БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2021-2025 оны 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний дагуу тус улсын дижитал эдийн засгийг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулав. 2020 онд дижитал эдийн засаг БНХАУ-ын ДНБ-ий 7.8 хувийг эзэлж байсан бол энэхүү шинэ төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьжээ. Мөн 2025 он гэхэд Хятадын аж үйлдвэрийн дижитал өөрчлөлт шинэ түвшинд хүрч, дижитал төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, дижитал эдийн засгийн удирдлагын тогтолцоог мэдэгдэхүйц сайжруулахаар төлөвлөсөн байна.
Улмаар дижитал дэд бүтцийг оновчтой болгож шинэчлэх, аж ахуйн нэгжүүдийн дижитал шилжилтийг эрчимжүүлэх, дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр найман чиглэлийн гол зорилтыг нарийвчлан тодорхойлсон байна. Уг баримт бичигт БНХАУ “6G” сүлжээний судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, нэгдсэн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн салбарын инновацийг нэмэгдүүлж, бизнесийн шинэ хэв загварыг хөгжүүлэхэд улсаас эрчимтэй дэмжлэг үзүүлнэ гэжээ. Түүнээс гадна олон улсын дүрэм журам, туршлагад үндэслэн дижитал эрин үеийн хил дамнасан мэдээллийн урсгал, зах зээлд нэвтрэх, монополь үйл ажиллагааг хязгаарлах, дижитал юань, хувийн мэдээллийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулахаар төлөвлөсөн байна.
ТОВЧХОН
Илгээмжээс омикрон хувилбарын халдвар тархсан байж магадгүй гэж үзсэн Бээжингийн албаныхан иргэдэд гадаадаас бараа захиалж авахгүй байхыг зөвлөжээ. Хятадын холбогдох албаныхан Бээжин хотод омикрон хувилбараар оношлогдсон эмэгтэй гадаадад аялсан түүхгүй боловч илгээмжээр авсан зүйлээс нь халдвар илэрсэн гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Харин эрдэмтэд энэ таамаглалд эргэлзсэн байр суурьтай байна.
Өнгөрсөн онд дэлхийн авто зах зээл 4.6 хувиар өсч 81.3 сая суудлын автомашин арилжаалжээ. БНХАУ-д 25.5 сая машин зарагдсан нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Тус улсад автомашины худалдаа 2021 онд 2020 оноос 4.3 хувиар нэмэгджээ. Харин АНУ-д 14.9 машин худалдсан нь өмнөх оныхоос 2.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Баруун Европт 12.4 сая, Зүүн Европт 4 сая машин заржээ. Өмнөд Америкийн диллерүүд өмнөх оныхоос 2.4%-иар илүү буюу 2 сая 335 мянган машин худалдсан байна.
BBC.CNN. REUTERS. CGTN.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА