Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас “Хувьсаж буй боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр дэлхий нийт боловсролын хэрхэн хувиргахаар төлөвлөж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлэл өгсөн юм.
Байгаль, цаг уурын өөрчлөлт, дижитал шилжилт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, геополитик, цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан олон салбарт өөрчлөлт хийгдэнэ. Түүний нэг нь боловсролын салбар юм. Өөрчлөлт шинэчлэлийг хийх хүмүүс нь багш нар болохыг тэрбээр энэ үеэр онцолж байлаа.
Монголчуудын тухайд энэ өөрчлөлтийг боловсролын их нүүдэл гэж тодорхойлж байна. Суурин соёл иргэншилтэй улс орнууд аливаа өөрчлөлт шинэчлэл, шилжилт, нүүдэл суудалд төдийлөн бэлэн биш, энэ үйл явц нь урт удаан үргэлжилдэг бол Монголчууд өөрсдийн давуу байдлыг ашиглан Их нүүдэлд манлайлах боломжтой юм. Үүнийгээ ч Нью-Йорк хотод болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр баталж чадсан. Unesco, Unicef тэргүүлэгч 5 улсын нэгээр Монгол Улсыг тодруулахдаа дараах 8 үзүүлэлтийг онцолсон юм.
-Цар тахлын үеийн зайн сургалт
-5/9 стратеги
-Medle.mn цахим платформ
-Сураад.мн хоцрогдол арилгах платформ
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн
-Цар тахлын үед боловсролын санхүүжилт бууруулаагүй
-Ариун цэврийн байгууламжийг сайжруулж байгаа
-Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэргийг нэрлэлээ.
Цаашид сургуулиуд хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн хичээллэж, багш нар “дасгалжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Сургуулиуд сурагчдаас шалгалт авахын тулд биш тэдэнд ур чадвар олгохын тулд үйл ажиллагаа явуулна гэж БШУЯ мэдээлэв.