Categories
мэдээ нийгэм

Хуулийн төсөлд нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг нэмэгдүүлж өгчээ

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр хэлэлцүүлэн саналыг авч тусгасан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас нарийвчлан боловсруулаад өчигдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал нар байлцав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нийслэлийн удирдлагын нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож тусгасан байгаа. Улаанбаатар хот удирдлагын хувьд ямар байх, дагуул хот ямар түвшинд хөгжсөн байх ёстой юм, нийслэл хот, дүүрэг, хороо ямар чиг үүрэгтэй байх ёстой гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн. Нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санал дээр тулгуурлаж гаргана гэсэн хуулийн гол зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа. Дүүргүүдийг гүйцэтгэж байгаа үүргийн хувьд аймагтай харьцуулах маягаар авч явах нь зүйтэй гэсэн тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Тухайлбал, нийслэлийн дүүргүүд 150-330 мянга орчим хүн амтай байхад аймгууд дунджаар 70-80 мянган хүн амтай байдаг. Дүүргийн хүргэж байгаа төрийн болон бусад үйлчилгээ 4-5 аймгийнхтай дүйцэхүйц байгаа учраас дүүргийн аймагтай харьцуулах маягаар бусад бүх асуудал дээр авч явах нь зүйтэй гэж хуулийн төсөлд тусгасан.

Энэ хуулийн төсөлд тусгасан бас нэг гол зүйл бол нийслэлийн агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тодорхой эрх үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн байгаа. Жишээлбэл, хязгаарлалтыг бүс тогтоох, тээврийн хэрэгслийн хязгаарлалтын бүсчлэлийг зарладаг байх юм. Хэрвээ агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрвэл зарладаг, түүнтэй холбогдуулж иргэд аж ахуйн нэгжид тодорхой хязгаарлалт тогтоодог, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг эрхийг өгсөн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана гэдэгт итгэж байна” гэлээ.

ХОТ ӨӨРӨӨ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЭРХТЭЙ БОЛНО

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улаанбаатар хотод байгаа төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, хот өөрөө орлогоо олдог байх, хот өөрөө үнэт цаас гаргадаг байх зохицуулалтыг энэхүү хуулийн төсөлд тусгаж өгчээ. Тухайлбал, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх шаардлагыг хангасан төсөл хөтөлбөрт нийслэл өөрөө үнэт цаас гаргаж болно гэж заасан байна.

Хуулийн төсөлд нийслэлийн оршин суугчдын эрх, үүргийг нэмж өгчээ. Улаанбаатар хотод хэн дуртай нь ирж хашаа хатган буугаад ямар нэгэн үүрэг хүлээдэггүй тогтолцоо өнөөдөр бий болчихсон. Үүнийг зохицуулахын тулд Улаанбаатар хотын иргэн ямар эрхтэй байх ямар үүрэг хүлээхийг энэхүү хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн байна. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсныхаа төлөө зохих урамшуулал хүртэх зохицуулалтыг ч тусгаж өгчээ. Мөн иргэдийн суурьшил болон шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтыг ч хийж өгсөн байна.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн нийслэлийн нутаг дэвсгэрт явуулахыг хориглосон үйл ажиллагааг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газар суурьших, суурьшлын бүс бий болгохыг хориглосон байна. Хууль ёсоор зөвшөөрөөгүй газарт байшин барилга барих, барилгын ажил эхлүүлэх, газар өмчлөгчийн эрхэнд хууль бусаар халдахыг хоригложээ. Мөн хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах сүйтгэх, гол горхи, булаг шандыг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаар бохирдуулахыг хориглосон байна. Түүнчлэн хорт утаа ихээр ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх, суурьшлын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй хэрэглэхийг хориглохоор хуулийн төсөлд тусгажээ.

ГАЗРЫГ ЗӨВХӨН ГАЗРЫН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН АВЧ БОЛНО

Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үнэ төлбөргүй, эсхүл давуу эрхээр, түүнчлэн төсөл шалгаруулах зарчмаар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахаар зааснаас бусад газрыг зөвхөн нийслэлийн газрын биржээр дамжуулан дуудлага худалдаагаар арилжаалах замаар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болно гэж зааж өгсөн байна. Ингэснээр газрыг үнэтэй болгох, газрыг зохих эзэндээ тодорхой үнэтэйгээр очих боломжийг бүрдүүлж өгнө гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Газартай холбоотой нэг чухал заалт бол нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ундны усны эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор тодорхой газар нутгийг нийслэлийн Засаг даргаас НИТХ-д өргөн мэдүүлснээр тусгай хамгаалалтад авах, хязгаарлалтын бүс тогтоох эрхийг нийслэлийн Засаг даргад өгсөн байгаа.

Хотын даргад олгож буй нэг эрх бол авто замын сүлжээ, авто тээврийн зохицуулалт юм. Нийтийн тээврийн терминал байгуулах, ачаа тээврийн ложистик төв байгуулах, Улаанбаатар хот доторх гудамжийг засварлах, хаах нээх, гудамжны хөдөлгөөний зохицуулах, гудамжны хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг зохион байгуулалттай оролцуулах зэрэг эрхийг хотын даргад олгохоор хуулийн төсөлд туссан.

Мөн нийслэлийн Засаг даргын зүгээс зарим нэг эрх үүргээ аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад шилжүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *