Урд хөршийн эдийн засаг дотоод эргэлт, гадаад экспорт гэсэн хоёр тулгуур дээр тогтдог. Тэгвэл Хятадын эдийн засаг нэг тулгууртай болж буй талаар BBC-ийн тоймч Алексей Калмыковын бичсэн “Хятадын эцэс төгсгөлгүй хямрал. Яагаад Си Жиньпиний удирдлага дор Хятад Америкийг гүйцэх магадлал бага байна вэ?”нийтлэлийг хүргэж байна.
Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, баяжин дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий гүрэн АНУ-ыг гүйцэж түрүүлэх нь хэнд ч ойлгомжтой болоод байв. Гэвч сүүлийн гурван жилд Хятад улсын эдийн засгийн өсөлт огцом удааширч, ач холбогдлоо алдав. Энэ зун барууны мэргэжилтнүүд, улстөрчид “бүдгэрч” буй Хятадын эдийн засгийн удаашрал дэлхийн бусад улс орнуудад хэрхэн нөлөөлөх талаар ярьж эхэлсэн юм. Учир нь Америкийн хувьд Хятад улсын эдийн засгийн аюул хуучирч, улс төр, цэргийн шинэ аюул болж хувирав. Харин Хятадын эдийн засагт үүссэн энэхүү “шинэ нөхцөл” Азийн хөршүүдэд нь барууны бизнес, хөрөнгө оруулалтыг татах боломж болж хувирсан. Оросын хувьд Хятадын “гайхамшиг”-ийн бууралт нь энэ улсын гол бүтээгдэхүүн болох эрчим хүчний экспортын орлогыг бууруулна гэдгийг нь тодорхой болгож орхив.
Азийн “нисдэг луу” яагаад гэнэт мөлхөж буй өт болон хувирав?
Товчоор Хятадын эдийн засгийн гол хөдөлгүүр болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл гацчихаад байна. Гэхдээ энэ нь Хятадын хүн ам гол нь Коммунист нам болон түүний удирдагч Си Жиньпиний удирдах, чиглүүлэх үүрэгт үл итгэх явдлаар илэрч гарах нэн хүнд өвчний анхны шинж тэмдэг юм. Орос шиг ядууралд нэрвэгдээд байсан Хятад улс 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжиж, барууны орнуудад нээгдсэн даруйдаа нэг их удалгүй баяжсан. Баялгийн хэмжээ жилд 10-15%-иар өсч байсан ч аажмаар үйлдвэржилт, хотжилт хүчээ шавхаж, Си Жиньпингийн үед эдийн засаг аль хэдийнэ хоёр дахин удаан буюу жилд 5-7 хувиар өсч эхлэв. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт ердөө 3 хувь орчим байсан бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд уг өсөлт 3 хувиас давсангүй. Хятад улс Ковидын 2022 онтой харьцуулахад жилийн өсөлт дор хаяж 5 хувь байх ёстой байв. Хятадын энэхүү хямралыг эдийн засгийн бус улс төрийн шалтгаантай гэдгийг шинжээчид нэгэн дуугаар онцолж байна. Энэ нь коммунист удирдагч Си Жиньпин тус улсад эрх мэдлээ нэгтгэн нэмэгдүүлж, өөрийн “перестройка” болох өөрчлөн байгуулалт эхлүүлсэнтэй холбоотой юм. Тэрбээр экспортын хурдацтай өсөлт, зээлсэн хөрөнгө оруулалтад суурилсан өмнөх өсөлтийн загварыг орлох барууны орнууд шиг хэрэглээнд суурилсан эдийн засаг бий болгохыг хичээж байна. Гэхдээ энэ нь иргэдэд сайн сайхан амьдрал авчрах нь юу л бол. Учир нь өсөлт авчирч байсан хуучин эх үүсвэрүүд хүчээ барж дуусаад эдийн засгийг ёроол руу нь татаж байна. “Энэ бол бүтцийн шалтгаантай удаашрал. 2008-2016 онд эдийн засгийн өсөлтийг хангаж байсан “хөдөлгүүр”-үүд хог хаягдал болов. Үл хөдлөх хөрөнгийн салбар Хятадын эдийн засгийн 25 хүртэлх хувийг бүрдүүлдэг. Энэ салбарын удаашрал, зогсолт нь ерөнхийдөө эдийн засгийн өсөлт буурах гол шалтгаан болж байна” гэж АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төв(CSIS)-ийн Логан Райт хэлэв. Нэгдүгээрт, орлого нь өмнөх шигээ өсөхгүй болсон, хоёрдугаарт, буцаад хямд үнэтэй орон сууц шаардлагатай болж байгаа учраас, гуравдугаарт, иргэд ирээдүйдээ итгэхгүй болж байгаагаас шалтгаалж байна.
Хятадуудын хувьд орон сууц бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт байсан юм. Банкны хадгаламжийн хүүг Коммунист намын бодлого үргэлж дарж, иргэд бүх мөнгөө банкинд хадгалуулах сонирхолгүй болсон. Тиймээс Хятадууд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө өсгөдөг болов. Орон сууц нь хадгаламж болохоос гадна хүмүүс өөрсдөө амьдарч болдог байв. Хотжилт, хүн амын өсөлт нь хотуудын орон сууцны эрэлтийг дэмжиж байв. Эдгээр бүх хүчин зүйл одоо үгүй болов. Үнийн гацалт, уналт нь үл хөдлөх хөрөнгийг хадгаламжийн объект болгох сонирхолгүй болгов. Хотжилт бараг алга болж, хүн амын өсөлт зогсов. АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн ажилтан Зое Лю “Айдас төрүүлж байгаа зүйл нь орон сууцны эрэлт буурснаар хүн амын өсөлтийг бууруулж байна. Хотжилтын оргил үе ард хоцорч, 2013 оноос хойш гэрлэлтийн тоо буурч байна” гэж хэлэв. Нэгдүгээрт, хятад иргэдийн орлого өмнөх шигээ өсөхгүй байна, хоёрдугаарт, орон сууц хямдарсаар байна, гуравдугаарт, тэд ирээдүйдээ итгэхгүй болчихоод байна гэв.
Өмнө нь Хятадын бүтээн байгуулагчид банкнаас зээл, улсаас газар авч, суурийг нь ухангуут, дуусаагүй барилгаа иргэдэд зарж, олсон мөнгөөрөө барилгаа дуусгалгүй, харин шинээр газар худалдаж авч, шинээр зээлэнд барьцаалж, дахин суурь ухан зарж энэ явдал давтагдан явагддаг байсан. Мэдээж хэзээ нэгэн цагт энэ “хөөс” хага үсрэх нь тодорхой байв. Ийм явдал эхлэнгүүт Коммунист нам хөндлөнгөөс оролцож, зохицуулалтыг чангатгаж эхэлсэн ч орон сууцанд оруулсан бараг бүх хөрөнгө оруулалт нь орон сууцны дуусаагүй барилга, суурийг нь ухсан нүх болж хувираад байна. Хэн ч шинэ нүх ухахгүй болж 2021 оны дунд үеэс үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаа хоёр дахин буурав. “Энэ бол Хятадын хөрөнгө оруулалтыг зогсонги байдалд оруулсан гол хүчин зүйл” гэж CSIS-ийн Логан Райт хэлэв. “Үл хөдлөх хөрөнгийн салбарыг орлох Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах өөр эх үүсвэр байсангүй. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн эргэлт огцом удааширснаар тайлбарлагдана” гэж тэр хэллээ. Энэ нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад улсыг урагшлуулсан өсөлтийн “хөдөлгүүр”-үүд гацаж дор хаяж дараагийн арван жилд үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болсон гэсэн үг билээ. Харин хөрөнгө оруулалтын энэхүү бууралтыг Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг болох хэрэглээ, экспортоор нөхөх ёстой. Гэхдээ энэ бол үнэхээр хэцүү зүйл болчихоод байна.
Хүмүүсийг мөнгөө үрэх нөхцөл бий болгох нь Хятадын Коммунист намын гол ажил юм. Одоогийн байдлаар энэ ажлын ахиц дэвшил бага байна. Ажилгүйдэл нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн эргэлт зогсож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна. Ийм нөхцөлд хятадууд мөнгөө зарцуулах бус өрөө төлж, хуримтлал үүсгэхийг илүүд үзэж байна. Гэхдээ гол зүйл бол ирээдүйдээ итгэх итгэл. Бүхэл бүтэн нэг үеийнхний дассан сайн сайхан байдлын тасралтгүй өсөлтийг хангах Коммунист намын чадварт итгэх иргэдийн итгэл улам бүр багасч байгаа явдал.
Нам болон Си Жиньпин юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа гэдэгт би итгэж байна. Тэдэнд эхлээд ковидын хатуу түгжрэл, дараа нь иргэдийн эсэргүүцэл тохиосон. Үүний зэрэгцээ Си “нийтийн хөгжил цэцэглэлтийн” төлөө тэрбумтан, алдартай жүжигчдийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ч удалгүй бодлоо өөрчилсөн. Мөн энэ бүх хугацаанд барууны орнуудтай Хятадын зөрчилдөөн улам бүр нэмэгдэж, Тайванийн төлөөх дайн хийх нь гэсэн айдас хүн амын дунд улам ихсэж байгааг сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад руу гурван удаа хийсэн айлчлалаасаа би харсан. “Хүмүүс аль болох бага мөнгө зарцуулж, илүү их хэмнэж байна. Шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хагарсан “хөөс” биш юм шиг надад санагдсан. Энэ нь улс орон буруу чиглэлд явж байна гэсэн мэдрэмжээс болж ерөнхийдөө итгэл алдарсантай холбоотой. Үүний үр дүнд шинэ Жэк Ма болж, гутамшигт нэрвэгдэх хүсэлтэй хятадууд улам бүр цөөрсөөр байна” гэж Скотт Кеннеди хэлэв.
“Ажилгүй болсон залуучууд том асуудал болоод байна” гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн Зое Лю асуудлын үндсийг тайлбарлав. “Эрх мэдлийн төвлөрөл нь бусад бүх хүний дуу хоолойг хаачихаад байна. Иймээс эрс шинэчлэл хийх амлалтын дохио хамгийн дээд цэгээс буюу Си Жиньпинээс ирэх ёстой” гэж Логан Райт хэлэв. “Мэдээжийн хэрэг, Хятадын удирдлагад өр барагдуулах болон хүн ам зүйн өсөлтийн аль алиныг нь шийдвэрлэх шаардлагатай болно. Гэхдээ гол асуудал нь өөр. Тэд шинэ нэгдмэл зорилго олж, хүн амыг татах хэрэгтэй. Баруунтай харилцах харилцааны хурцадмал байдлыг намжаан тэд улс орныг хэрхэн чадварлаг удирдахаа мэддэг гэдгээ батлах ёстой. Энэ тохиолдолд эдийн засгийн шинэ өсөлт ирэх нь бүрэн баталгаатай биш ч эрх баригчид хүн амын ирээдүйд итгэх итгэлийг хэсэгчлэн сэргээж, хэрэглээг нь сэргээх боломжтой болно” гэж түүний хамтран зүтгэгч Скотт Кеннеди энэ дохионы мөн чанарыг тайлбарлав. “Энэ нь Си Жиньпин өөрийн одоогийн чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай гэсэн үг” гэж Гадаад харилцааны зөвлөлийн Зое Лиу нэмж тайлбарлав.
Өсөлт өмнөх шигээ өндөр байх чадваргүй болсон ч Хятадыг орхих дэндүү эрт байна гэж бараг бүх мэргэжилтэн үзэж байна. АНУ-д төвтэй Петерсоны Олон улсынэдийн засгийн хүрээлэнгийн Ник Ларди “Мэдээж Хятадын эдийн засгийн гайхамшигт өсөлт нэгэнт ард хоцорсон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд хэзээ ч жилийн 8-9%-ийн өсөлт рүү буцаж очиж чадахгүй. Учир нь үүнд томоохон хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болсон бүтцийн асуудал саад болж байна” гэж хэлэв. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн уналт дууссан гэдэгт итгэлтэй байна. Хятад улс туйлдаа хүрсэн бололтой. Одооноос эхлэн эдийн засгийн өсөлт харин ч хурдасч, ойрын жилүүдэд одоогийн гурван хувиас хамаагүй өндөр байх болно гэж CSIS-ийн дугуй ширээний уулзалтын үеэр судлаачид дүгнэжээ. Өнгөрсөн долдугаар сард гахайн тахал гарч, гахайн махны үнэ огцом өссөн нь шууд нөлөөлсөн дефляцийг нэг их зүйлд бодох шаардлагагүй. Учир нь Хятадад цалин нэмэгдэж, бодит орлого нь жилийн дүнгээр 5-7 хувиар нэмэгдэж байна. Гэсэн ч иргэдийн хуримтлал эсрэгээрээ буурч байна. “Мэдээж хэрэглэгчдийн итгэл үнэмшилтэй холбоотой асуудал байгаа ч орлого энэ хурдаар өссөөр байвал хэрэглээ ямар ч байсан өснө” гэж Ларди итгэлтэй хэлэв. Гэвч эдийн засгийн нөгөө хоёр гол хөдөлгүүр болох хөрөнгө оруулалт, экспортын тэлэлтэд найдах шалтгаан одоогоор алга. “Хятад улс 2000-аад оны сүүлчээс хойш дэлхийн тэргүүлэх экспортлогч хэвээр байгаа ч ДНБ-д эзлэх экспортын хэмжээ буурч байна. 15 жилийн өмнө эдийн засгийн үйл ажиллагааны гуравны нэгийг хангаж байсан экспорт одоо тавны нэг нь болж буураад байна” гэж Гадаад харилцааны зөвлөлийн гишүүн Зое Лю дурсав. “Хэдийгээр Хятад улс үйлчилгээний экспортоо нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч хэвээр байгаа ч экспортоос ДНБ-ий өсөлтийг хурдасгах боломж маш бага байна” гэж тэр хэлэв.
Г.АМАРСАНАА