Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийн амралтаараа уншихыг санал болгох таван ном

ЕБС-ийн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан “Аз хур” номын дэлгүүрээс таван ном санал болгож байна.

“Хүүхдийн дэлгэрэнгүй нэвтэрхий толь” номоос хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн бүтэц, ургамал,ан амьтны тухай сонирхолтой мэдээллийг авна. Мөн онгоц, машин, гэрлийн чийдэнг хэн бүтээсэн зэрэг танин мэдэхүйн асуултын хариуг олох боломжтой. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой энэ номыг зургадугаар сарын онцлох номын тоонд оруулжээ. Тус ном нь 36430 төгрөгийн үнэтэй.
“Анне Франкийн өдрийн тэмдэглэл”-ийг 9500 төгрөгөөр худалдаалж байна. Энэхүү ном Европын орнуудын дунд болон ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын тоонд багтжээ. Германы фашистуудаас нуугдаж байхдаа бичсэн Анне охины биелээгүй хүсэл мөрөөдөл, амьдралын төлөөх тэмцлийг өгүүлсэн өдрийн тэмдэглэлийг “Болор судар” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан.
“Монголын хүүхдийн богино өгүүллэгийн дээжис” 7900 төгрөгийн үнэтэй. Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, Ц.Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэг, Хүүхдийн зохиолчдын шилдэг, сонирхолтой, ухаарал хайрласан, танин мэдэхүйн өгүүллэгүүдийг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд хүүхдийн зохиолчдын намтрыг хавсаргаснаараа онцлог юм.
Жон Грийн “Бидний оддын алдаа” 9900 төгрөгийн үнэтэй. Энэхүү ном нь Нью-Йорк Таймсын бэстселлер болж байжээ. Хорт хавдраар өвчилсөн Хазел охин хавдрын эцсийн шатандаа Августус Уотэрс гэгч хүүтэй танилцсанаар түүний амьдрал дахин эхэлсэн тухай сонирхолтой сургамжит түүхийг өгүүлнэ.
Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” бүтээл 7900 төгрөгөөр борлуулж байна. Байгаль эх энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь хайр найргүй буцаан авдаг. Нөгөө талаар, аливаа амьтан амьдрахын төлөө зүтгэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлийг цаг үргэлж давж, санах сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах ухааныг олдог тухай чоноор дамжуулсан өгүүлсэн Монголын уран зохиолын сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү номыг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.

Хүүхэд багачуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж эдгээр номыг заавал уншихыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *