УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Ц.Гарамжав нар асуулт асууж, тайлбар мэдээлэл авлаа. Саарал жагсаалтад орох эрсдэл дагуулаад байгаа нэг гол асуудал нь банк бус санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн чулууны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байгууллага гэсэн гурван төрлийн байгууллагын үйл ажиллагаа хянах боломжгүй, энэ талаар эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад оруулах асуудлыг хуульчлах шаардлага үүссэн байна. Олон улсын байгууллагын зүгээс банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор тавьж буй шаардлага нь мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаанд хяналт тавих, мөнгөн гуйвуулга хүлээн авч буй хүмүүсийг бүртгэлтэй холбоотой зөвлөмжийг 2016 онд ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хороо гадаад улсад мөнгөн гуйвуулга хийж буй, мөнгө хүлээн авч буй хүмүүсийн бүртгэлийг сайжруулсан гэв.
Өнөөдрийн байдлаар 538 банк бус санхүүгийн байгууллага, 278 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ тоо сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой байгаа гэдэг мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг өгсөн юм. Тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан тохиолдолд оноож буй шийтгэл нь үр нөлөө багатай байна хэмээн үзэж торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг төслүүдэд тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн оролцогчдыг тогтмол хянаж, шалгахтай холбоотой зохицуулалтыг төслүүдэд тусгаад байгаа аж. Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 2010 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянадаг байна. Хэлэлцэж буй төслүүд батлагдсанаар улсын бүртгэлд бүртгэлтэй 5000 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг хуулийн этгээд, 190 орчим алт, үнэт эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд тус хороо хяналт тавих юм байна. Үйл ажиллагаа ийн өргөжиж буйтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсч байгаа аж.
ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодруулсан гишүүдийн асуултад Монголбанкны холбогдох мэргэжилтэн хариулт өглөө. 2017 онд дээрх 40 зөвлөмжийн 20 нь хангалтгүй гэдэг үнэлгээ авсан бол үнэлгээг ахиулах тайланг 2019 оны 08 дугаар сард хамгаалж 15 зөвлөмжийн биелэлтийн үнэлгээг ахиулсан байна. Өнөөдрийн байдлаар 35 зөвлөмжийн хэрэгжилт “хангалттай” үнэлгээтэй байгаа бол 5 зөвлөмжийн хэрэгжилт “дунд хангалттай” гэсэн үнэлгээтэй байгаа гэв.
Ингээд хуулийн төслүүдтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.