Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд эмэгтэйчүүд

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “Хүүхэд ба эмэгтэйчүүд” хэсгээс толилуулж байна.

ХҮН НЭМБЭЛ…

Чингис хааны намтар цадигаар бүтээл туурвигч, ялангуяа гадаадынхан түүний намтрын хоёр үеийн зохиолынхоо шийдвэрлэх сюжет болгон авдаг. Юуны өмнө Есүхэй баатар Өүлэн эхийг авааль нөхрөөс нь булаан авсны дараахан мэндэлсэн Тэмүжинийг тойрсон ёс суртахууны эргэлзээ орно. Түүнийг мэргэдийн Чилэдү бөхийн хүүхэд байж мэднэ гэсэн хар, гомдол Есүхэй баатар болон монгол аймгуудаар дүүрэн мэтээр харуулдаг. Чингис хааны ууган хүү Зүчи мөн л эхийгээ олзноос суллагдсаны дараа төрдөг нь хаан эзнийг сэтгэлийн гүн зовлонд унагаж байгаагаар дүрслэгдэнэ.

Үнэн хэрэгтээ тал нутгийн ёс суртал гадаадынхны төсөөлснөөс өөр юм. Дэлхийн хамгийн олон хүнтэй Нангиад гүрний хажууд үеийн үед оршиж ирсэн тоо цөөхөн монголчуудад хүн шиг үнэтэй юм байхгүй. Ийм учраас мэндэлж байгаа хүн бүгдийг хүндэтгэн хүлээн авч “Хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн бэлгэшээдэг.

Өөр эцгийн болон гэрлэлтээс өмнө төрсөн хүүхэд нийгэмд гадуурхагддаггүй. Ээжийгээ хадамд гарахаас өмнө төрсөн хүүхдийг “гал дээр гарсан зээ” хэмээн харин ч хүндлэн үзэх ба өвөө эмээгийнхээ өв хөрөнгийг эзэмших онцгой эрх эдэлнэ. Эцгийн талаар эргэлзээтэй намтар дагуулсан удирдагчид Чингис хаанаас Х.Чойбалсанг хүртэл маш олон байсан. Үүнийх нь төлөө тэднийг хэн ч буруутгаж үзсэн удаагүй юм.

Хүүхэд төрж байх, эрүүл энх өсч бойжих нь монголчуудын хувьд тусгаар тогтнолын баталгаа байлаа. Хүүхдийг хайрлах, тэднийг баярлуулах нь үндэстний нийтлэг чанар юм. Шашны баяр ёслол, буяны будаалга зэрэгт хамгийн түрүүн хүүхдэд бэлэг өгөх явдал орно. Танихгүй айлд орж ирсэн хүүхдийн гарыг болж өгвөл цайлгаж гаргана. Аялан явах зуур тааралдсан хүүхдүүдэд чихэр жимс тараан баярлуулах уламжлал өнөө ч үргэлжилсээр. Хүмүүнлэгийн үйлсийн нэгдүгээрт “Хүүхэд, нохой хоёрыг баярлуулах” хэмээн бичигдсэн байдаг.

Хүүхдийг бурханд ойр, тэнгэрлэг чанараа хадгалж байдаг гэж итгэх тул шашин шүтээний хориг, янз бүрийн цээрийг зөрчсөн ухамсаргүй зүггүйтлийг ч уучлан үзнэ. Үзэх төдийгүй цаанаасаа, бурхад ба газар лусын эздийн зүгээс хүүхдээр дамжуулан хийлгэж буй үйл хэмээн үзнэ. Тухайлбал, эхнэр, уйланхай хүүхэдтэй айлын хөл хорих тэмдэг болсон дээсийг хүүхдүүд тоглоод эвхээд хаясан байвал түүнийг цээрийг цуцлах цаг болсны тэмдэг гэж үздэг.

Түүнчлэн хожмын хэрэг явдлыг гэсэн хүүхдийн зөн совин, хандлагаар зөгнөн харах нь түгээмэл. Ялангуяа багачуудын бие биедээ өгч байгаа “хоч” нь түүний хүн болж төлөвших араншин, хожмын заяаг тодорхойлдог гэж үзэх нь буй. Өнөөгийн Монголын Бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц багадаа “лам” хочтой байснаа ихэд бэлгэшээн дурссан байдаг.

Нүүдэлчин монголчууд хүүхдийг нь баярлуулсан зочин, хөршийг ихэд үнэлдэг. Эсрэгээрээ хүүхдийг нь гомдоосон, ялангуяа хуурч мэхэлсэн этгээдийг ерийн нэг луйварчнаас илүү гэм буруутайд үздэг уламжлалтай.

Энэ утгаараа хүүхдийг баярлуулах, хохирсон хүүхдийг өмөөрөх зэрэг нь олон нийтийн сэтгэл санаагтатсан сайн үйлсийн эхний эгнээнд бичигддэг тул улстөрчид ч анхаардаг.

Олон хүүхдийн зураг. Соц үеийн, одоогийнх ч болно. Монголын ирээдүй энэ гэсэн утгатай: Монголд байсан аливаа төр, улс төрийн тогтоцбүр “хүүхдийг жаргааж байгаа” гэдгээр биеэ сурталчлах дуртай.

БНМАУ-ын орос бэр Анастасия Ивановна Цеденбал Филатова бээр хүүхдээр дамжуулан монголчуудын сэтгэлийг татах ажлыг үзэл суртлын өндөр хэмжээнд хийж чадсан улстөрчийн нэг юм. Хүүхдийн төлөө Фонд гэдгийг байгуулан төсвийн мөнгөнөөс татах, ажилтан албан хаагчдыг сар, өдрийн цалингаа албан журмаар хандивлуулах арга авах зэргээр хөрөнгө төвлөрүүлж Хүүхдийн парк, Найрамдал зуслан барих ажлыг удирджээ. Олон хүн түүнийг Монголын хүүхдэд зүрх сэтгэлээ өгсөн, хэрвээ Анастасия байгаагүй бол Монголын хүүхдүүд тоглох, амрах газаргүй үлдэх байсан гэдэгт өнөө хүртэл итгэсээр байдаг юм. Үнэн хэрэгтээ тэрээр монголчуудаас маш их сэжиглэдэг, Ю.Цэдэнбалыг монгол хүнтэй гар барьсны дараа гарыг нь спиртээр цэвэрлэж байхыг шаардсан баримт үлджээ. Түүнчлэн хүүхдүүдээ “халдварт өвчин авчихна” гээд монгол багачуудад хавьтуулдаггүй байсан учир хөвүүд нь монгол хэл сураагүй үлдсэнийг гэрчлэх тэмдэглэл нь ч буй бөлгөө.

ГЭРИЙН ЕРӨНХИЙ САЙД

Нүүдэлчдийн жендерийн асуудал өвөрмөц бөгөөд гэр бүлд эмэгтэйчүүд, эхнэрийн эзлэх байр суурь чухал. Хэдийгээр “Авгайдаа толгойгоо мэдүүлсэн” хэмээх шүүмжлэлт хэллэг байдаг ч гэсэнтусгай утгаар хэрэглэгддэг. Энэ нь өөрөө улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах чадвар султай эрийг хэлдэггүй. Харин өөрийн аав ээжийг харж үзэх, юм илүүчлэх тал дээр учир дутагдалтай “ачлалгүй” хөвүүнийг онцлон нэрлэдэг үг юм. Түүгээр ч барахгүй татгалзахад хэцүү санал, буцаахад амаргүй наймааг ч гэсэн “Авгай дургүйцээд байна” гэсэн үндэслэлээр амархаан шийдэж болдог. Хэн ч, хэнийг ч эхнэрийнх нь дургүй үйлийг албадан хийлгэх эрхгүй гэсэн мораль тал нутагт уламжлан ирсэн нь өнөө ч бий.

Эхийн санаа, эхнэрийн үгийг сонсож, аливаа шийдвэрийг түүнтэй уялдуулан гаргадаг нь монголчуудын мянганы уламжлал. Чингис хаан бээр Өүлэн ээж ба Бөртэ хатныхаа өгсөн санамж зөвлөлгөөг үндэслэн голлох шийдвэрүүдээ гаргаж байсныг “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг.

Нүүдэлчин монгол эрхүн ерөнхийдөө гэр бүлийн бэлгэ тэмдэг, ерөнхийлөгч маягтай орших ба нүүх буух шийдвэр гаргах, наймаа худалдаа хийх гэхчлэнгийн ерөнхий эрх эдэлнэ. Гэхдээ худалдаа наймааны эрх мэдэл нь сайн морь, гаанс хөөрөг сэлтийн хүрээнд эргэлдэнэ. Ер нь бол адуу нь унаа, тээврийн хэрэгслэл гэхээсээ илүү гоёлын мал, хүч чадлын бэлгэдэл талдаа түлхүү. Нарийндаа хүүхэд унадаг номхон морь руу ороод ирэхээр эхнэрийн санал хэрэгтэй болно. Харин ашиг шимийг нь шууд хүртдэг саалийн үнээ, хонь ямаа бол эхнэрийн хариуцсан салбар болоод явчихна. Ямар үнээ хөгширч идшинд явах цаг болсон, аль хонь сувайраад байгаа учраас гаргаж хэрэглэх нь зүйтэй, ихэр удамтай хонь худалдаж авбал зүгээр зэргийг гэргий л хэлж өгнө. Ерөнхийдөө адуу, гаанс зэргээс бусад эд баялаг, барааны нөөц хэмжээг эрчүүд мэдэхээсээ мэдэхгүй нь их бөгөөд “манайд ийм тийм юм байгаа юу” гэсэн асуултыг авгайдаа тавих нь түгээмэл.

Ийм учраас монгол эмэгтэйчүүд гэр бүлийн санхүүгийн хамгийн сайн удирдагч гэсэн итгэл түгээмэл. ХХ зуунд иргэншин суурьшсаны дараа ч энэ уламжлал үргэлжилж гэрийн бүхий л санхүү мөнгөө гэргий нь захиран зарцуулдаг, нөхөр нь олсон мөнгө зүгээр л авчраад тушаачихдаг үзэгдэл өргөн байна. Авчирсан мөнгө нь дууссан тухай мэдээлэл сонссон эрчүүдийн “зоригтой” ганц нэг нь “ийм хурдан уу” хэмээн асууж чадах боловч “Тэгээд, би өөртөө юм авчихаа юу” гэсэн асуултан хариултын босгыг давсан нь цөөн гэх.

Харин эмэгтэйчүүдийг хүйсний хувьд ялгаварлан харах зарим өнцөг шүтлэг, ёслолын зарим зүйлд шингэн үлджээ. Тухайлбал, эхнэр хүн гэрийн сүлд хийморийн орон зай болох гол хоймор суухгүй, зарим нэг тахилга шүтээнтэй уулан дээр гарахгүй гэхчлэнгийн. Гэвч энэ нь эр хүний зүгээс эмэгтэй хүнийг ялгаварлаж байгаа хэрэг бус. Харин цаадсүлдний эзэн, сахиусны шаардсан дэг ёсыг хамтдаа дагаж байгаа маягтай ёс суртал болно. Хог шороогоо гэрийн эзэн хүн гаргаж хаявал гэрийн сүлд гутан зайлна гэдэг ёсны цаана ч гэсэн ийм л учирлал байгаа.

Түүнчлэн монгол үндэсний спорт болох эрийн гурван наадам байна. Эхэндээ энэ нь нийт эрчүүдийн үйл хэрэг байсан бололтой. Учир нь сурын харваа, морин уралдаан, бөхийн барилдаан нь монголчуудын цэрэг дайны байнгын бэлтгэл сургуулийн үндсэн хэсэг юм. Энд эмэгтэйчүүд оролцдоггүй нь “Хээрийн сургуулиас эмэгтэйчүүдийг чөлөөлнө. Дайн байлдаанд оролцох нь зөвхөн эрчүүлийн үүрэг байх учиртай” гэсэн энгийн гаргалгаатай. Харин хожмоо, ялангуяа Манж Чин гүрний эзэрхийллийн үеэс хурдан морийг цэргийн насны эрс бус хөвүүд охид унадаг, мохоо сумаар газарт өрсөн “стратегийн бус” шавыг онох болсон зэрэг нь монголчууд цэрэгжлээсээ холдсон, холдуулсан аль алиных буйзаа. Өдгөө эмэгтэй харваачид олноороо цэц мэргэнээ сорих болжээ.

ХХ зууны эхээр Зөвлөлтийн үзэл суртлыг даган орж ирсэн феминист хийрхэгчдэд “Хүнд ихээр дарагдсан, хөөрхий бидний бүсгүйчүүд…” хэмээн дуулалдан босохдоо дээр өгүүлсэн “сиймхий” дээр тоглолт хийхийг оролджээ. Аж ахуйн эрхээрээ дамжуулан гэр бүлийн эрх мэдлийг барьдаг авгайчуудад эсэргүүцмээр олигтой юм олдоогүй учраас айлын хойморт суух, барилдах зэргээр “тэмцэж” байсан ажгуу.

Ёслолд оролцож буй эрчүүлээ хүлээн, хоригтой газар орны хилийн босгон дээр суугаа эмэгтэйчүүд ялангуяа төрийн тахилгат уулыг тахих үед тааралддаг. Тэдэнд доромжлогдсон, гутсан шинж үгүй. Учир нь эргээд гэртээ харихад бүх л эрх мэдэл нь хүлээж байгаа. Эрчүүлдээ гомдох юм алга. Нөхөр нь тэднийг орхиогүй, гадуурхаагүй. Тахилгат овооны цаад эзэн эмэгтэй хүн хүлээж авахгүй учраас нийтээрээ дагаж байгаа юм. Овоо, лусын орон зайг зөв дүрмээр нь тахивал эзэгтэйн мэдлийн мал сүрэг арвинаар өсөх нигууртай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *