Замын цагдаагийн газар, Монголын залуучуудын холбоотой хамтран “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Удахгүй зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо.
Харин энэ өдрийг угтаж, дээрх байгууллагууд жолооч нарт “Хүүхэд зорчиж байна” гэсэн наалт автомашин дээрээ нааж зорчихыг уриалж байна. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд жолооч нар нэгдэж буйгаа илэрхийлэх аж.
Дашрамд дурьдахад 2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. 2014 оны 04 сард улсын хэмжээнд 8 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 51 хүүхэд гэмтэж байсан. 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалж амь насаа алдсаны 27 хүүхэд нь хөдөө орон нутгийн замд зорчиж яваад амь насаа алдсан байна.