Categories
мэдээ цаг-үе

Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ


УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл хөтөлбөрт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох”-оор заасныг хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 онд баталсан. Уг хуулийг 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч бэлтгэл ажил хийгдээгүй тул 2017 оны эхний өдрөөс эхлүүлэхээр болсон билээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 605 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Гэхдээ хуулийг “гууль” болгох, хуулийг гурилдаж баталлаа гэхчилэн элдэв яриа байдаг. Харин Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын хууль санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх юм байна. Уг хуулийн 4.1.3-т “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэсэн шаардлага байгаа. Манайхан хууль боловсруулахдаа хүртэл ямар нэгэн ашиг сонирхол агуулж байдаг талаар учир мэдэх хүмүүс нь хэлдэг. Тэр бүү хэл өөрт нь таалагдсан шийдвэр гаргаагүй болон өөрийнх нь эсрэг зүйл ярьсан бол ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандан хууль боловсруулах гээд зүтгэчихдэг тал бий. Харин үүнийг 4.1.3-аар хориглож байгаа аж.

Удахгүй хэрэгжих Хууль тогтоомжийн тухай хуулийн 11.1-т зааснаар хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлэхээр болжээ. Мөн хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болохоор тусгасан байх юм. Өмнө нь хууль боловсруулан өргөн барихдаа зорилгыг нь чухалчилдаг байсан бол энэ хуулийн хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн өөрийн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, батална гэсэн байна. Ингэснээр уг хуулийн үзэл баримтлал хамгийн чухал болж таарч байгаа юм.

Түүнчлэн 21.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ” гэжээ.

Хуулийн 30.1.2-т нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, 30.1.3-т үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих хэмээн заасан юм. Өнгөрөгч парламентын үед хоёрдмол утга бүхий үг хэрэглэн хуулийн төслөө аль нэг тал руу хэлбийлгэх боломжтой байгааг гишүүд хэлдэг байсан. Тэгвэл үүнийг хуулиар хориглож өгч байгаа нь энэ юм байна.

Мөн хуулийн 48.1-т зааснаар “Хуульд тусгайлан зааж эрх олгосноос бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргахыг хориглоно”, 48.2-т “Хуульд нийцээгүй, эсхүл хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй” байх юм. Хуулиар мөн “Хуульд өөрөөр заагаагүй бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргах эрх хуулиар олгосон этгээд уг эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно” гэжээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болжээ. Мөн хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, хууль тогтоомжийг системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.

Э.ЭНХ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *