Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ (II)

Үргэлжлэл…

Хөвгсөл нууранд яваад
осолдсон завинд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсныг бид мэдээлсэн билээ. Талийгаачид
осол болох үед ямар ч аврах хантаазгүй байсан гэдэг. Хэрвээ аврах хантаазтай байсан
бол… гэж харуусах олон хүн байна. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын
аврагчид болон Цагдаагийн газрын алба хаагчид, шүүх эмнэлгийн эмч нар ирсэн байна.
Улмаар нууранд шумбалт хийж 26 настай залуу болон 12 настай хүүгийн цогцсыг уснаас
гаргажээ. Мөн нуурын гүнээс осолдсон завийг гаргасан байна. Харин тус завины урд
хайрцгаас найман ширхэг аврах хантааз олджээ. Завь жолоодож явсан залуугийн ээжийн
яриагаар бол хүү нь далайд гарах болгондоо хантаазтай явдаг байж. Харин нутгийн
иргэд тэр хавиар завьтай явдаг хүмүүс ихэнхдээ хантааз өмсдөггүй болохыг дурдсан.
Хэн дуртай нь төмөр, модон, хамераар хийсэн ямар ч хамаагүй завь унаад өмсч байгаа
хувцастайгаа далайд гарч л байдаг гэнэ. Энэ нь тэдний хувьд хэвийн үзэгдэл бололтой.
Далайн эргээс 40 метр орчим яваад талийгаачдын гэрт хүрлээ. “Байкаль” амралтын газрын
хашааны урд буланд жижгэвтэр дүнзэн байшин байх бөгөөд хойно нь нэг гэр байна. Гэртэй
айл нь П.Чулууных, байшинтай айл нь Ш.Одгэрэлийнх. Хоёулаа хань ижлээ алдсан бэлэвсэн,
өрх толгойлсон эмэгтэйчүүд юм байна. Энэхүү ослоор мөн л хоёр хоёр сайхан хүүгээ
алдаад буй. П.Чулууныд ортол гэрийн эзэд байсангүй. Харин 15, 16 настай хоёр хүү
ийш тийш бүлтэлзэн, цай аягалангаа “Чулуун эгч Мөрөн рүү ном уншуулахаар явсан”
гэв. Энэ айл 26, 17, 15 настай гурван сайхан хүүтэй байжээ. Харамсалтай нь энэ ослоор
том хүү, бага хүү хоёроо алдаад буй. Харин гэр сахиж буй энэ хоёр хүү талийгаач
бага хүүгийнх нь ангийн найзууд гэнэ. Гэрийн эзэгтэй ганц үлдсэн хүүгээ дагуулан
ном уншуулахаар явсан тул гэрийг нь галлаж, зул таслалгүй өргөж суугаа нь энэ. Тэдний
нэг “Баттулга бид гурав багын найзууд. Тэр өдөр бид хоёр түүнийг хамт самарт явъя
гэсэн чинь дурамжхан байсан. Ийм муухай зүйл болохыг мэдсэн бол уурлуулаад ч хамаагүй
дагуулаад самарт явдаг л байж” гэж хоолой нь зангирч, хацар даган бөмбөрөх нулимсаа
буруу харан арчиж харагдав. Тэгээд “Та урд айлд орвол том хүн байгаа байх аа. Одгэрэл
эгч Чулуун эгчтэй хамт Мөрөн явсан байх даа” гэлээ.

“ЗАДЛАН ХИЙХГҮЙ
ОЧИХООР ДАРГА НАР ЯМАР АЖИЛ ХИЙСЭН ЮМ ГЭЭД ЗАГНААД БАЙДАГ”

Урд байшинд гурван ч
том хүн байна. Бүгд л талийгаачдын ажил явдалд иржээ. Зуны зориулалттай дүнзэн байшингийн
онгорхой, цоорхойгоор салхи сэвэлзэж, шүгэлдэх нь цаанаа л нэг хүйтэн. Орон дээр
дээл нөмөрч хэвтсэн 60 гаруй насны хөгшин “Тэнгэр хангай онгойх шинж алга. Осол
болсны оройноос л бороошиж эсвэл салхилж, далайн ус маань зэвхий өнгө даах боллоо.
Ямар үйлийн үр юм, хайран сайхан хүүхдүүд” хэмээн эрхи эргүүлж маань уншин, хүрд
эргүүлэх аж. Энэ хооронд галд түлээ нэмж суусан бүсгүй “Манай эгч гал дээр цай тавих
үедээ цонхоор харсан гэсэн. Тэгэхэд хүүхдүүд нь гэрийнхээ хажууханд тоглож байсан
юм билээ. Ерөөсөө л цай буцлахын хооронд л болчихсон зүйл. Эгч цайгаа буцалгачихаад
хартал хүүхдүүд нь харагдаагүй гэсэн. Энэ хавийнхан ер нь хүүхдүүдээсээ нүд салгадаггүй.
Нуур ойрхон учраас л байнга л ус руу ойртож тоглож болохгүй шүү гэдэг. Тэгтэл завьтай
хүмүүс живчихлээ гээд хүмүүс бөөн шуугиан болонгуут эгч ч юу болов, хэн хаана явж
байгаад осолдчихов гээд гарсан байсан. Эхлээд хүүхдүүдээ модон дотор, хаа нэгтээ
тоглож байгаа байх гэж бодсон юм билээ. Хүүхдүүдээ хайж баахан хашгиртал хүмүүс
тэр завинд суусныг харсан гэж хэлсэн юм билээ. Эгч ч ухаантай, ухаангүй нааш, цааш
гүйж ах, дүү нар руугаа утасдаж, тусламж хүссэн байсан. Ш.Одгэрэл эгч маань
4-15 насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь дөрвөн настай охин. Энэ гайтай ослоос
болж хоёр сайхан хүүгээ алдчихлаа. Нялх үрээ алдчихаад байхад орой нь шүүх эмнэлгийн
эмч гээд гурван эмэгтэй талийгаачдын цогцсонд задлан хийнэ гэж дайрсан. Осол юунаас
болсон нь тодорхой байсан шүү дээ. Тэглээ ч ар гэрийнхэн нь дургүйцээд байхад “Бид
заавал ингэх ёстой юм. Задлан хийхгүй бол очихоор дарга нар ямар ажил хийсэн юм
гээд загнаад байдаг. Та нар битгий ажилд саад болоод бай” гэсэн. Тэд адилхан эх
хүн, эмэгтэй хүн. Нүдний цэцгий мэт хайрлаж, хамгаалж ирсэн хүүхдүүд нь хорвоогоос
үгүй болчихоод байхад хөөрхий амьтдын биеийг тайван орхихгүй задлан хийсэн. Үүнээс
болж эгч нар маань их хямарсан. Харин Мөрөнгөөс ирсэн хүүгийн ар гэрийнхэн нь замд
авч явах боломжгүй болчихно гээд задлан хийлгээгүй” гэсээр яриагаа дуусгалгүй нулимсаа
арчсаар гараад явав. Харин түүний нөхөр “Ер нь эндхийн завинууд дандаа л энд тэндээс
зүйж эвлүүлсэн, гар аргаар янзалж сэлбэсэн завинууд харагддаг. Тэр унаж явсан завинд
ч бас зориулалтын бус том мотор тавьсан байна лээ. Миний сонссоноор бол өмнө бас
л тэр завинаас болж хүн амиа алдаж, бас бэртэж гэмтэж байсан юм уу даа. Тэгэхээр
далайд гарч буй бүх завийг хянадаг, аюулгүй ажиллагааг хангасанд нь зөвшөөрөл олгодог
болмоор юм. Эндхийн хүн бүхэн л мөнгө олохын тулд хямд төсөр аргаар завь хийж, хэдэн
хүн суулгаад эсвэл загасчилж таван цаас олдог. Харин аюулгүй байдал, амь насны баталгааг
яриад ч хэрэггүй. Ядаж л энэ мэт осолд орсон завиудаа шууд устгалд оруулах ёстой”
гэв. Талийгаачдын унаж явсан завь өмнө нь мөн осолдож, нэг эмэгтэй амиа алдсан бололтой.
Энэ тухай нутгийн бараг хүн бүхэн л мэдэх аж. Өнгөрсөн жил уг завинд бие давхар
эмэгтэй аялахаар суугаад завьтайгаа хөмөрч гэмтэж байжээ. Улмаар гэмтлээ даалгүй
өөд болсон гэх яриа байна. Түүний өмнөх жил мөн л хүн унаж хүнд гэмтэж байсан гэнэ.
Энэ мэтчилэн өмнө нь осол гаргаж, эвдэрч байсан завийг бие биедээ дамнуулан зардаг
бололтой. Тэр болгон завь олдоод байх нь ховор учир нутгийн иргэд ашиг хонжоо хайсан
нэгнийхээ аманд унадаг байна.

“ХЭРВЭЭ ЖААХАН АМЬСГАА
АВААД НЭГЭН ДЭЭР НЬ Ч БОЛТУГАЙ ТӨВЛӨРСӨН БОЛ АМИЙГ НЬ АВРАХ БОЛОМЖ БАЙСАН”

Талийгаач хүүхдүүдийн нагац эгч Ш.Отгон:

-Та ослын дараа нэлээд хүмүүс рүү гүйж завь
гуйсан гэсэн.
Хэр хугацааны
дараа осол болсон газар анхны тусламж хүрсэн бэ?

-Бараг 20-иод минутын
дараа манай нөхөр, эгч Туяа зэрэг дөрвөн хүн Чинбат гээд ахын хамт хийлдэг завьтай
явж хоёр хүүг авчирсан. Нялх амьтдыг харахад зүрх зүсэгдэх шиг болсон. Гүрээний
судас нь цохилж байсан. Эрэг дээр авчрах хооронд эмч доош нь харуулж нуруун дээр
нь баахан цохиж хиймэл амьсгал хийхийг оролдсон юм билээ. Бид хоёр хүүхдийн хооронд
дэмий л сандарч гүйгээд байсан. Хэрвээ жаахан амьсгаа аваад нэгэн дээр нь ч болтугай
төвлөрсөн бол амийг нь аврах боломж байсан гэж бодохоос өөрсдийгөө зүхээд ч барамгүй.

-Танай төрсөн эгчийн хоёр хүү, бэр эгчийн
тань хоёр хүүтэй хамт бас нэг хүүхэд явсан гэсэн?

-Нэг нь Одгэрэл эгчийн
хүргэнийх нь хүү. Маргааш нь Мөрөн буцах байсан. Миний төрсөн ах хэдэн жилийн өмнө
бас далайд завьтай явж байгаад амиа алдсан. Түүний эхнэр Чулуун эгч гурван хүүгийнхээ
хамт энд нутагладаг. Харин миний төрсөн эгч Одгэрэлийн нөхөр гурван жилийн өмнө
уушгины хорт хавдраар өөд болсон. Эгч маань дөрвөн хүүхэдтэй хоцорсон. Хоёр эгч
өнчирч хоцорсон хүүхдүүдээ хүн болгох гэж урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж
яваа ядарч яваа эмэгтэй хүмүүс. Хүүхдүүд нь эхнээсээ тусад орж, одоо л нэг нэмэр
болох нь гэж байтал ийм аймаар юм тохиолдлоо. Ямар хувь тавилан гэхээрээ энэ хоёр
эгчийн маань хүүхдүүдийг хоёр хоёроор нь авч одож, шар махтай нь хатааж, амьдын
шаналалд унагана вэ. Бид ийм л үйл лайтай учрах хүмүүс юм байлгүй. Уул ус, нууртайгаа
буруу харьцаж, буруу үйлээр амьдарч яваа хүмүүс юм болов уу гэж харуусч сууна. Ямар
өөрсдөдөө ирсэн зовлонгийн шалтгааныг бусдад нялзаалтай биш. Бид л дүү нартаа хатуу
ширүүн үг хэлж, дураар нь тавьдаггүй байж.

-Уг нь завиа зогсоолд уяж байсан гэсэн.
Яагаад гэнэт дахиад далайд
гарчихсан юм бол оо. Өмнө нь танай дүү нар завь жолоодож байсан юм уу?

-Талийгаач ах завьтай
байсан. Үр хүүхдүүд нь ч гэсэн аавыгаа дагаж загасчилдаг байсан болохоор бид нэг
их тоогоогүй. Хүүхдүүд завьтай эргээр тоглож л байдаг. Ядаж хантаазаа өмсчихгүй
дээ. Тэгсэн бол багачууд нь ч болтугай усанд хөвж амьд үлдэх боломжтой шүү дээ.
Өмнөх орой нь Одгэрэл эгч хүүгээ, мөн хүргэнийхээ хүүг дагуулж манай дэлгүүрт орж
ирсэн. Мөрөнгөөс хадмууд ирсэн гээд жаал жуул чихэр боов аваад, маргааш хүүхдүүдээ
сургуульд нь хүргэж өгнө дөө гээд гарсан. Хүү нь сургуульд орно гээд бөөн баяр явсан.
Гэтэл өдөр эгч “Миний хүүхдүүдийн явсан завь хөмөрчихлөө. Эгч нь одоо яах вэ. Завь
олоодхооч” гээд яриагаа ч дуусгалгүй утсаа тасалсан. Би гарч гүйгээд “Тойлогт” амралтаас
завийг нь хүнээр гуйлгасан. Гэвч хөдлөөгүй. Осол болсныг мэдээгүй. Хүн сууя гэнэ
л гэж сонссон гэсэн. Уг нь том завь. Тэр завь ирсэн бол бидэнд хүүхдүүдийг аврах
боломж байсан л байх. Тэнд хөөрхий хүүхдүүд аврал эрж амь тавьж байхад бид энд хүн
царайчлаад гүйхээс өөр юу ч хийж чадаагүй гэж бодохоор л…(нулимсаа барьж чадсангүй
бололтой мэгшив).

Хажуугаас түүний нөхөр
“Бид сэлүүрддэг завьтай цаг хугацаа алдсан. Далайн эрэг дээр онцгой байдлын аврагчид
байсан. Тэд Сүхбаатар онгоц явахаа болингуут аврах багаа Мөрөн рүү татсан. Осол
яг маргааш нь гарсан. Гэтэл иргэд дунд усанд сайн сэлэх нь битгий хэл усанд живсэн
хүнд анхан шатны тусламж үзүүлэх нэг ч хүн байгаагүй. Бид ямар ч ойлголтгүй хэрнээ
ямар ч дүрэм журамгүйгээр усанд гарч загасчилдаг. Эндхийн хүн бүхэн л амьдралаа
залгуулахын тулд бүдүүн хадуун байдлаар үздэг. Бидний энэ буруугаас болж хүүхдүүд
ч буруу үлгэр дуурайл авч байна. Энэ осол хатуу сургамж үлдээлээ. Бас аврагчдыг
энд байрлуулах ёстой гэж бодож байна” гэв. Ямартай ч талийгаачдын унаж явсан завь
өдгөө Хатгал сумын Захиргааны хашаанд хэвтэж байна. Тухайн үед завинд байсан аврах
хантаазнууд ч харагдсан. Гурван хүүхдийн, дөрвөн том хүний хантааз байна. Гэхдээ
хантаазнуудын зарим нь оосор бүчгүй байв. Хоёр, гурав нь л зориулалтын хантааз харагдах
боловч гэдсээр бүсэлдэг ганц бүчтэй харагдав. Харин зарим нь давуун завсар хөөсөнцөр
хийснээс харахад гар хийцийнх бололтой. Тэгсэн атлаа ямар ч оосор бүчгүй бөгөөд
усанд орлоо гэхэд мултраад уначихмаар юм. Нуурын эрэг орчмоор аялал, жуулчлалын
үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ихэнх нь зорчигчдодоо ийм хантааз тарааж өгдөг болохыг
иргэд хэлж байна. Арай гайгүй гэсэн том амралтын бааз орчин үеийн хантааз тараадаг
бололтой. Харин хувь хүмүүс бол хөөсөнцөр хавчуулж оёсон хантааз, борооны ногоон
цув л өгдөг байна.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл нууранд аймшигт осол болж таван хүн харамсалтайгаар амиа алдлаа. Ослын улмаас амиа алдсан таван хүний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олныг цочирдуулаад байна. Эдгээр хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл тэд загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн л мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байв. Тиймээс Хөвсгөл аймгийг зорьж үнэн, бодит мэдээллийг хүргэхийг хүссэн юм. Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл засмал замаар 800 км явж хүрнэ. Харин осол Мөрөн хотоос 100 орчим км-т орших Хатгал сумаас баруун урд зүгт 30 гаруй км-ийн зайд буюу Жанхайн давааны орчимд нуурын усанд гарчээ. Жанхайн давааны бэлд нуурын эрэг дагаад дөч гаруй амралтын газар байх бөгөөд нутгийн иргэд ч цөөнгүй нутагладаг юм байна. Салхины эрчээр эргийн чулуугаа цүл, пал хийтэл нүдэх далайн давалгаан чимээ, цахлай шувууны дуу хоёроос өөр юу ч үгүй мэт нам гүм. Модны навчис салхинд үе үе сэрчигнэхийг эс тооцвол шүү дээ. Аялал жуулчлалын сар дуусч, амралт зугаалгаар явагсдын хөл татарчээ. Эзгүй хоосон дүнзэн шовоохойнууд, цөөн тооны малтай иргэд л үлдэж. Хэдэн сарлаг нуурын эрэг рүү ус уухаар ойгоос гарч ирэх нь харагдав. Уйлагнах бороонд уулын оройд манан татаж, уйтгарт намрын нэг өдөр үргэлжилнэ. Далайн эрэг даган Жанхайн давааны өвөрт нутагладаг айлууд ч уй гашууд автжээ. Осол гэгээн цагаан өдөр, нутгийн иргэдийн нүдэн дээр болсон учраас амь насыг нь аварч чадаагүйдээ хэн хүнгүй л хөөрхий хүүхдүүдийн араас гэр гэртээ гаслан суугаа бололтой. Учир нь нутгийн айлууд ихэнхдээ хамаатан садан, олон жил хаяа дэрлэн нутаглаж байгаа айл хөршүүд. Харин талийгаачдын ар гэрийнхэн буяны ном хуруулахаар Мөрөн хотыг зорьсон байв.

Талийгаачдын сууж явсан завь

НУУРАНД ХӨВЖ ЯВСАН БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮГ ХҮМҮҮС АВРАХАД ЗҮРХ НЬ ЦОХИЛЖ БАЙСАН ГЭНЭ

Наймдугаар сарын 30 буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 14:00 цагийн үед нутгийн иргэдэд моторт завины чимээ тод сонсогджээ.Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багассан байна. Тиймээс хэн завьтай нууранд гарав, ямар сүрхий дуутай юм бэ гэж их л санаа зовингуй гэр гэрээсээ гарч харцгаасан тухай ярив. Завьтай хүмүүс нуурын эргээр хэсэг эргэлдэж байгааг харахад тоглож зугаацаж байгаа бололтой байсан аж. Ингээд нэг их удалгүй эрэгт ирж завиа уясан байна.

Тэгснээ төд удалгүй өнөөх завь дахиад нууранд гарчээ. Эргээс их чимээ хадаан хүчээ авч хурдалж 500-гаад метр яваад унтарчихсан байна. Завийг Ч.Нямдалай гэх 26 настай залуу жолоодож явсныг хамаатных нь ах харсан байна. Тиймээс их дуу хадаан хөдлөхөд нь санаа зовж эргээс харж зогсчээ. Гэтэл завь эргээс нэлээд хол очоод унтарчихаж. Хоёр, гурван удаа мотор асах чимээ сонсогдтол яах ийхийн зуургүй завиных нь хамар босч ирээд хөмөрчихжээ. Эргээр явсан хүмүүс шуугилдаж, завины эрэлд гарцгаажээ. Хүмүүс эрэг дагуу байрлах “Тойлогт” амралтын бааз руу гүйж завийг нь гуйсан байна. Ер нь гайгүй завьтай гэсэн бүхэн рүү ханджээ. Завинд чухам ямар хүмүүс явсныг энэ үед хэн ч мэдээгүй байж. Бүгд л үр хүүхдээ дуудаж, бөөн

орилоон хашгираан болсон байна. Тэгтэл суурингийн нэлээд захдуу нутагладаг Чинбат гэх хижээл насны эр хийлдэг завиа мотоциклиор аваад иржээ. Бушуухан завиа хийлж дөрөв, таван хүн сууж гараараа сэлүүрдсээр осолдсон завь руу дөхтөл хажуугаар нь бага насны хоёр хүүхэд хөвж байсан тухай хийлдэг завинд явсан хүмүүс ярив. Тэдний ярьснаар бол хөвж явсан хоёр хүүг эрэг дээр авчрахад гүрээний судас нь цохилж байсан гэнэ. Зүрх нь зогсоогүй байсныг олон хүн хэлж байна. Сумын төв, аймгийн төвөөс эмч, аврагчид ирэх хооронд цаг алдахгүйг хичээж “Байкал” гээд амралтын газрын эмчийг дуудсан байжээ. Гэвч анхны тусламж үзүүлж чадалгүй 6-8 насны хоёр хүү нутгийн иргэдийн гар дээр амьсгал хураажээ. Нутгийн иргэд “Завьтай хүмүүс явж хоёр хүүг эхлээд авчирсан. Тэгэхэд гүрээний судас нь цохилж байсан. Хүмүүс яах учраа олохгүй эмчийн юу хийхийг л дуурайж, дэмий л сандарч байж. Эмч хоёр хүүг доош нь харуулж ар нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Уг нь учир мэдэх хүмүүсээс сонсоход усанд живсэн хүнийг доош нь биш дээш нь харуулж хэвтүүлээд цээжин дээр нь дарсан бол амьсгалах боломжтой юм билээ. Доош нь харуулахаар амьсгаа авах нь битгий хэл бөглөрдөг гэсэн. Хар ухаанаар бодоход кинон дээр ч гэсэн дээш нь харуулаад л цээжин дээр нь балбаад байдаг шүү дээ. Бид устай газар амьдардаг хэрнээ ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байдаггүй юм байна” гэв.

ТАЛИЙГААЧДЫН НЭГ НЬ “АМЬ АВРААРАЙ” ГЭЖ ХАШГИРЧ УЛМААР 50 МЕТР СЭЛЖЭЭ

Нутгийн иргэд бага насны хоёр хүүг уснаас аварсан хэдий ч амийг нь аварч чадаагүй байна. Ингээд үлдсэн хүмүүсийг аврахаар дахин осолдсон завь руу явжээ. Гэвч ойр орчимд харагдах зүйлгүй бөгөөд далайн гүн рүү эрэн хайя гэхээр зориулалтын хувцасгүй, дээрээс нь салхи ихтэй тул давалгаанд шидэгдэх гээд хүндрэлтэй байжээ. Ингээд аврагчид ирэхийг хүлээж. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Цагдаагийн газрын алба хаагчид ирж бусад цогцсыг гаргаж авчээ. Аврагчдын мэдээлснээр бол ослын газраас 50 метрийн зайнаас нэг хүүгийн цогцос олджээ. Ямартай ч уснаас амьд гарахын тулд сэлсэн болохыг эрэг дагуух хүмүүс гэрчилж байна. Хүү “Амь авраарай, амь авраарай” гэж хэд хэдэн удаа хашгирах нь сонсогджээ. Талийгаач хүү өнөө жил 12 дугаар ангид орох байсан бөгөөд тус завийг жолоодож явсан 26 настай залуугийн төрсөн дүү юм байна. Хүүг гэрийнхэн нь усанд их сайн сэлдэг болохыг хэлсэн. Тухайд үед цэргийн гэгддэг изриал шар гуталтай явжээ. Тиймээс гутал нь талийгаачийг сэлэхэд нэлээд хүндрүүлж, саад болсон байх гэж байсан.

ОСОЛДСОН ЗАВИЙГ ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХУДАЛДАЖ АВЧ, ХҮЧТЭЙ МОТОР НЭМЖ ГАГНАСАН БАЙВ

Харин аврагчид завийг гаргахад бүх хүн осол чухам юунаас болсон гэдгийг төвөггүйхэн ойлгожээ. Прогресс хэмээх Оросын хуучны төмөр завинд 40-тэй мотор гагнасан байжээ. Уг завины зориулалтын мотор 20-той жижиг мотор. Ийм төрлийн завь хөнгөн учраас хүчин чадал ихтэй, хүнд мотор тавихаар завь тийрэлт өгнө, эсвэл хүндийн жин нь доош түлхэлт өгдөг байна. Хүмүүсийн таамаглаж буйгаар бол завины явах эд ангид гэнэт гэмтэл гарч унтарсан бөгөөд дахин асаахад доош түлхэлт өгч завинд ус орж хүндрэхэд улмаар хамар хэсэг нь өргөгдөж хөмөрсөн байх гэж таамаглаж байгаа аж. Энэхүү таамгийг батлах хэд хэдэн шалтгаан байгаа гэж үзэж байна. Завь жолоодож явсан залуугийн хуруу моторын тос болсон байжээ. Мөн ямар нэг хүндрүүлэгч, элс зэрэг ачаагүй нь тодорхой болжээ. Өөр нэг шалтгаан бол дандаа бага насны, хөнгөн жинтэй хүүхдүүд авч явсан нь завь хөнгөдөж хөмрөх гол шалтгаан болсон байх талтай гэнэ. Тус завийг талийгаач Ч.Нямдалай осол болохоос гурав хоногийн өмнө хүнээс худалдаж авчээ. Ингэхдээ хамаатныхаа хүнээс “X-Trail” маркийн автомашинаараа тулж наймаа хийж авсан байна. Худалдаж авсан завь нь моторгүй байсан учир дөрвөн сая төгрөгөөр өөр хүнээс мотор нэмж авчээ. Ээж, хоёр эрэгтэй дүүтэйгээ амьдардаг болохоор хэдэн төгрөг олж дүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх зорилготой байж. Худалдаж авсан завиндаа хүчтэй мотор нэмж гагнаад дүү нартаа хандан “Сайхан амьтан байгаа биз. Одоо ч хэдүүлээ мөнгөөр дутахгүй сайхан амьдарна аа” гэж ярьж байсан тухай түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ дурссан. Худалдаж аваад угсарсан унаагаараа хоёр ч өдөр хүн аялуулж, нуурын баруун хойд эрэгт хүрээд буцаж ирсэн байна. Харин гурав дахь удаа түүний завь хэдэн балчир дүүтэй нь хамт үхэлд хүргэх юм гэж хэн санах билээ. Түүнтэй хамт 15 настай төрсөн дүү Баттулга, аавынх нь төрсөн дүү болох Ш.Одгэрэл эгчийнх нь зургаан настай хүү Д.Отгонхүү, 12 настай Д.Олонбаяр болон Мөрөн хотоос амрахаар ирээд байсан найман настай хүү харамсалтайгаар амиа алдсан юм.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *