Categories
гадаад мэдээ

Хятадын удирдагчийн албан айлчлал үргэлжилж байна DNN.mn

Хятадын удирдагч Си Жиньпин 2019 онд Италид төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэхэд түүнийг тансаг угтан авч, Ромын дурсгалт газруудаар аялуулж, дуурийн дуучин Андреа Бочелли дуугаа өргөсөн оройн зоог барьж, Хятадын “Бүс ба зам” хөтөлбөрт Итали улс нэгдэн орж байв.

Харин таван жилийн дараа Хятадын удирдагч Европ тэс өөр уур амьсгалтай болсон нөхцөлд дахин айлчилж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Итали улс Хятадын “Бүс ба зам”-аас албан ёсоор гарч, “G7”-ын гишүүн цорын ганц улс Хятадын хөтөлбөрөөс гарсан нь Хятад болон түүний удирдагчдад хүнд цохилт болсон. Энэхүү үйл явдлын ард Европын Холбоог Хятадтай хийх томоохон худалдааны сөргөлдөөнд бэлдэж буй дургүйцэл, мөн Хятад улс Украины эсрэг дайн хийж байгаа Оростой харилцаагаа гүнзгийрүүлж байгаагаас үүдэлтэй Бээжингийн дэлхийн амбиц, нөлөөний талаарх хардлага нуугдаж байсан билээ.

Си Жиньпин Францад хүрэлцэн ирж түүний Европт хийх зургаан өдрийн айлчлал сүр жавхлан, ёслол төгөлдөр үргэлжилж магадгүй байгаа ч түүний энэ айлчлал тус тив даяар Хятадыг үзэх үзэл эрс өөрчлөгдсөн нөхцөлд болж байна. Зөвхөн сүүлийн хэдэн долоо хоногт гэхэд л Европын Холбоо Хятадын салхин цахилгаан үүсгүүр, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авсантай холбоотой худалдааны мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тагнуулын ажиллагаатай холбоотой мөрдөн байцаалтын хүрээнд Хятадын хамгаалалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Nuctech” компанийн оффис руу хүчээр дайран орж нэгжлэг хийгээд байгаа юм. Герман, Их Британи мөн сүүлийн өдрүүдэд Хятадтай холбоотой тагнуулын гэмт хэргийн хэргээр дор хаяж зургаан хүнийг баривчилж, яллагдагчаар татаад байна.

Берлинд төвтэй АНУ-ын Германы Маршаллын сангийн ахлах ажилтан Ноа Баркин “Европын олон нийслэлд Хятад улсыг олон талын аюул заналхийлэл гэж үзэх нь улам бүр нэмэгдсээр байна. Гэвч Европын Хятадтай холбоотой сорилтуудыг эдийн засаг, аюулгүй байдлын үүднээс хэр хурдан, шийдвэрлэх талаар санал зөрөлдөөн их байна” гэж хэлжээ. Си Жиньпиний айлчлал Франц, Серби, Унгарт болж буй нь түүнийг шүүмжлэгчдийн бай болгож байгаа ч Европын зарим хэсэгт Хятадыг илэн далангүй хүлээн авсаар байгааг харуулах нэгэн боломж болж байгаа билээ.

Бээжин эдийн засаг нь гацсан таагүй энэ цаг үед худалдааны гажуудлаа шийдвэрлэхийн тулд Европын түлхэх хүчийг сулруулахыг эрмэлзэж байна. Мөн Бээжин удахгүй болох АНУ-ын сонгуулийн үр дүн тодорхойгүй байгаа энэ үед Европыг АНУ-тай ойртуулахгүй байхыг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Си Жиньпин гэнэтийн буулт хийхгүй л бол Хятадыг хатуу шүүмжлэгчидтэй амжилттай тохиролцоонд хүрэхэд хэцүү байх болно. Иймээс түүний энэ аялал зөвхөн Европ, Хятадын хооронд төдийгүй Европ дахь дотоод хуваагдлыг ил болгож энэ нь Хятадын талд ашигтайгаар эргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Си Жиньпиний айлчлал түүний хамгийн хатуу шүүмжлэгчийн нэг болох Европын Комиссын дарга Урсула фон дер Лейентэй хийх уулзалтаар үргэлжлэх болно. Фон дер Лейен Европын Холбооны технологийн аюулгүй байдалд Бээжингээс ирж буй нөлөөлөлд санаа зовнисон “Хятадын эрсдлээс ангижруулах” хөтөлбөрийг удирдаж, Хятадын цахилгаан автомашины урсгалын эсрэг өндөр эрсдэл бүхий мөрдөн байцаалт явуулах ажлын удирдлагад орж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *