ тултал хүнд байдалд орж, эгээтэй л ээж аавынхаа газрыг ухуулчихаагүй Н.Алтанхуяг эцсийн мөчид олны өмнө гарч ирж, төрийн ордонд бүх хэвлэл мэдээллийг цуглуулж байгаад “Хууль хүчний байгууллагууд бүгдээрээ нийлж аймшигтай коридорыг бий болголоо, улс төрчдийг захиалгаар агнадаг махны машин ажиллаж эхэллээ” хэмээн нэр зааж ард түмэнд чангаар зарласан билээ. Түүний хэлсэн энэ үгээр ард түмэн үнэхээр махны машин ажиллаж эхэлжээ, хууль хүчний байгууллагуудын хууль бус коридор бий болжээ гэдгийг нэг мөр ойлгосон гэж болно. Тийм хэрнээ дийлэнх нь мэдээгүй царайлж өнөөдрийг хүрлээ. Даруу ард түмэн дорой байдгийг монголчууд үлгэрлэн харуулж, харин коридорынхон яаж давардгийг утгаар нь үзүүлж өглөө. “Коридор ажиллагаа” улам хүчээ авч Х.Баттулга, З.Батзаяа, А.Гансүх нарын нэжгээд эрх мэдэлтнүүд нэр холбогдсон “Төмөр замын хэрэг” нийгэмд шуугиан болов. Хэрэгт нэр холбогдсон нөхдийн зарим нь шоронд ясаа цайж, зарим нь гадагшаа дүрвэлээ. Тэдний, тэдэнтэй холбоотой хүн бүрийн араас хүчнийхэн мөрийг нь мөшгиж, мөчийг нь тоолов. Ямар сайндаа жижигхэн сайт дээр тэдний хэн нэгнийг урьд шөнө баривчилсан бололтой гэх тодорхойгүй жижиг мэдээ гарахад Х.Баттулга нарынхан ойр тойрны хүмүүсээ бүртгэж, бие биен рүүгээ утсаар ярьж, айж эмээхэвдээ. Тэднийг тийм болтол нь жижигрүүлж, ээж аав, эхнэр хүүхэдтэй нь айдаст автуулав. “Коридор ажиллагаа” тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь “амьтан” болгож эхэлснийх. Ямар 1937 оны аймшигт хар өдрүүд бишдээ.

Хамгийн аймаар нь өнөөдрийг хүртэл энэхүү аймшигт коридорын эзэн биеүд оршин байсаар байна. Идэвхийлэх боломж нь илэрхий цөөрөх хандлага руу байна уу даа хэмээн улс төр, хууль эрх зүйн судлаачид харж байгаа юм билээ. Гэхдээ биетэй байсаар байгаа нь л өөрөө аймшиг. Улстөрчдийг захиалгаар намнадаг, улс төрийн захиалгат газар, бие сэтгэлийн аймшигт орчин болсон энэхүү коридорт өнөөдрийг хүртэл хууль хүчний ямар байгууллагууд, ямар дарга нар багтаж байна вэ! Та бүхэн харцгаа.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Б.Хурц, дэд дарга Б.Донжчимбуу, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, тэргүүн дэд дарга М.Алтан-Очир болон шоронгийн бүх дарга нар багтана. Энэхүү сэтгэл зүйн яргалалын коридор нь 1937 оны Дотоод явдлын яам, Бүрэн Эрхэт Онцгой комисс шиг ажиллаж, Оросоос ирсэн тэр үеийн зөвлөхүүд шиг түрэмгий, дээрэнгүй болсныг өнөөдөр монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрөх болжээ. Хүссэн хүсээгүй энэ аймшигтай нүүр тулсан, айдаст автсан ард түмнээс ямар реакц ирсэн гэхээр “Энэ коридорыг цаг алдалгүй цэвэрлээч” гэж төр засгийн эрхэнд шинэ хүмүүс гаргасан сонголт юм. Өнөөдөр шинээр сонгогдсон, томилогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд хоёроос ард түмэн хамгийн түрүүнд коридорын цэвэрлэгээ хийхийг л хүсч байна. Ард түмний энэ хүслийг мэдэрсэн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр сая сонгогдохдоо энэ сэдвээр л зогсоо зайгүй ярьж гарч ирсэн. Та хоёр бүр хариуцлагатайгаар энэхүү аймшигт коридорын талаар ярьж гарч ирсэн шүү. Одоо тэгээд энэ бүхнээ хийж хэрэгжүүл, коридорыг цэвэрлэх ажилдаа цаг алдалгүй ор. Чадахгүй бол шалавхан тонилцгоо гэж хэлмээр байна. Энэ коридорын хэрхэн ажилладаг зарчим, тогтолцоо, хүнийг тартагт нь тулгадаг яргалалыг та хоёр мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хүний аминд хүрснийг ч мэдэж байгаа. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан гэж ямар сайхан залуу амь насаа алдлаа. Шоронгийн шалан дээр амнаас нь хөөс сахараад амьсгал хурааж буй бичлэгийг ШШГЕГ-ын дарга ард түмэнд харуулж “Энэ хүн нас барахаасаа хэдхэн секундын өмнө эргэж ирсэн ахтайгаа инээж хөхрөлдөөд зогсож байсан. Яахаараа нас барчихдаг билээ” гээд Их хурлын байнгын хороон дээр ярьж суусныг Монголын ард түмэн мартаагүй байх. Ийм л аймшигтай коридорыг системийн хэмжээнд ажиллуулж чаддаг цөөн хүрээний элит давхарга үүсч, хууль бус ажиллагаа явуулж байгааг та хоёр сайн мэдэж байгаа. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа! Та хоёрын сайн мэддэг энэхүү аймшигт коридорын схемийг, зарчмыг дахиад сануулъя. Эхлээд АТГ, Тагнуулын Ерөнхий Газраас захиалсан хүн дээрээ ямар нэгэн “но” олдог. Түүн дээрээ нэлээн сайн ажиллаж, янз бүрийн бичиг баримт, ярианы нууц бичлэг, чагналт, байцаалт, баримт бүрдүүлдэг. Энэ бүхнээ Прокурорын байгууллагын ямарч зөвшөөрөлгүйгээр хэвлэлийн бага хурал зарлаж нийгэмд түгээдэг. Энэ нь ил түгээлт. Ил бус, нэлээн нарийн аргачлалаар хэвлэл мэдээлэл дэх өөрсдийн гар хөлийг ашиглаж нийгэмд бүр ч хүчтэй тарааж, нийгмийн сэтгэл зүйд бат суулгадаг технологи бий. Энэ явцад Прокурор хянасан болж ШШГЕГ-ын харьяа шоронгуудад шилжүүлдэг. Захиалгаар очсон хүмүүсийг шоронгийн дарга нар шар махтай нь хатаана. Сэтгэл санаагаар нь амьд үхдэл болгоно. Энэ бүх процессын дараа Шүүхээс ял онооно. ЕрөөсөөТЕГ-АТГ-Прокурор-Шүүх-Шорон гэсэн дамжлага. Ийм л шат дамжлага бүхий коридороор улс төрчдийг, томоохон бизнесменүүдийг оруулж шар махтай нь хатаахаар ер нь хүн яаж тэсэх юм бэ. Шоронгоос гарахын тулд хоёр гараа өргөөд, хэлээ унжуулаад, аавынх нь оронд аав болж явсан ахыгаа хүртэл ар шилэнд хутга шааж байгааг бид харж байна. Монголд хэнд итгэх болж байна вэ.

Нөхцөл байдал ийм л хүнд байна. Үнэн ийм л байна. Энэ бүгдэд эцсийн цэг тавих хүмүүс нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та хоёр байсаар байна. Энэ аймшигт коридорыг та хоёр дэлбэлээд өг. Ингэхийг хүссэн ард түмний сонголт та хоёр байсныг дахин хэлье. Та хоёр монголчуудын итгэлийг даана байх. Гэхдээ нэг зүйлийг онцгойлон анхааруулмаар байна!

Та хоёр өөрсдийнхөө коридорыг байгуулж болохгүй. Хууль хүчний салбарт өөрийн гар хөлийг оруулж болохгүй. Энэ бол хуучныг устгахаас илүү аюултай. Энэ дэлхийн түүхэнд гарсан аймшигт эмгэнэл бүхэн өс хонзонг өс хонзонгоор тайлснаас үүдэлтэй байдаг. Харин үүний оронд энэ аймшгийн коридорыг эгнэгт дахин гарч ирэхгүй болтол нь хууль эрх зүйн мундаг орчныг бүрдүүлж өг. Шударга хүмүүсийг л ажиллуул. Ингэж дахин гарах замыг тасдаж өгөх нь Та хоёрын түүхэн гавьяа болно. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр ингэж чадвал Монголын ард түмний хувьд “Энэ хоёр хүнийг гаргаж ирсний хэрэг бүтлээ” гэж баярлах болно. Ард түмний буян заяа гэж нэг айхавтар юм та хоёрыг мөнхөд түших болно.

Л.ТҮВШИНСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *