Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ фэйсбүүк хаягийг шалгаж, танихгүй хүнтэй найз байвал “UNFRIEND” хийхийг уриаллаа

Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас хүүхдэд холбогдсон гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан ярихдаа Манайд интернет хэрэглэгчийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Монголд хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал алдагдсан. 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн. Харин 2018 оны эхний хагас жилд 279 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Цахим гэмт хэрэг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Бид өнөөдөр интернетийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу? Жишээ нь 2016-2018 Эмо гээд нэртэй Фэйсбүүк хаяг нээгдсэн. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулах цаг болжээ. Та бидний хүүхдийг цахим орчинд огт танихгүй хүн удирдаж, хүмүүжүүлж, садар самуунд уруу татах эрсдэл их байна. Та хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк хаягийг шалгаж танихгүй хүнтэй найз болсон байвал “UNFRIEND” хийгээрэй хэмээн уриалж байна” гэв.

Тус хөдөлгөөнд нэгдэж байгаа дуучин Б.Анхбаяр буюу A cool “Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг хэдий нь болсон. Бид Цагдаагийн байгууллагатай хамтран “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулахаар боллоо. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэхүү хөдөлгөөнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Хөдөлгөөний үйл ажиллагаа маргаашнаас эхэлнэ. Эцэг эхчүүд өөрийн хүүхдийн фэйсбүүкийг шалгаж, тухайн цахим хаягийн найзын жагсаалтыг нь шалгаж танихгүй хүмүүсийг нь найзаас нь хасаарай гэж уриалж байна” гэв.

Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. “UNFRIEND” аян маргаашнаас эхлэн 20 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Б.НОМИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *