Categories
мэдээ нийгэм

Кино театрт үндэсний кино 50-иас доошгүй хувь байхаар хуульчлав

Солонгосын савангийн дуурьт монголчууд  хэт автаж байгаа талаар шүүмжлэл өрнөдөг. Соёлын яамныхан үндэсний ухамсарт сөргөөр нөлөөлж мэдэх энэхүү байдалд анхаарлаа хандуулахаар шийдэв бололтой. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар уг төслийг дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тус яамныхан үзэж байгаа гэнэ.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, хэл, соёл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан аж. Тодруулбал, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, үзвэрийн цэгүүдийн дэлгэц тус бүрээр түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 50-аас доошгүй байхаар тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *