Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр сургагч багш бэлтгэж байна

“Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр сургагч багш бэлтгэж байна

Цагдаагийн байгууллагын мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 16-19-ний хооронд зохион байгуулж байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж буй.

Тус сургалтаар Төв аймаг болон нийслэлийн 8 дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн болон хүүхдийн асуудал хариуцсан 60 гаруй алба хаагчид

  • хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ,
  • шинэ үеийн охид хөвгүүдийн сэтгэл зүйн онцлог, хэв маяг,
  • жендэрийн тэгш байдлыг хангах,
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг ялган зүйчлэх,
  • мөрдөн шалгах арга зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг ханган, хамгаалах,
  • гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтоо дээшлүүлж байна.

Тус сургалтыг төслийн хүрээнд бүтээсэн “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сургагч багш бэлтгэх гарын авлагад суурилан явуулж байгаа бөгөөд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор, хууль эрх зүйн багш нар удирдан чиглүүлж, онол практикийн мэдлэг олгож байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент оролцон “Сургагч багшийн сургалтын хүрээнд 60 гаруй алба хаагч, мэргэжилтнийг сургаж байгаа нь бидний хамтын ажиллагааны тогтвортой байдал, урт хугацаанд гарах үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм” хэмээн цохон тэмдэглэлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Эрдэнэбилэг “Сүүлийн жилүүдэд цар тахлын үр нөлөө, бусад хүчин зүйлийн шалтгаант холбоотой гэмт хэрэгт үйлдлийн арга, шинж хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотой хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад биднээс илүү их мэдлэг, ур чадварыг шаардах болжээ” гэв.

Мөн түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төслийн менежер М. Бямбарагчаа нар нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *