Categories
гадаад мэдээ

​Хятадад юу болоод байна вэ? DNN.mn

Хятадын коммунист намын ХХ их хурал дээр тус улсын тэргүүн Си Жиньпин 0-COVID” үйл ажиллагааг үргэлжлүүлнэ, баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгөх ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Эдгээр бодлогооос шууд шалтгаалж Хятадын эдийн засгийн гол тулгуурууд болох үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ царцаж, үйлдвэрлэл, худалдаа хумигдаж эхлэв. БНХАУ-ын экспорт, импорт өнгөрсөн сард гэнэт уналтад орсон нь 2020 оны тавдугаар сараас хойшхи анхны нэгэн зэрэг явагдсан том уналт болсон. Аравдугаар сард экспортын тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурч, есдүгээр сард 5.7 хувийн өсөлттэй байсан эдийн засагт огцом эргэлт гарсан нь 4.3 хувиар өснө гэж байсан эдийн засгийн шинжээчдийн хүлээлтээс хамаагүй бага үзүүлэлт болов.

“Capital Economics”-ийн эдийн засагч Зичун Хуан “Ирэх улиралд экспорт улам буурна гэж бид тооцоолж байна … Хятадын төр засгийн санхүүгийн түрэмгий бодлого буюу их мөнгө олох тусам нь их мөнгө улс хурааж авах бодлого, өндөр инфляциас шалтгаалсан бодит орлогын бууралт ирэх онд Хятадын эдийн засгийг уналтад оруулна гэж бид үзэж байна” гэжээ. “Ройтерс” агентлаг хятадын гаалийн мэдээлэлд тулгуурлан тус улсын автомашины экспортын тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буурч, 60 хувьд хүрсэн нь Хятадын эдийн засагт бараа бүтээгдэхүүний эрэлт буурч үйлчилгээ рүү шилжиж байгааг харуулж байна гэж мэдэгдэв. Импортын ачаа эргэлт 9-р сард 0.3 хувийн өсөлттэй байсан нь өмнөх үеэс 0.7 хувиар буурч, 2020 оны 8-р сараас хойшхи хамгийн сул үр дүн болов. Дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн удаашралтаас гадна дотоодын эрэлт суларч байгаа нь Хятадын эдийн засагт илүү их дарамт учруулах болно гэж шинжээчид үзэн “Дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь Хятадын богино хугацааны сэргэлт, урт хугацааны өсөлтөнд саад болж байна” гэж “Jones Lang Lasalle”-ийн ахлах эдийн засагч Брюс Панг хэлэв.

Царт тахал гараад бараг гурван жил болж байхад Хятад улс “COVID-19”-ийн эсрэг хатуу бодлого баримталж, эдийн засагтаа ихээхэн хохирол учруулж, нийтийг хамарсан бухимдал үүсгэсээр байна. Хамгийн гол нь Си даргын 0-COVID”, баячуудын хөрөнгийг ядуучуудад өгнө гэдэг бодлого хятадын иргэдийн амьдралын төвшинг эрс бууруулж магадгүй болоод байна. Ингэх аваас БНХАУ дотроосоо бут үсрэх болно. Учир нь хятадууд хэнээр удирдуулж буйгаа огт тоодоггүй, харин амьдрал нь буурангуут шууд босдог онцлогтой ард түмэн. Иймээс хятадууд бусад улсаас хамгийн олон буюу 10-н түүхэн том бослого гаргаж хамгийн урт буюу 1927-1950 он хүртэл иргэний дайн хийж байсан ард түмэн билээ. Ядаж байхад “0-COVID” гэх хатуу хөл хорио тогтоосон хотуудад дарга нарын ойрын хамаарал бүхий этгээдүүд иргэдийн хүнс, өргөн хэрэглээний барааны ханган нийлүүлэлтийг хариуцан баяжиж байна гэсэн мэдээлэл нийтийн сүлжээгээр тараад байгаа нь иргэдийн эсэргүүцэл, дургүйцлийг өдөөгөөд байна.

Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хотод коронавирусын эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тавигджээ. Нийт 10 хүн амиа алдсан орон сууцны өндөр байшинд гал гарсны дараа жагсаал эхэлсэн гэж мэдээлж байна. Уг бичлэгт орон нутгийн оршин суугчид олонх нь маск зүүж, харанхуй болсны дараа хотын гудамжинд цугларч байгааг харуулжээ. Үүний дараа цагдаа нартай жагсагчдын сөргөлдөөн эхэлж, хүмүүс “Ковидын хязгаарлалтанд төгсгөл!” хэмээн хашгирч байв. Өөр нэг бичлэгт олон хүн үймээн самуун дэгдээн тусгай хаалтыг нэвтэлж байгааг харуулав. Жагсаал болсон газрын байршлыг “Ройтерс” агентлаг баталгаажуулсан бол өнгөрсөн баасан гарагийн орой “ВВС”-ийн дамжуулалтаар хотын захиргааны гадаа цугларсан эсэргүүцэгчдийн жагсаалыг бас харуулав. Мөн Гуанжоу хотод гарсантай адил явдал өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Бээжин, Сиань, Чунцинь, Нанжин зэрэг том хотуудад болж иргэд төр, засгийнхаа эсрэг жагсжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүд дээр жагсаж буй залуус “Коммунист нам зайл! Си Жиньпин зайл!” хэмээн хашгиралдаж байв. Цагдаа нар удалгүй баривчилгаа явуулж эхэлсэн байна. Цар тахал эхэлснээс хойш бараг гурван жилийн дараа ч гэсэн Хятадын хил хүртэл хаалттай хэвээр байна. Энэ бол хятадын коммунистууд иргэдээ ковидын вакцинд бүрэн хамруулаагүй гэсэн үг гэж зарим судлаачид онцолсон байна. Мөн эдгээр хотоос гадна Бээжин, Нанжин хотын их дээд сургуулиудын оюутнууд коммунист төр, засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлжээ.

Дарангуйлагч дэглэмтэй Хятадад төр засгаа шууд эсргүүцсэн ийм ил тод илрэл маш ховор болдог гэж барууны хэвлэлийн агентлагууд гайхаж байгаагаа нуулгүй онцлон тэмдэглэсэн байна.

Урд хөршийн Коммунист засаглал уруудах замдаа оров.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *