Categories
мэдээ цаг-үе

Хөвгүүд нь Аваргуудын лигт тоглох, охид нь загварын тайзанд алхах мөрөөдөлтэй 4Д ангийнхан

Хүний амьдралын гэгээн сайхан дурсамж бүхэн хүүхэд настай холбоотой байдаг биз ээ. Тэр дундаа эрдэмд шамдан суралцаж явсан нэг ангийнхан нь хэний ч сэтгэлд дотно санагддаг нь гарцаагүй. Өтөл болсон хойноо ч гэсэн ангийн хүүхдүүдээ санан дурсаж сэтгэлээ бүлээцүүлдэг хүн олон. Бие биенийхээ сэтгэлд насан туршийн дурсамж бүтээхээр хамтдаа суралцаж буй хүүхдүүдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урьсан юм. Тэд бол Ататуркийн нэрэмжит нийслэлийн тавдугаар бүрэн дунд сургуулийн 4дангийнхан. Ангийн багш нь Боловсролын тэргүүний ажилтан Ц.Нарантуяа. Тэрээр 2013 онд зургаахан настай хүүхдүүдээ хүлээж авч “А” үсэг заажээ. Тэр үед зургаан настнууд хичээлээ хийх гэж бөөн инээдэм болдог байсан гэнэ. Зарим нь хичээл орж байхад унтах цаг болж байгаа эсэхийг асуудаг, зарим нь хоол нэхэж сандаргаад их л хөгтэй байжээ. Одоо бол сурагчийн амьдралдаа дасчихсан нь мэдээж. Өөрсдөө бие дааж хичээллээд, багшийнхаа үүрэг даалгаврыг биелүүлээд сурчихаж. Өчигдөр сургууль дээр нь очиход Хүн-байгаль хичээл орж байв. Бүгд л дор бүрнээ хичээлдээ мэрийгээд гаднаас хүн орж ирж байгааг анзаарч байгаа ч шинжгүй сууцгаах ажээ. Багш нь “Манай ангийн хүүхдүүд бусдаас илүү хариуцлагатай болсон санагддаг. Багш ангид байх, үгүй тэгтлээ чухал биш. Хичээлийн цаг дээр хийх ёстойгоо л хийнэ. Ер нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна гэж байхгүй дээ” гэж байлаа. Гэхдээ мэдээж хэрэг хүүхдүүд л болсон хойно дүрсгүйтнэ. Ангийн дарга Б.Бишрэл “Манай ангийнхан их завсарлагаанаар ёстой нэг сайн сахилгагүйтэж авна. Яагаад тэгдгийг мэддэггүй ч арван минутад хамаг биеийнхээ чилээг гаргаад сайхан сахилгагүйтээд авдаг” гэлээ. Түүний хэлснээр их завсарлагаанаар нэг мөсөн сайн сахилгагүйтэж ийш тийшээ гүйчихдэг болохоор хичээлийнхээ цаг дээр элдэв зүйлд сатааралгүй анхаарлаа хандуулдаг гэнэ. Тиймээс ч 4Д ангийнхны бахархал бол нэгэн жигд байдал. Сурлага, спорт, урлагаар ер нь л бол нэгэн жигдхэн. Аль нэг хичээл, эсхүл спортын төрлөөр бусдаасаа гоц ялгардаг хүүхдүүд байдаг ч хамт олныхоо амжилтаас татаж чангаах нь үгүй. Эдний анги 49 хүүхэдтэй. Тэднээс О.Алтангадас, Д.Анхбилэг, Б.Бишрэл, Э.Болор-Од, Б.Бархас, Г.Ганбат, Б.Мөнх-Оргил, Н.Улсболд, Д.Хосбаяр, С.Эрдэнэсолонго, Б.Учир нар математикаар бусдыгаа тэргүүлнэ. Нэг ёсондоо тооны хичээлд толгой цохидог хүүхдүүд. Тэгвэл Г.Анхцэцэг, М.Агиймаа, М.Ану-Үржин, У.Жаргалмаа, Д.Мөнгөнсарнай, Д.Мишээл, Б.Номиндэлгэр, М.Шинэбилэг, М.Шинэгэрэл нар монгол хэлний мундагчуул. Тэд хэл, уран зохиолынхоо хичээлд бусдаасаа арай илүү шамддаг гэсэн. Магадгүй тэдэн дундаас ирээдүйн алдартай сэтгүүлч, зохиолч, хэл шинжлэлийн эрдэмтэд төрөн гарах биз. Харин спортоор анги хамт олноо манлайлдаг нь Б.Сүхбат, Л.Тэргэл, Б.Тэмүүлэн, М.Тэмүүлэн, Г.Чинхүслэн, Б.Энэрэлт-Од, У.Эрдэнэбадрах, Э.Эрдэнэ-Очир, Б.Батмандах, Н.Жамц, Д.Нандинцэцэг нар. Тэд ихэнх нь хөлбөмбөг, сагсан бөмбөгт сонирхолтой. Аливаа уралдаан тэмцээнд ангийнхнаа манлайлан оролцож бусдынхаа итгэл найдварыг тээнэ. Өнгөрсөн намар болсон сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцож паралель анги болон тавдугаар ангийн хөвгүүдийг ядах юмгүй хожжээ. Харин хэсгийн аваргын төлөө өөрсдөөсөө хоёр насаар ах буюу зургадугаар ангийнхантай ана мана үзэлцээд хожигдсон гэсэн. Урлагаар гэвэл А.Ананда, Ө.Мишээл, Б.Маралмаа, Э.Номин-Эрдэнэ, Г.Нандин-Эрдэнэ, Б.Номингоо, Г.Оюу-номин, О.Төгөлдөр, Б.Хүслэн, Б.Ялгуун, Г.Мөнхжин нар тэргүүлдэг юм байна. Эд дуулж, бүжиглээд урлагийн үзлэгт санаа зовох зүйлгүй болгочихдог гэсэн. Бас О.Өнөболд морин хуурдаад Н.Санчир ерөөл хэлчихнэ. Тэдэнтэй зэрэгцээд У.Цэнгэлмаа, Т.Оюунгэрэл хоёр уран нугарчихдаг гээд бодохоор урлагийн бүхий л номер гарах боломжтой харагдаж байгаа юм. Эдний сургууль Хүүхдийн урлан бүтээх төвтэй ойрхон болохоор янз бүрийн дугуйланд явдаг хүүхэд олонтой. Н.Анужин, Х.Мөнгөнбагана, Э.Болор-Од гурав жигтэйхэн гоё зурдаг бол О.Маргад зохион бүтээх авьяастай. Бие даан тэмцээн уралдаанд оролцсон түүх гэвэл зөндөө. Ангийн дарга Б.Бишрэл л гэхэд өчигдөр биднийг очиход алтан медаль зүүчихсэн сууж байна. Тэрээр Монголын оюун ухааны академиас зохион байгуулсан “Түргэн бодолтын IV тэмцээн”-д оролцоод түрүүлжээ. Мөн Б.Учирын гаргасан амжилтуудыг бичээд барахааргүй юм билээ. Ангийнхан нь түүнийг “Манай ангийн гавал” гэж байна лээ. Бүх л төрлийн хичээлдээ онц сурч сургууль, дүүрэг, нийслэл, улсын олимпиадаас медальтай ирдэг гэсэн. Мөн Э.Болор-Од байна. Тоо, монгол хэлнийхээ хичээлээр ангийнхнаа тэргүүлдэг. Энэ жил дүүргийнхээ математикийн олимпиадад оролцоод IV байр эзэлсэн байна. Б.Ялгууны тухайд Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд явж олон амжилт гаргаж байгаа юм билээ. Бүр өөрийн гэсэн хамтлагтай болчихоод уран бүтээлээ эхлүүлсэн гэнэ. Ийм л төрөл бүрийн авьяастай хүүхдүүд нэг ангид суралцаж байна. Ангиараа тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаж байсан түүх ч олон. Өчигдөр л гэхэд сургуулийнхаа дуу хөгжмийн тэмцээнээс зохион байгуулсан бишгүүр хөгжмийн тэмцээнд оролцоод дүнгээ хүлээж байна гээд догдолчихсон байна лээ. Тэд энэ удаагийн тэмцээнд “Зун цаг”, “Хөгжилтэй хоёр галуу” дуунуудыг бишгүүр хөгжмөөр тоглосон тухайгаа сонирхуулаад хөгжимдөж үзүүлэв. Завсраар нь дуугаа бас дуулах юм.

Эдний ангийнхан 9-10 насны хүүхдүүд. Тиймээс тоглоом наадмаас ангид байна гэж үгүй. Хөвгүүд нь бөөнөөрөө нийлж аваад хөлбөмбөг тоглоно. Тавдугаар сургууль бусад сургуульд тэр бүр байдаггүй хөлбөмбөгийн маш гоё талбайтай болохоор сурагч хөвгүүд энэ спортод илүүтэй дурлана. Хөвгүүд хичээлээ тарахаар ёс юм шиг талбайд гарч 30 минут тоглочихоод харьдаг ажээ. Бүр ангиасаа баг гаргачихаж. Заримдаа ангиараа хоёр хуваагдаж байгаад тоглочихно. Эсхүл өөр ангийнхантай өрсөлдөнө. Хожих бүртээ өөрсдөөрөө бахархаж урамшдаг болжээ. Одоо бол хөвгүүд ирээдүйгээ Аваргуудын лигт оролцож байгаагаар төсөөлдөг гэсэн. Бүгдээрээ биш юмаа гэхэд ганц нэг хүүхэд дэлхийн лигийн тэмцээнд оролцоод тоглож байх магадлал өндөр гэж ярина лээ. Харин охид чөлөөт цагаараа хайч, чулуу, даавуу гэж тоглоно. Бас хичээлээ тарахаар сургуулийнхаа гадна талбайд чертадаж тоглож байгаад гэр гэр рүүгээ явдаг гэж байлаа.

Дөрвийн “Д” ангийнхны ирээдүйн мөрөөдлийн талаар хэсэг ярилцав. Хөвгүүд бол алдартай хөлбөмбөгчин болох тухай ярьж байв. Бас барилгын инженер, цагдаа, компанийн захирал болно гэж байлаа. Гэтэл нэг нь дундуур орж ирээд “Улстөрч болох хоёр, гурван хүүхэд байгаа. Гэхдээ нэрийг нь хэлээд яахав” гэдэг юм даа. Хэвлүүхэн ярьж байгааг нь сонсоод инээдээ барьж дийлэхгүй шахам болов. Яагаад нэрийг нь хэлэхгүй гэж хэмээн асуухад ичсэн бололтой цаашаа гүйгээд явчихна лээ. Харин охидын тухайд бага насны ихэнх охидын мөрөөддөг шиг загвар өмсөгч болохыг хүсдэг ажээ. Загвар өмсөгч болоод урт тайзан дээр гоё хувцастай алхана гэж ичингүйрэн ярьж байв. Мөн багш, эмч, зураач, жүжигчин, дуучин, эстрадын од болох мөрөөдөлтэй хүүхдүүд ч байсан. Ирээдүйн мөрөөдлөө бодит болгохоор эрдэмд хамтдаа шамдаж буй 4Д ангийнхны амжилтын түүхээс хуваалцахад ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *