Categories
мэдээ нийгэм

Хятад мотоциклийг Монголд оруулахгүй байхыг хүсчээ

Хятад мотоцикль унаж байгаад осолд орсон хэрэг их гарах болжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 88 мотоциклийн осол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 34 хүн амиа алджээ. Тиймээс Замын цагдаагийн газраас ГЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хятад мотоциклийг оруулж ирэхгүй байх албан бичиг хүргүүлжээ.
Одоогоор тухайн байгууллагуудаас албан ёсоор хариу өгөөгүй аж. Мотоциклийн осолд судалгаа явуулахад дийлэнх нь хятад мотоциклиос болж осолдсон байжээ. Хятад мотоцикль нь засмал замд зориулагдсан учир хадтай газар битгий хэл жаахан хайрга чулуутай газар явахад дугуй нь хагарах, дундуураа салах тохиолдол их гардаг байна.
Гэтэл хятад мотоциклийг хөдөө орон нутгийн иргэд хамгийн ихээр хэрэглэдэг. Энэ нь ослын тоон мэдээллээс тодорхой харагдаж байна. Он гарсаар мотоциклийн ослоор амиа алдсан 34 иргэний 32 нь хөдөө орон нутгийн иргэд байжээ. Мөн осолд өртсөн иргэдийн дийлэнх нь үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй байсан аж. Ослыг бууруулах үүднээс Замын цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь цэргийн алба хааж буй иргэдийг сургалтад хамруулж А ангиллын үнэмлэх олгох юм.

Э.НОМИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *