Categories
мэдээ нийгэм

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болов DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Уг хуулийн төслийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан юм.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан билээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдох харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судлах, холбогдох арга хэмжээ авах зэрэг зохиуцуулалтыг тогтоолын төсөлд тусгалаа.

Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэх, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг эргэлтэд оруулах, хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн тус Байнгын хороо санаачлан боловсрууллаа гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг гэсний дараа “2023 оны 2 дугаар улиралд багтаан”” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад “эзэмшиж байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох, эсхүл “Зүүнбаян төмөр зам”, болон “Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам” ХХК-д иргэдийн ногдол ашгаар хөрөнгө оруулсан хэмжээгээр хувьцаа эзэмшүүлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төсөлд ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2023 онд нийтийн сонсгол явуулж, сонгон шалгаруулалтаар томилох, компанийн цэвэр ашгийн 10-аас доошгүй хувийг жил бүр ноогдол ашгаар хуваарилах” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ““Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг 34 хувиас доошгүй болгож нэмэгдүүлэх” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс таван толгой” компанийн нийт ашгийн 10-аас доошгүй хувийг жил болгон ноогдол ашиг болгон 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэддээ олгоё, дээр нь 2012 оны 04 сараас хойш төрсөн иргэддээ ноогдол ашиг нэмэгдэл болгож өгье гэсэн зүйлийг тогтоолын төсөлд тусгасан байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болгоод, 1072 хувьцааг эргэлтэд оруулж, ард иргэддээ ногдол ашгаа олгодог, компанийг ил тод, нээлттэй болгох чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт тогтоолоор өгөх юм гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Уул уурхайн биржийн тухай хууль батлагдан гарснаар уул уурхайн салбарыг тойрсон олон асуудал тодорхой болно гэж үзэж байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж тогтоолын төсөл боловсруулжээ. Заяагдмал баялаг буюу байгалийн баялгууд дээр тулгуурласан, үнэ цэнтэй энэ аж ахуйн нэгжүүдээ сайн засаглалтай болгох, олон нийтийн оролцоотой, хяналттай болгох шаардлага байна гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Бид нээлттэй, тайлангаа олон нийтэд тайлагнадаг, 1072 хувьцаа эзэмшигч өөрсдийнхөө төлөөллийг, ТУЗ-ийн гишүүдийг нь томилдог, хэн нэгэн УИХ-ын гишүүдийн ах дүү, хамаатан садан томилогддоггүй, иргэд өөрсдөө ноогдол ашгаа авдаг ийм компанийг л бий болгоё гэж хүсээд байгаа юм гэж хэлсэн.

Хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үе шаттай эргэлтэд оруулах гэж тусгавал зөрүү ойлгогдож, түүнийг хэрэгжүүлэх шатанд зөрчил дутагдал гарах, мөн компанийг хувьчлах гэж байгаа юм шиг ойлголт олон нийтэд өгөх эрсдэлүүд байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн.

Тиймээс УИХ-ын дарга тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ ойлголтын зөрүүг арилган гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөнөөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *