Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Бүгд Найрамдах Колумб улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тито Саул Пинилла Пиниллаг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд улс орныхоо нөхцөл, байдал, сонгуулийн байгууллагын талаар товч танилцуулсан байна. Колумб улс сонгуулийн үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэл рүү явж байгаа бөгөөд түүнийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэн ашиглаж буй Монгол Улсын туршлагыг үнэлж байгаагаа тэрээр илэрхийлэхийн сацуу энэ талын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай Колумбын Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн хүсэлтийг уламжилжээ.
Уулзалтын үеэр ноён Элчин сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хүсэлт бүхий захидлаа Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад гардуулсан аж. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Колумбын сонгуулийн байгууллагын ажиглагчдыг хүлээн авахад таатай байх болно гэжээ.