Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын танин мэдэхүйд тодорхой хэмжээнд дэмжлэг болох зорилготой “49 дүгээр гудамж” нэртэй театр байгуулагджээ. Нэрнээсээ эхлээд хүмүүсийн сонирхлыг татах уг театрын нэрний учрыг лавлахад “Эвийн бэлгэдэл болсон эвтэй дөрөв, есөн эрдэнийн бэлгэдлийн ес гэсэн утгыг илэрхийлж байгаа” гэсэн юм. “49 дүгээр гудамж” театр 200-250 хүний суудалтай бгөөд урлагийн бүхий л чиглэлээр бэлтгэл хийх зориулалттай бага танхимтай. Үүдээр нь оруут л театрт тавигддаг бүхий л шаардлагыг хангасан орчин, сонгодог урлагийн мэдрэмжийг хэнд ч төрүүлэхээр дотоод засалтай ажээ. Хүлээлгийн танхим, кофены булан, амралтын булан гээд хаашаа л харна бүх зүйлийг хоорондоо уялдаатай, утга учиртай байхаар тохируулжээ. Монголд хүүхдэд зориулсан хувийн анхны театр гэдгээрээ энэ театр мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.
Хүүхэд, залуусаас бүрдсэн 35 жүжигчинтэй бөгөөд энэ сарын дундуур жүжгээ тавьж уран бүтээлээ албан ёсоор эхлүүлэх юм байна. Уг театрын Уран сайхны зөвлөлийн даргаар МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, найруулагчаар нь СТА Д.Саранхүү, зураачаар СТА Б.Тэгшсүрэн нарын авьяаслаг уран бүтээлчид ажиллаж байна. “Монгол оркестр” ХХК ийм төсөл эхлүүлэх санаачлагыг анх гаргажээ. Тус компанийн захирал Н.Батсуурь “Бид ирээдүйн хүүхэд залуучуудад соёлын боловсрол олгох мөн гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урлагийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тус зорилгынхоо хүрээнд “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрыг ашиглалтад орууллаа. Бидний театрт хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн бүх төрлийн үзвэр үйлчилгээ, урлагийн бүтээлүүд төрөн гарах боломжтой.Эх орны минь ирээдүйг цогцлоох хүүхэд залуусын танин мэдэхүйд тодорхой хэмжээнд дэмжлэг болох театр байгуулсандаа нийт дэмжигч гишүүд, “Сибэ” ХХК, “Электрон найз” ХХК, “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Энхманлай болон бидний хамт олон туйлын баяртай байна” гэсэн юм.
Т.АНИМАА