Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөхийг дэмжсэнгүй

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын
хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж
байна.

Тухайлбал,
дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан
нар “Бага дунд орлоготой иргэдийн Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг
хөнгөлөх” гэсэн санал гаргасан байсныг олонхи гишүүн дэмжилгүй унагав.

Саналыг
гаргасан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ дахь олонхийн бүлгийн гишүүн буруу
санал гаргасан ч дэмжлэг хүлээдэг, цөөнхийн гишүүн бага, дунд орлоготой иргэдэд
ирж байгаа дарамтыг бууруулах санал гаргахаар дэмждэггүй нь учир дутагдалтай
байна. Валютын ханш, инфляцийн өсөлтөөс болж ард иргэд, аж ахуйн нэгжүүд асар
их дарамт үүрч байгаа. Төрөөс цалин авч, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж
байгаа бид хямрахгүй бол болоо гэсэн байдлаар асуудалд хандаж буйд харамсч
байна. Төрийн алба хэтэрхий данхайсан, 11 яам нь 17 болсон, 42 агентлаг байсныг
27 болгож бууруулсан гэсэн ч тэдгээрийг бүгдийг төрийн өмчит компани болгон
өөрчилж, төсөвт ачаалал нэмсэн. Нийслэлийн Засаг дарга өнөөдөр хэдэн орлогчтой
болов, аймгуудын Засаг дарга нар 2-3 орлогчтой ажилладаг, сумын Засаг дарга
зөвлөхтэй ажиллаж байна. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, төсвийн
хөрөнгийг үрэн таран хийхээ зогсоож, түүнээс гарсан хэмнэлтийг бага дунд
орлоготой иргэд рүүгээ шилжүүлье гэсэн санал байлаа” гэж тодотгосон юм.

Харин
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Цалин, тэтгэврийг инфляцийн өсөлттэй уялдуулж
нэмсэн. Төсвөөс цалин авдаг 180 мянган иргэний 110 мянгынх нь цалин өссөн.
Үлдсэн төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар энэ ондоо багтаан
нэмэгдүүлнэ. Хөдөлмөр гурван талт хэлэлцээрийн дүнд төсвийн тодотголд 35 тэрбум
төгрөг суулгах шаардлага байгаа. Үүнийг төсвийн урсгал зардлыг танах байдлаар
шийдэх боломжтой хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар цалин, тэтгэврийн
нэмэгдэлд зориулж 200 тэрбум төгрөг зарцуулсан” гэлээ.

Үүний
дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан төсвийн зардлыг 30 хүртэл хувиар
бууруулах тухай санал гаргасан нь мөн дэмжигдсэнгүй. Сангийн сайдын тайлбараар
2014 оны төсвийн тодотголд эл асуудлыг суулгасан юм байна. Чингэхдээ тэвчиж
болох зардлыг 10-30 хувиар хорогдуулахаар тусгасан аж.

Тэгвэл
Ц.Оюунбаатар гишүүний гаргасан “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа
хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох” гэсэн горимын санал олонхийн
дэмжлэг хүлээлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эл саналыг
унагасан байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээлээ.

Ийнхүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар
өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *