Хуульч өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай сонгуулийн шинэ тогтолцоотой холбоотой асуудлаар ярилцлаа.
-Ирэх сонгууль болон шинээр бүрэлдэх УИХ-ын онцлогийг юу гэж харж байна вэ. Хууль зүйн талаас нь харсан шинэ агуулга таныхаар юу байна вэ?
-Мэдээж, ҮХНӨ орсноос хойш анхны УИХ-ын сонгууль бөгөөд сонгогчид анхны 126 гишүүнийг тойрогт 78, жагсаалтаар 48 гишүүнийг сонгон, төрийн эрх барих-хууль тогтоох байгууллагаа сонгох нэн чухал сонгууль болно. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг дагаж СЕХ-ноос батлагдсан журмын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Харин энэ удаагийн сонгууль нь Үндсэн хуульд заасан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангаж явагдах эсэх асуудал санаа зовоож байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, дээрх хуулийн өөрчлөлт зэргийг сурталчлан таниулах үйл ажиллагаа туйлын хомс байна. Санал өгөх процесс бол иргэдийн хувьд дөрвөн жилд нэг удаа төрийн үйл хэрэгт оролцож байгаа бодит оролцоо тул маш хариуцлагатай байхыг анхааруулж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн сургалт сурталчилгааг өргөн хүрээнд явуулах хэрэгтэй гэж үзэж байна. МХХ нь 7000 гаруй гишүүдтэй бөгөөд 5500 орчим нь хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой хуульч, өмгөөлөгч нар байдаг тул хөндлөнгийн хуульч, эрх зүйч нарын хүчийг зөв зүйтэй зүйлд чиглүүлээсэй гэсэн бодол төрж байна.
Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа бөгөөд үүнээс өмнө өөрсдийн давуу байдлыг ёс зүйгүй ашиглах нь сонгогчдын сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход хүртэл сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.
Нөгөө талаар Сонгогчдод УИХ-д төлөөллөө сонгох шийдвэр гаргахад олон төрлийн худал, үнэн нь тогтоогдоогүй мэдээллээр улс төрийн намууд болон нэр дэвшигчдэд сөргөөцөлдөөд эхэлбэл сонгогчдод шийдвэр гаргахад бэрхшээл учрах нь дамжиггүй. Сонгогчдод өөрийн тойрогт нэр дэвшигчдийн талаар мэдээлэлд хэрсүү хандах нэг боломж байгааг мартаж болохгүй. ҮХНӨ болон Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Улс төрийн намуудыг төрийн институтын түвшинд авч үзсэн тул уг нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа болох гэж байгаа анхны сонгуульд улс төрийн намууд төрийн институтын нэг хэсэг болсон гэдгээ ухамсарлах ёстой. Улс төрийн намууд, нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөр нь бусад нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр зэргээс юугаар ялгаатай болохыг, цаашид хөгжлийн ямар бодлого баримтлах болон ирэх дөрвөн жилийн богино хугацаанд бодитой юу хийх боломжтой зэргийг үндэслэл, нотолгоотойгоор иргэддээ сурталчлан таниулах, иргэдийг сонгуулийн санал өгөхийн ач холбогдлыг сурталчлах ажлыг оновчтой зохион байгуулж, сонгуулийн соёлыг, улс төрийн цэвэр өрсөлдөөнийг намууд болон дотооддоо зохион байгуулах нь зүйтэй. Сонгууль хүртэл дээрх ажлыг оновчтой зохион байгуулах боломжит хугацаа байна гэж үзэж байгаа тул ковид цар тахлаас хойш хайртай хүмүүсээ алдсан, эдийн засгийн хувьд сэргэж амжаагүй байгаа бизнесийн байгууллагуудынхаа нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байх талаас нь анхаарахыг хүсч байна.
-Тэгвэл сонгогчид өөрсдөө юуг анхаарах ёстой вэ?
-Хувь хуульчийнхаа хувьд иргэд сонгогчид маань хууль тогтоох байгууллагын төлөөллөө сонгож байгаа гэдгээ анхаарч, улс төрийн нам харгалзахгүйгээр хууль эрх зүйн чиглэлээр мэргэшиж ажиллаж байсан нэр дэвшигчийг сонгох нь ирээдүйн улс орны амьдралд тустай гэж санаж байна. Харамсалтай нь одоогийн УИХ буюу хууль тогтоох байгууллагад нэг ч хуульчийн тусгай зөвшөөрөлтэй хуульч байхгүй байгааг зориуд сануулъя.
-Сүүлийн сонгуулиудад царцааны нүүдэл иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн асуудал их яригдах болсон. Энэ зүй ёсны асуудал мөн үү, хуулиар зохицуулагдсан харилцаа мөн үү?
-Энэ удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг хоёр цаг хугацаагаар зохицуулсан байгаа. Иргэдийн хувьд 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөн хийж болохоор зохицуулсан. Өмнө нь сонгуулийн жилийн хоёрдугаар сар дуустал хугацаагаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байсан бол энэ удаад хоёр сараар сунгасан гэсэн. Мэдээж энэ нь эерэг болон сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт амьдардаггүй иргэд олноор шилжилт хийлгэн ирж санал өгөх нь тухайн орон нутгийн байнга оршин суугч иргэдийн сонгуулийн саналыг бодитоор тооцоход сөрөг нөлөөтэй болж байгаа хэрэг. Эерэг тал нь монголчуудын асуудлыг хойш нь тавьдаг зантай холбоотойгоор хойшлуулсан.
Хуулиар зохицуулсан бас шилжилт хөдөлгөөн хийх боломжит хугацаа бол нэр дэвшигчдийн Сонгуулийн менежер, шадар туслах болон Сонгуулийн үеэр ажиллах Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан; Мэдээллийн технологийн багийн гишүүн; Мэдээллийн технологийн даамал; Санал авах байр болон сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нарын төрийн алба хаагч нарын шилжилт хөдөлгөөнийг 2024 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс өмнө хийж болохоор хуульд өөрчлөлт орсон байгаа юм. Энэ бол оновчтой зохицуулалт гэж харж байгаа. Учир нь өмнө нь сонгуулийн үеэр ажилладаг дээрх ажилтнууд албан үүрэгтэй холбоотойгоор хоёр жилд нэг удаа эдэлдэг сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх тохиолдол их байсан юм.
-Сонгуулийн зардлын асуудал их анхаарал татаж байна. Нэг нэр дэвшигч 1.3 тэрбумаас зардлаа хэтрүүлж болохгүй гээд шууд зарлачихлаа. Үүний сөрөг, давуу тал юу байна вэ?
-Энэ сонгуулийн зардлын асуудал хамгийн чухал асуудал болоод хувирчихлаа. СЕХ-ноос сонгуулийн зардлын дээд босгыг 1.3 тэрбум гээд зарласан. Шууд утгаараа энэ хэмжээний зардал гарах нь тодорхой гэж тооцож энэ босгыг зарлаж байгаа хэрэг. Уг нь Хуулиар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно гэж заасан. Гэтэл одоогийн байдлаар улс төрийн намын санхүүжилтийн оновчтой тогтолцоо бүрдээгүй. Сонгуулийн зардлыг хандив, нам болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр бүрдэнэ гэж заасан тул өнөөгийн нөхцөлд шууд утгаараа сонгуулийн зардлаа шийдвэрлэж чадах л хүнийг нам, эвсэл нэр дэвшүүлэх нөхцөл байдал үүсч байгаа.
2019 оны ҮХНӨ-өөр Улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж заасан боловч энэ удаагийн сонгуулиар сонгуулийн зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул ҮХНӨ-өөс хүсч байсан үр дүнгээ харах боломжгүй л болж байна гэсэн үг.
-УИХ-ын гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татаж чадахгүй. Хуулиар хамгаалагдсан тогтолцоо өнөөдөр ч бий. Шинэ парламент үүнийг хийж чадах нь уу?
-Энэ хамгийн чухал асуудал юм. Нэр дэвшигч хууль бус сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал орхигдсон байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй байна. 2016-2020 оны УИХ ч, 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ч энэ асуудлыг зохицуулахгүй өнгөрч эс үйлдэхүй гаргаж байсан. Энэ удаад ч УИХ 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ч дахин хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зохицуулалтгүй орхисон байгаа. Аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар хууль зөрчсөн асуудал тогтоогдсон нэр дэвшигч буюу төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах зохицуулалт байдгийг санаж байгаа байх.
Харин энэ удаагийн УИХ нь өмнөх УИХ-ын нэгэн адил УИХ-ын гишүүд нэгэнт тангараг өргөсөн бол эгүүлэн татах асуудлыг хуульчлаагүйг “жинхэнэ хуулийн цоорхой” гэж хэлэхээс яахав. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ эрх, мэдлийн төлөө ҮХНӨ-ийг хэдэн ч удаа хийсэн билээ дээ. Баахан ариун гэгээн зүйл ярьж ҮХНӨ, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэсэн атлаа хууль бусаар өрсөлдсөн нь тогтоогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоог тооцоогүй өнгөрсөн байгаад харамсалтай байна. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчид өдөр тутмын сонин, сэтгүүл гэх мэт албан ёсны эх сурвалж дээр мэдээ, материалаа нийтлэх нь нэр дэвшигчдийн хувьд нэр хүндийг бий болгоод зогсохгүй шударгаар өрсөлдөх, олон нийтийн сүлжээн дэх шиг нэгнийгээ санаатай болон санамсаргүй байдлаар харлуулах технологи зогсох юм. Мөн сонгуулийн зүй зохистой соёлыг түгээж, цаашлаад сонгогчдын боловсролд нөлөөлөх гол хэрэгсэл болох юм.
-Иргэд сонгогч үүн дээр хэрсүү хандаж болно шүү дээ?
-Өөрсдийн давуу байдлаа ашиглаад хууль зөрчөөд ч болов торгууль төлөх төдийхнөөр УИХ-ын гишүүн болоод ав гэх агуулгаар хандаж, энэ удаагийн УИХ төрийг байгуулах үйл хэрэгт эс үйлдэхүйгээрээ гай боллоо.
Ийм болохоор иргэдийн хувьд сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулж байгаа нэр дэвшигч, тэдгээрийн менежер, шадар туслах нар хууль бус үйлдэл хийж байгаа тохиолдолд тухайн хууль бус үйлдлийг баталгаажуулан холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь дараагийн удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуульд УИХ гишүүн тангараг өргөсний дараа ч эгүүлэн татах хариуцлагын тогтолцоог хуульчлах зайлшгүй шаардлагатай болохыг нотлон харуулах баримт болох тул хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Хууль бус аргаар өрсөлдсөн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болсоор, хариуцлагын тогтолцоог хуульчлахгүй энэ байдлаараа үргэлжлүүлээд байвал Монгол Улс цаашдаа Африк, Мяньмарын араас ороход ойрхон байна.
-Улс төрийн намууд сонгогчдын хүлээлтэд нийцсэн нэр дэвшигчдийг нэр дэвшүүлж чадах болов уу?
-Мэдээж иргэд, сонгогчдын хувьд энэ улс орныг хөгжлийн шинэ түвшинд хүргэх улс орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга, чадварлаг боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлээсэй гэж л хүсч таараа. Дээр хэлсэнчлэн, 2019 оны ҮХНӨ болон Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намууд төрийн институтын түвшинд хүрч ажиллах, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан. Гэтэл одоогийн байдлаар улс төрийн намууд Үндсэн хуульд заасны дагуу төрийн институтын түвшинд, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөж, хэвшүүлэн ажиллаж байна уу гэдгийг хуульчид, иргэд анхааран харж байна.
Ядаж л улс төрийн намууд 2019 оны ҮХНӨ батлагдсаны дараа Улс төрийн намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан уу гэдэг асуудал гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын дүрэм нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байх ёстой. МАН болон АН дүрэмдээ өөрчлөлт оруулаагүй байгаа бөгөөд харин ХҮН-ын хувьд 2022 онд өөрчлөлт оруулсан боловч гишүүд нь эхнээсээ ардчилсан, шударга биш байгаа учраас намаасаа гараад эхэлж байгаа жишээнээс харж болохоор байна. Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан нь Улс төрийн намууд бодит байдалд ҮХНӨ болон УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж болзошгүй байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулиар нам гишүүдээ ялгаварлахгүй байх, гишүүддээ тэгш боломж олгох, намын дотоод асуудалд аль болохоор нийт гишүүдийн оролцоог хангах суурь зарчмуудыг тогтоосон. Харин УИХСтХ-иар Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах болон намаас нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар, олонхын саналаар шийдэх зэрэг зарчмыг тогтоосон. Гэвч төлөөллийн төв байгууллага нь намаас нэр дэвшүүлэхийг шийдсэнээрээ намын жирийн гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж нь хязгаарлагдахаар байна. Намын жирийн гишүүд өөрийнхөө, эсхүл намын бусад гишүүдийг нэр дэвшүүлэх боломжийг аль болох өргөн хүрээнд хийхгүйгээр “ялгаварлахгүй байх”, “тэгш боломж олгох”, “гишүүдийн оролцоог хангах”, “иргэдийн сонгох, сонгогдох эрхэд үндэслэх”, “олонхын саналаар шийдэх” олон зарчмууд хэрэгжихгүй. Намаас нэр дэвшүүлэх асуудалд гишүүдийн нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш оролцох боломжийг хангахгүйгээр иргэдийн сонгох, сонгогдох эрх, эвлэлдэн нэгдэх эрх ч хамгаалагдахгүй. Нийтээрээ, шууд, чөлөөтэй сонгууль өгөх зарчим нь намаас нэр дэвшүүлэх харилцаанд мөн адил байх ёстой шаардлага бөгөөд үүний хэрэгжилтийг хангаж чадахгүй бол ҮХНӨ-ийн үзэл санааны бодитой өөрчлөлт гарахгүй. Хуульчийн хувьд ажиглахад улс төрийн цэвэр өрсөлдөөнийг өрнүүлэх замаар, нэр дэвшигчдийг тодруулах санаачилга аль ч улс төрийн намд ажиглагдахгүй байна. Технологи хөгжсөн өнөө үед намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс улс төрийн намууддаа ҮХНӨ-д оруулсан үзэл санааг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй гэж үзэж байна.
Б.ЭНХЗАЯА