Тэгвэл Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил нийт нутгаар гантай, гандуу. Зуншлага тааруугаас мал тарга тэвээрэг авч чадаагүй, сүү сааль ч гараагүй байна. Одоо бороо хур орлоо ч тачир ургасан бэлчээрийг л бага зэрэг тордоно, өвс, тэжээл бэлтгэх боломж бүрдүүлэхгүй. Тиймээс хадлангаа хаанаас бэлтгэх вэ гэдэг нь хамгийн их санаа зовоосон асуудал болж хувирчээ. Хөвсгөл аймаг нь малын тоо, толгойгоороо улсдаа тэргүүлдэг байна. Энэ өвөл таван сая толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс нэг сая толгой мал нь отор нүүдэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэж буй аж. Тэгэхээр өнөө жил ийм хэмжээний толгой мал худалдан борлуулж, хүнсний хэрэгцээнд зориулах төлөвлөгөө гаргажээ. Ургацын хувьд 1572 га газарт үр тариа тариалсан. Үүнээс 170 га нь усалгаатай газар тариалан аж. Усалгаатай тариаланд асуудал үүсээгүй. Харин бусад тариалалт хүндрэлтэй байгаа. Урьдчилсан байдлаар 40 хувь ургац алдах тооцоо гарчээ.