Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын бяцхан Бонсай буюу үзэсгэлэнт Ниншя DNN.mn

Намуухан тал, сүрлэг өндөр уулс дундуур мөрөн гол мушгиран урсана. Тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэн сунайх нурууд цэнхэртэн дүнсийнэ. Элээж барахааргүй энгүй их элсэн цөл намрын шаргал наранд бүгээндүү оршино. Үзэсгэлэнт байгаль сүлэлдэн хослох нь сэтгэлийн гүнд амар амгалан ноёлох ажээ. Уран зураг мэт тансаг өгөгдөлтэй энэ нутаг бол урд хөршийн Ниншя-Хотон үндэстний өөртөө засах орон юм. Хятадын баруун хойд бүсийн цорын ганц умардаас өмнөд рүү чиглэдэг Хэлан уул энд дүнхийхээс гадна Шар мөрөн 397 км урт газрыг сүлждэг гээд бодохоор Ниншя аргагүй л гайхамшигт сав шимийн ертөнц гэлтэй.

Саяхан БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилгаар “Бүс ба Зам” олон улсны дээд түвшний гурав дахь уулзалт Бээжин хотноо болсон билээ. Дэлхий 140 гаруй орны удирдлагууд нэг дор цугларсан уг чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцсон тухай хэвлэлийн хуудаснаа олонтаа дурдагдсан. Тэгвэл энэ үеэр Монгол Улсын Төрийн тэргүүн Ниншя-Хотон үндэстний өөртөө засах оронд зочилсон юм. Ерөнхийлөгчийг дагалдах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд цомхон мэдээллийн хэрэгсэл явсны дотор хэвлэлээс зөвхөн “Өдрийн сонин” байв.

Очсон газрынхаа сонин сайхнаас ийнхүү сийрүүлье.

Бээжингээс хоёр цаг хэртэй орон нутгийн нислэгээр зорчоод Ниншягийн төв Иньчуаньд буув. Энэ хоттой Монголоос Баянхонгор аймаг хамгийн ойр юм байна. Ногоон байгууламжаар бялхах Иньчуань хот эмх цэгцтэй гэж жигтэйхэн. Орчин үеийн тансаг хийц загвартай байшин барилгууд олон сүндэрлэжээ. Тэр дунд исламын сүм хийд бололтой пөмбөгөр оройтой байшингууд ялгарч харагдана. Энэ хотын хүн ам бараг Улаанбаатартай ойролцоо хэрнээ хөл хөдөлгөөн сэлүүхэн гэж ээ. Гудамжаар алхах иргэдийн дунд толгойдоо цагаан алчуур зангидаж, нэлэмгэр урт хормойтой хувцас өмссөн хүмүүс содон тусав. Тэд бол хотон угсаатнууд аж. Исламын зан үйлийг ёсчлон дагадаг хотончуудын соёл, идээ ундаа нь хятадуудаас ондоо. Түүхэнд тэдний тухай өгүүлэхдээ Юань, Тан, Сүн улсын үеэс Араб, Перс, Дундад Азиас ирж нутагшсан гэж тэмдэглэсэн байдаг. Тухайн үед худалдаа наймаа эрхлэх юм уу, ноёд түшмэлийг дагалдаж ирээд энэ нутгийн улстай гэр бүл болж, хотон угсаатан үүссэн гэх таамаг ч бий. Ниншя-Хотонгийн өөртөө засах орон нь 7.3 сая хүн амтай. Хотон угсаатан хүн амынх нь гуравны нэгийг бүрдүүлдэг. Тийм болохоор Хятад улсын цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг ажээ. Засаг захиргаанд нь Иньчуань, Шизүйшань, Үжүн, Гүюань, Жүнвэй гэсэн таван хотын 22 дүүрэг багтдаг байна.

Ниншя нь газар зүйн байршлын хувьд Шэньси, Ганьсу, Өмнөд Монголоор хүрээлүүлдэг. БНХАУ-ын баруун хойд хэсэгт 66 мянга гаруй ам.км талбайд орших харьцангуй жижиг нутаг дэвсгэртэй, сийрэг нутаг юм байна. Гэхдээ энд газар тариалан, хөдөө аж ахуй сүрхий хөгжжээ. Бүр МЭӨ III зуунаас эхлүүлсэн баялаг түүхтэй ард түмэн аж. Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуан нь Ниншягийн Бэйди муж улсыг байгуулж, цэрэг илгээн газар тариалан эрхлүүлж байжээ. Тэр цагт усаа хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд Шар мөрөн ай саваа дүүргэн цалгилан урсаж байсан гэлцдэг юм билээ.

Эдний хөдөө ахуйн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд хэдийнээ танигджээ. Тухайлбал, Хятадын усан үзэмний дарсны хөгжлийг Ниншя тодорхойлдог гэж хэлж болно. Яагаад гэвэл дарсны өлгий нутаг Францын Бордотой бөмбөрцөгийн нэг өргөрөгт оршдог байна. Си Жиньпин хэдэн жилийн өмнө Ниншяд очиход түүнийг дагалдаж явсан мэргэжилтнүүд нь газар зүйн байршлын энэ онцлогийг анзаарч, дарсны үйлдвэрлэлээр Хятад улсад ялгарах боломжтойг олж харсан байна. Одоо Ниншягийн дарс Хятадын дотоодын хэрэгцээний болон экспортын том нийлүүлэгч болжээ. Мөн энэ нутагт ургадаг чонон хармаг жимсээр хийсэн бүтээгдэхүүн бас л брэнд бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байв. Жимсний охь, цай, ундаа хэлбэрээр хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж онцолж байсан. Ниншягийн бүсгүйчүүдийн царай гэрэлтсэн тунгалаг байдаг нь чонон хармаг жимсний ач тус гэнэ лээ. Энэ нутагт махны чиглэлийн үхэр, хонины төрөлжсөн хөдөө аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа аж.

Ниншя аялал жуулчлалын баялаг нөөцтэй орон. Байгалийн өвөрмөц төрхөөрөө жуулчдын урсгалыг татаж чаджээ. Тиймдээ ч Хятадын аялал жуулчлалын салбарт тэргүүлэх хэмжээнд жин дардаг байна. Гол нь цөлжилтийн эсрэг тэмцэж буй арга барилаараа улсдаа үлгэр жишээ бүс нутгаар шалгарчээ. Өнөө цагт Ниншяг Хятадын экологийн бяцхан Бонсай хот хэмээн зүйрлэх болжээ. Бонсай бол байгальд ургадаг олон төрлийн моддын жижигрүүлсэн хувилбар гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Үүнийг ургуулахад маш их арчилгаа, тордолгоо, хүний хүч хөдөлмөр ордог учраас үнэ цэнэтэй байдаг. Тэгвэл Ниншяг яг ямар агуулгаар ийм давжаа модтой зүйрлэж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татаад явчихав. Түлхүүр нь өнөөх байгалийн тансаг төрх ажээ. Олон мянган жилийн турш өргөн мөрний наран шингэх үлгэрийн гэмээр дүрслэл, алсран бараантах уул нуруудаас гадна хараа алдам элсэн цөл, үзэсгэлэнт усан хотууд гээд төгс оршдог болохоор экологийн Бонсай гэж нэрлэсэн байна. Хамгийн гайхамшигтай нь элсэн цөлийн ганц бууц гэх хүн байгалийн уялдааг эндээс мэдэрч болох аж.

Иньчуаниас Жунвэй хүрэх хөдөө замд толь шиг хурдны замаар энэ нутгийн байгалийг ажин явахад үе, үе Монголдоо байгаа мэт сэтгэгдэл буугаад амжив. Говь, хээр хослох өргөн уудам хөндийд эгц өндөр хайрханууд нөмөрлөх нь Говь-Алтай аймгийн нутагт давхиад ч байгаа юм шиг санагдуулна. БНХАУ-ын дэд бүтэц үнэхээр эрчимтэй хөгжиж байгаагийн тод жишээ бол алс хөдөөд ч хурдны замыг өндөр чанартай барьснаас харж болно. Үүгээр зогсохгүй энэ бүс нутагт тавьж буй хурдны галт тэргийн бүтээн байгуулалт зогсолтгүй урагшилж байв. Бидний хэдэн сэтгүүлч ийн хөөрөлдсөөр бүгд нэгэн зүг харж уулга алдацгаалаа. Хөндий талд зах хязгааргүй хөхрөх далай мэт дүрслэл нүдний өмнө мэлтэлзэв. Бүгд “Далай юу даа. Ямар том юм бэ. Юу гэдэг нэртэй бол” гэцгээлээ. Харин энэ нь усан далай биш, нарны панелууд байсныг ойртож очоод мэдэх нь тэр.

Хэдэн арван км үргэлжлэх нарны эрчим хүчний хураагуурыг уул толгодыг дамнуулаад жигтэйхэн эгнүүлжээ. Ниншя муж Шаньси, Ганьсу, ӨМӨЗО-ны уулзвар хэсгийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн “Алтан гурвалжин”-д оршдог болохоор эрчим хүчний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг байна. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч маш сайн хөгжсөн юм билээ. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийх нь бараг тэн хагасыг эзэлдэг гэсэн. Суурин тосгодын байшингуудын дээвэр дээр нарны панелууд гялалзаж байгаагаас харахад өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч бололтой.

Ниншя ашигт малтмалын 50 гаруй талбайд батлагдсан нөөцтэйгээс нүүрсээрээ Хятаддаа эхний зургаад бичигддэг байна. Бас нэг онцлог нь дэлхийн анхны сая кВт-ын дулааны цахилгаан станцтай. Дэлхийд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хамгийн том төсөл энд хэрэгжиж байна.

Сонирхуулахад нээлттэй эдийн засагтай Ниншя нь Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлээд эхэлжээ. Бид тус мужтай олон чиглэлд түншлэх боломжтой. Тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал гээд бүхий салбарт хамтран ажиллахад Ниншягийн удирдлагууд таатай байгаагаа илэрхийлж байв.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *